Д.Бямбасүрэн: Хорссон хүмүүс л эсэргүүцээд байх шиг

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Д.Бямбасүрэн: Хорссон хүмүүс л эсэргүүцээд байх шиг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдэорж өчигдөр зарлиг гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлсэн. Үүнээс болж олон нийтийн дунд багагүй маргаан  дэгдээд байгаа. Нэг хэсэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан шийдвэр нүдээ, цагаа олсон хэмээн талархаж байгаа бол нөгөө хэсэг нь ялтанд өршөөл үзүүлэх хэрэггүй  гэсэн байр суурь баримталж байгаа юм. Тиймээс энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн байр суурийг сонссон юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлсэнийг та юу гэж дүгнэж байна. Зарим хүн цагаа олсон шийдвэр гэж үзэж байгаа бол зарим нь Ерөнхийлөгчийг буруу алхам хийлээ гэж эсэргүүцэж байгаа?

-Ц.Элбэгдоржийн гаргасан шийдвэрийг би зөв гэж харж дүгнэж байна. Нэгдүгээрт, Монгол төрт ёсны гол зарчим бол хүнийг хүн ёсоор нь үзэх чадвар юм. Хаан хүний 35 эрдмийн дотроос хамгийн дээд нь хайрлах сэтгэл гэдэг шүү дээ. Монгол Улсын нэг Ерөнхийлөгч, нөгөө Ерөнхийлөгчдөө уучлал үзүүлсэн нь маш зөв шийдвэр байлаа. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүнийг ялласан, шүүсэн үйл ажиллагаа нь өөрөө жинхэнэ, шударга ардчилсан зарчимд нийцээгүй. Харин Ц.Элбэгдорж ийм шийдвэр гаргаснаар ардчилсан нийгмийн харилцааны хамгийн зөв алхмыг хийлээ гэж дүгнэх хэрэгтэй болов уу.

-Н.Энхбаярт уучлал үзүүлснээр авлигатай тэмцэх, ардчиллыг дээдлэх үнэт зарчмаасаа ухарч байгаа хэрэг мөн үү?

-Үгүй. Хүмүүс янз бүрээр харж, дүгнэх нь өөрсдийнх хэрэг. Ерөнхийлөгчийн хувьд ганц Н.Энхбаярт биш өөр хүмүүст уучлал үзүүлэх онцгой эрхтэй. Түүний дагуу өмнөх Ерөнхийлөгчөө уучилна гэдэг өөрөө асар том соёл юм. Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал яригдаж байхад зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Тэр тусмаа нэг иргэнийх нь амь дээсэн дөрөөн дээр байхад төрийн тэргүүн хүн уучлал үзүүлэх нь байх ёстой асуудал. Н.Энхбаярын эрүүл мэнд эрс муудсан харагдаж байна лээ. Биеийн жин огцом буурсан, стрессийн улмаас эсийн задрал явагдаж, Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа талаар яриа ч байна. Зарим хүн түүнийг өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг доройтуулсан гэж ярьдаг. Тийм биш юм л даа.

-Улс төрийн тохиролцооны дагуу суллагдлаа гэсэн мессеж тархаад байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН санал хуваахын тулд Н.Удвалыг нэр дэвшүүлж, түүнийхээ шанд Н.Энхбаяр суллагдсан юм биш үү?

-Улс төрийн ямар нэг тохиролцоо байгаа гэж бодож байгаа нь их бүдүүлэг ойлголт юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН анх удаа эмэгтэй хүн дэвшүүлснээрээ улс төр, ардчилал, жендерийн эрх ашиг талаасаа асар том алхам хийсэн. Ийм яриаг гаргаж байгаа хүмүүсийг би сонгуульд ялагдаж, хорссон хүмүүсийн зүгээс дэвэргэж байгаа болов уу гэж харж байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг биз дээ. Ардчилсан нам ч тэр, МАХН тэр авлига, шударга бус явдлын эсрэг хамтдаа тэмцэж, нэг завин дээр сууж яваа хүмүүс шүү дээ. Цаашдаа ч энэ хоёр нам хамтраад авлигын эсрэг тэмцэх байх гэдэгт итгэлтэй байгаа.

-Н.Энхбаяр авлигын эсрэг хүчтэй дуугарч чадах болов уу?

-Н.Энхбаяр баригдаж, хоригдохоосоо өмнө авлигын эсрэг хүчтэй дуугарсан. Тэгэхээр би түүнийг авлигын эсрэг тэмцэхэд хүч нэмж ажиллах байх гэж итгэж байна.

-Намынхан нь Ерөнхийлөгч уучлал үзүүлэх биш цагаатгах ёстой гэсэн байр суурьтай байна лээ?

-Эхний ээлжинд хүнийхээ амийг бодох ёстой. Гэхдээ Н.Энхбаярыг шүүх үйл ажиллагаа хэт тулгасан шинжтэй болсныг тухайн үед телевизор үзэж байсан хүн бүхэн харсан л байх.

-МАХН-ынхан Засгаас гарч магадгүй гэсэн яриа дэгдсэн. Тэгвэл Н.Энхбаяр суллагдчихлаа. Улс төрд ямар хор найруулж, ямар бужигнаан үүсгэх бол гэж зарим хүн болгоомжилж байх шиг?

-Н.Энхбаярыг хоригдож байх үед МАХН-ынхан Ардчилсан намтай хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Монголын нийгэмд бугшсан хорт хавдар шиг болчихоод байгаа авлигын асуудал дээр хоёр намт хамтраад их зүйл хийх байх гэж хүлээж байгаа. МАХН-ынхан Ардчилсан намтай ажиллах, улс орноо хөгжүүлэх бодлого дээр нэгдмэл, гуйвалтгүй байх болов уу гэж бодож байна.

-МАН-ын бага хурал ирэх даваа гаригт болно. Намын даргаа солих асуудал хөндөгдөх байх. Таны хувьд МАН-аас хэн дарга болбол дээр вэ?

-Тэр бол МАН-ын дотоод асуудал байх. МАН-ын Монголын нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг 2008-2012 оноор дуусгавар болжээ. МАН түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэх хамаг хүчээ шавхсан байна. Миний ойлгож байгаагаар МАН-ын улс төрийн философийн гажуудал нь өөрөө өөрийгөө мөхөөж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд МАН гэдэг улс төрийн хүчин Монголын ардчилалд тээг, саад болж ирлээ шүү дээ. Манай нийгэмд үүсээд байгаа хорт хавдар болсон авлига МАН-ын үед цэцэглэсэн. МАН ирэх даваа гаригт Бага хурлаа хийх мэдээ уншсан л даа. Нэг даргыг нөгөө даргаар солилоо гээд өөрчлөгдөхгүй л болов уу.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж