Түмэн тэмээний баярыг үзэхээр цугласан түмний сонирхолыг хамгийн их татсан тэмцээн нь ХасБанкны ивээн тэтгэсэн Шилмэл буур, Тэмээчин сайхан хос шалгаруулалт байлаа. Идэр залуу тэмээчин хосууд өөрсдийн гараар урласан ховор нандин хийцтэй Монгол үндэсний дээлээр гоёж, хамгийн сайхан тэмээгээ унан оролцлоо. Залуу хүний ганган хээнцэр, гал цогтой сүр жавхланг гайхуулсан өвөрмөц тэмцээн болж үзэгч олон түмний нүдийг булаалаа.
Сайхан хосын тэмцээнд Ханбогд сумын Баян багийн тэмээчин хос Х.Энхбат, Д.Батцэцэг тэргүүн байр эзэлж цалин цагаан мөнгөн аяга, алд цэнхэр хадгийн хамт, Шилмэл буур шалгаруулах тэмцээнд Баян багийн тэмээчин Д.Өлзийбатын Улаан буур түрүүлж байгаль орчинд ээлтэй Эко бүтээгдэхүүн болох нарны зайн цахилгаан үүсгүүр, алд цэнхэр хадгийн хамт ХасБанкны Гүйцэтгэх Захирал ноён М.Болдоос гардан авлаа.
М.Болд тэргүүлсэн залуучуудад: “Цагаан барс жилд тэмээн сүрэг нь түм бумаар өсөн төлжиж, элгэн саднаараа эрүүл энх, түвшин амгалан байхын ерөөл өргөж амжилт хүслээ”. Шинийн наймны эл билэгт сайн өдөр олон сайхан зүйлс давхцан байсны нэг нь ХасБанкны хамт олон Ханбогд сумын иргэдэд санхүүгийн үйлчилгээг улам бүр ойртуулан хүргэж Ханбогд салбарын нээлтийн баяраа тэмдэглэсэн явдал байлаа. Шинэ салбарын нээлтийн ёслолд оролцохоор Ханбогд нутгийн тэмээчин иргэд, орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж хүндэтгэлтэйгээр оролцлоо.