Ирээдүйн оточ нар | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Ирээдүйн оточ нар

Өнгөрсөн сарын сүүлчээр Брита­нийн тэтгэврийн хөгшин Кеннет Кро­кер (Kenneth Crocker) зүрхнийхээ мэс заслыг алсын зайн удирдлагатай робот гараар хийлгэсэн дэлхийн анхны хүн боллоо. Далан таван настай хөгшний зүрхний артимийг засах мэс засал доктор Андре Ныгагийн (Andrй Ng) удирдлагаар Лестершир гүнтний хошууны Гленфилд (Glenfield Hospital) эмнэлэгт хийжээ. Ердийнхөөр хөдөлмөр их зарцуулах ийм мэс засал найман цаг үргэлжилдэг. Энэ үеэр мэс засалч зондоо рентген төхөөрөмжийн тусламжтайгаар ажиглан ихээхэн хэмжээний туяаны хордлого авдаг юм. Алсын удирдлагатай робот гар тэр үйлдлийн хорыг аюулгүй болгож өгөв. Бичил зонд эргүүлэг маягаар хөдлөн зүрхний дутагдал гаргаж байгаа эд эсийг замдаа устгаж байлаа.

Энэ бол эмнэлэгт хэрэглэсэн анх­ны робот биш. Тэдний цар хүрээ улам бүр өргөжиж, ололт нь биширмээр болж байна. Машинууд ядрахгүй, алдаа гаргахгүй бөгөөд нэгэн янзын ажиллагаагаа өдөрт мянга ч давтах чадвартай.

Туршилтын роботууд

Эмч болох оюутнуудыг сургахад хамгийн гол асуудал нь практик дадлагыг бий болгох. Амьд хүн дээр гаргаж болохгүй алдаагаа тэд робот манекенүүд дээр хийж дадлагаждаг. 

Нэг тийм “олон талын зориулалт­тай үйлчлүүлэгчийг” Японы Гифу хотын их сургуулийн анагаахын факультетын профессор Юзо Такахашийн (Yuzo Takahashi) удирд­лагаар бүтээжээ. Түүний тусламжтайгаар ирээдүйн эмч нар ховорхон тохиолдох өвчний оношилгоог “өвчтөний яриа” ба биеийн хөдөлгөөнөөр хийдэг. Тухайл­вал ярвайх, мөрөө хавчих зэргээс нь оюутнууд хийж сурдаг гэнэ.

Оюутнуудад жирэмсэн механик эмэгтэй Ноэль (Noлlle) их таалагдана. Уг робот өөрийн хүүхдээ хэдэн цагаас хормын зуур төрүүлэх программтай. Ердийн замаар төрүүлэх үзүүлэлтийг хийхээс гадна Ноэль дээр кесерева хагалгааны туршилт хийхэд нь тусалдаг бөгөөд  палестик хүүхэдтэй. Тэр нь монитортой залгагдаад өөрийн биеийн байдлын талаарх мэдээллийг өгч байдаг гэнэ.

Энэ жилийн гуравдугаар сард япон инженерүүд ирээдүйн шүдний эмч нарыг сургах мөн түүн дээр шалгалт авах Ханако (Hanako) нэртэй  нэгэн шинэ роботыг танилцуулсан байна. Энэ хүн төрхтөн автомат залуу эмэгтэй шиг  дүр төрхтөй бөгөөд түүнийг Сёвагийн их сургуулийн  (Showa University) мэргэжилтнүүд Васедагийн их сургуулийн (Waseda University)  профессор Ацуо Таканишийн (Atsuo Takanishi) удирдлагаар бүтээжээ. Ханако “бүсгүй” өвчтөний байдлыг маш сайн гаргадаг. Хэлээрээ түлхэх эсвэл гэнэтхэн толгойгоо хөдөлгөнө. Бас ч үгүй шүлс ялгаруулж, бөөлжих рефлексийг үзүүлнэ.  Түүнийг бүтээг­чид ирээдүйн эмч нарт нь эмэгтэй хүнтэй эелдэг харьцаасай гээд робо­тыг эмэгтэйн дүрээр хийсэн юм. Жишээлбэл хөхөнд нь хамаагүй хү­рэхээс болгоомжлуулж байгаа аж. Харин хамаагүй газар нь хүрвэл робот ямар авир гаргахыг нууцалж бай­гаа нь ямар ч ааш гаргаж мэдэх бололтой. Ханако залуу гоо бүсгүй ч хиймэл шүдтэй. Хичээлийн дараа багш нь хиймэл шүдийг нь аваад оюут­нуудынхаа үнэлгээг өгдөг ажээ.

Өндөр технологийн ийм роботууд өндөр үнэтэй. Роботыг өнөөдөр 27 мянга орчим ам.доллараар авч болно. Харин Ноэлийн үнэ нь программ хангамжаасаа болоод 3-20 мянган ам.доллар болж байгаа гэнэ. Хэрэв эмчийн алдааны талаар бодох юм бол тэр зардал тийм ч их биш нь мэдээж.

Анагаахад роботыг зөвхөн тур­шил­тын талбай болгон ашиглаж бай­гаа биш. Ухаантай машинууд эмч нартай хамтраад тэдэнд тусламжийг үзүүлж чадна. Тмсук (Tmsuk Robots)  корпораци Кюсюгийн их сургуультай (Kyushu University) хамтран  2005 оны Aichi Expo  үзэсгэлэн дээр эмч ирэхээс өмнө тусламж үзүүлж чадах роботыг танилцуулсан байлаа. Тэр нь тохилог буйдан сандал хэлбэртэй, өвчтөн бие нь эвгүйрээд ирэх үеэр түүн дээр суухад үйлдлээ хийж эхэлдэг. Эхлээд робот эмнэлэг ба түргэн тусламжтай холбогдон тусламж дуудна. Дараа нь тэр өвчтөний зүрхний цохилт ба даралтыг хэмжээд мөн цусанд байгаа хүчилтөрөгчийн хэмжээг тогтооно. Яаралтай тохиолдолд эмч роботын чанга яригч эсвэл цахим шуудангаар өвчтөнд туслах үүргийг роботодод өгч болдог гэнэ.

Tmsuk-ийн бас нэг бүтээл нь робот WL-16RIII. Энэ сайжруулсан тахир дутуу хүний  тэрэг хоёр “хөлтөй”. Өөрийн эзнээ шатаар буулгаад авч явах чадвартай. Хэвтэрт орсон, хөг­шид зэрэг чадваргүй хүмүүст ро­бот маш хэрэгтэй. Тиймээс ч ийм тө­хөө­рөмжийн ихэнхийг япончууд бү­тээдэг. Урт насалдаг ,төрөлт бага энэ оронд ийм техник чухал болоод байгааг япончууд мартдаггүй ажээ.

PEBBLES (Providing Education By Bringing Learning Environments to Students) төсөл нь өвчний улмаас сургуульдаа очиж чадахгүй сурагчийн оронд хичээл номонд суудаг роботуудын ажиллагаанд зориулагджээ.Өвчтөй хүүхэд робо­тоор дамжуулан ангидаа болж байгаа бүх үйл ажиллагааг сонсон үзэх боломжийг тэр төсөл хангах учиртай. Өвчтөй хүүхэд удирдлагаараа ро­ботын гарыг өргүүлж өөрийн асууд­лыг дамжуулах бүр цаашлаад хөр­шийнхөө дэвтрийг ч харж чадна.

Мэдрэмжгүй туслахууд

Харин роботоор хамгийн нарийн ажиллагаа нь эмч нарт мэс засал хийхэд нь тусалдаг үйлдлүүд юм. Мэс засалд хэрэглэж буй  1999 онд бүтээгдсэн “Да Винчи» (da Vinci Surgical System) нэртэй  робот системийн ажиллагааг сонирхоход илүүдэхгүй. “Да Винчи” нь үйлчлүүлэгчийн дээрээс унжсан асар том наймаалж мэт. Мэс засалч түүний тэмтрүүлийг жойстикийн тусламжтайгаар тусгай дурангаар харан ажиллуулдаг. Гурван хэмжилт дүрс нь олон дахин томруулсан байна. Роботын хиймэл “эрхтэнүүд” жижиг зүсэлтээр үйлчлүүлэгчийн биед нэвтрэн маш нарийн ажиллагааг хийдэг. Мэс засалд орогсод аль болох бага цус алдахаас гадна гадны нөлөөний гэмтэл бага авах бөгөөд мэс заслын дараа эдгэрэх нь хурдан. Энэ системийг ашигласнаар хүний гарын  нарийн жижиг ажиллааг явуулах чад­варыг арилгаж байна. 

Виргиниа мужийн Ричмонд хо­тод доктор Уильям Келли (William E. Kelley) 2000 онд “Да Винчи” системийн тусламжтайгаар анхны мэс заслыг хийжээ. Цөсөө авахуулсан 35 настай Кимберли Бриггс (Kimberly Briggs) гэх мэс засал хийлгээд дөрвөн цагийн дараа энэ ер бусын роботын ажиллагаанд зориулсан хэвлэлийн бага хуралд оролцож байлаа. Эмэгтэйг тэргэнцэрээр авчирсан боловч тэрээр инээчихсэн биеийн байдал сайн байгаа гэж хэлж байлаа.

Нью-Йоркийн пресвитерианы эм­нэ­лгийн (New York Presbyterian Hospital) мэс засалчид дээрхи системээр 2002 онд дэлхийд анхных болох эндоскопийн мэс заслыг аорто судасны мэс заслыг хийлээ. Роботын зүрхний мэс заслын төвийн захирал Майкл Аргензиано (Michael Argenziano), тус төвийн ажилтан Крейг Смит (Craig Smith) нар энд анхдагч болжээ.

Манай хойд хөршид энэ алдартай робот мэс засалч дөнгөж 2007 онд орж ирсэн ба анхны мэс засал нь Екатеринбург хотод амжилттай хийгд­жээ. Энэ систем үргэлж шинэчлэгдэн шинэ программуудаар хангагдаж байна.

Лондоны  Империйн коллежийн (Imperial College London) Джордж Милонас (George Mylonas) мэс заслын багажуудын ажиллагааг зүрхний цохилттой тохируулсан программыг 2006 онд бүтээсэн байна. Тийм прог­рамм нь зүрхийг зогсоолгүйгээр мэс засал хийх боломжийг гаргаж ирлээ. Үүнийг хийж байхад мэс засал хийж байгаа эмчид нь зүрхний зураг хөдөлгөөнгүйгээр гарч байдаг ажээ.

Гэхдээ робот мэс засалчийн ажил­лагаа тийм ч баярламаар зүйл биш гэнэ. Флорида мужийн Бренда Гринвей (Brenda Greenway)  гэх эмэгтэй 2003 онд Хувилгаан Жозефа (St. Joseph’s Hospital) эмнэлэгтэй заргалдан нөхрийгөө алчихлаа гэж гомдол гаргажээ.  Доктор Тод Фузиа (Tod Fusia) “Да Винчийн” тус­ламжтайгаар бөөр авах ажиллагаа хийж байгаад санамсаргүйгээр гэдэс­ний аорто судлыг огтолчихсон байв. Эл Гринвей (Al Greenway) мэс заслаас хоёр хоногийн дараа нас барсан байлаа. Мөрдөн байцаалтын явцад тэр эмч  уг системээр ажиллах дадлагагүй байсан нь  тогтоогдсон ба эмнэлгийн удирдлага алдаа гарган түүнийг мэс засалд оруулжээ. Харин энд систем буруугүй, түүнийг удирдсан хүн нь буруутай болсон юм.

Аюулгүйгээр ашиглахад зохион бүтээгчид нь их анхаардаг бөгөөд өнөө­дөр робот мэс засалч өвчтөнийг эмчийн санамсаргүй хөдөлгөөнөөс хамгаалахад зориулагдсан програм­маар хангагджээ.

Роботуудын тусламжтайгаар зөв­хөн Их Британид өдгөө 10 мянга гаруй мэс заслыг янз бүрийн эрхтэнд хийсэн байна. Мэдээж гэнэтийн саатал программд гарах, эмчтэй холбоо тас­­рах зэрэг алдаа машинд гарахыг үгүйсгэхгүй. Гэлээ ч хүний гараар хийгд­сэн хагалбараас роботынх нь ха­маа­гүй өндөр ашиг тустай байна. Огт өөр нэг асуудал гарч ирж байгаа нь роботын тоо ихсэх тусам эмнэлэгийн ажилтнуудын “лааз өшиглөх” нь ихэс­ч байгаа юм. Ер нь бол ямар ч үйлд­вэрлэл автоматчлагдаад ирэхээр ажилдаа муу  хүмүүс нь  шахагдаж бай­даг.

Робот бүтээгч нарын өмнө та­виг­даж байгаа шаардлага ч улам өн­дөрсөж байна. 2010 оны хоёрдугаар сард Пентагон дайны талбараас шарх­дагсадыг зөөх роботын тендерыг зар­лав. Тавхан жилийн өмнө АНУ-ын Батлан хамгаалахын яам Trauma Pod гэх энэ төсөлд 12 сая ам.долларыг гаргаж байв. Тэр робот цогцолборт зөвхөн нэг эмчийн тусламжтайгаар дайны талбарт мэс засал хийж болох өндөр шаардлага тавьсан юм. Одоо энэ төслийг хэрэгжүүлэхээр Калифорнийской SRI International лаборатори ажиллаж байна.

Өнгөрсөн зууны зөгнөлт зохиолч­дын бичиж байсан эмнэлэг, мэс засал өнөөдөр бодит болсон. Гэлээ ч сэтгэл мэдрэлгүй роботуудыг оюун ухаант хүнтэй зүйрлэх нь  утгагүй зүйл билээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 180.235.175.18

gaihaltai yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж