Зарим барааны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Зарим барааны үнэ буурчээ

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 7-р сарын сүүлийн долоо хоногийн ажиглалтаар 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 11 нэрийн барааны үнэ буурсан үзүүлэлтэй байна. Хонины ястай мах килограмм нь дунджаар 7786 төгрөг, үхрийн ястай мах 8700 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2,4 хувиар буюу 214 төгрөгөөр, үхрийн цул мах 1,4 хувиар буюу 143 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байлаа. Хонины ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2,5 хувь буюу 200 төгрөг, хонины цул мах 2,1 хувиар буюу 167 төгрөгөөр тус тус буурсан байна. Хонины махыг “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна. Нийслэлийн төвийн томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх нь 500-600 төгрөгний үнэтэй байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван-Эрдэнэ”, ”Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтантариа” гурилын үнэ 930-1000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Мөн ”Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-850 төгрөг, “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн хямд буюу 775 төгрөг, “Марко”, “Таван-Эрдэнэ” “Хүчит шонхор” “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнэ буюу 850 төгрөг байна. Төмс хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 15,5 буюу 270 төгрөг, манжин 3,0 хувиар буюу 62 төгрөг, хятад сонгино 2,0 хувиар буюу 28 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Харин Монгол гэсэн тодотгол төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооноос өндөр байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж