Дэлхийн уул уурхайн гигант “Rio Tinto” Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг өнгөрсөн даваа гаригт мэдэгдэв. Тэд Монголын Засгийн газар зөвшөөрөл өгөх хүртэл 5.1 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтын ажлаа ийн зогсоож байна гэж тайлбарлаж байгаа. Энэхүү мэдэгдлийн дараа “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшигч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн биржид 20 орчим хувиар уруудав. Дөрвөн жил хагасынхаа доод түвшинд хүртэл унасан хувьцааны ханш Монголын эдийн засаг дахь олон өөрчлөлтийн “луужин” болж магадгүй байгаа. Ам.долларын ханш цойлон, экспорт, импортын хэмжээ огцом буурч, хөрөнгө оруулагчдын царайг барайлгаж мэдэхээр байна. Дэлхийн том компанийн мэдэгдэл, санхүүгийн зах зээл дэх ханшийн савлагаа нь монголчуудын найрлан наадаж, амарч буйг хүлээзнэхгүй, дараа дараагийн үйл явдлуудыг хөврүүлж байна. Харин Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газар энэхүү мэдэгдэлд ямар хариу барих бол.
“Оюутолгой” төсөлд Монголын төрийг төлөөлж буй “Эрдэнэс Оюутолгой” компанийнхан ямар байр суурьтай байгааг сонирхохоор тэднийхийг зүглэв. Үндэсний архивын газрын хойд талын өндөр ногоон барилгад төвхнөсөн “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг өрөөндөө уулзалттай, завгүй байна гэв. Түүний туслах Д.Гэрэлцэцэг “Энэ асуудлыг манайх судалж байгаа. Одоохондоо байр суурь илэрхийлэхгүй гэсэн хариултыг захирал хэвлэлийнхэнд өгч байна” гээд дотогш нэвтрүүлсэнгүй. Мөн Уул уурхайн яамаар ороод цоожтой хаалга мөргөв. Сайд Д.Ганхуяг нь эзэнгүй байлаа. Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт ажлаараа ороод гарсан сурагтай. Дэд сайд, газрын дарга нар ч алга. “Оюутолгой” төслийг хамтран хэрэгжүүлж буй “Rio Tinto” ордын үнэ цэнийн 80 хувийг бүрдүүлдэг гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг түр хойшлуулна гэдгээ 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газартай ярилцалгүйгээр мэдэгдэл хийгээд байхад манай холбогдох хүмүүс асуудалд шуурхай бус хандаж, ажлаа иймэрхүү л хийж байна.
Төслийн санхүүжилтийн нөхцөлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж манай Засгийн газраас тус компанид мэдэгдсэний хариуг “Rio Tinto” ийн барьж буй. Одоо талаар нэг тархсан УИХ-ын гишүүд аравдугаар сард цуглан намрын чуулганаараа л далд уурхайн санхүүжилтийн тухай хэлэлцэн ямар нэг шийдвэр гаргаж таарах нь. Гэвч тэр хүртэл Засгийн газар энэ асуудалд байр суурь илэрхийлэхгүй баймааргүй юм. Олон улсын шинжээчид энэ нөхцөл байдлыг хэдийнэ үнэлж, өөрсдийн дүн шинжилгээг хэвлэлээр мэдээлээд байна. “BMO Capital Market” компанийн шинжээч Тони Робсон “Оюутолгой” төслийн далд уурхайн ажил хугацаандаа эхлээгүйгээс үйлдвэрлэл нь хоёр жилээр хойшлохыг тэмдэглэжээ. Манай төр засаг тодорхойгүй байдал үүсгэн бүтээн байгуулалтын ажлыг нь гацаах тусам “Оюутолгой” төслийн эдийн засагт өгөх үр өгөөж, хүртэх ашиг нь буурч, үнэ цэнэ нь унасаар байх болно. “Rio Tinto” ч энэ зах зээлд олон жил ажиллаж ирсэн туршлагаараа төсөл хэрэгжүүлж буй орныхоо Засгийн газрын шийдвэрт хүндэтгэлтэй хандмаарсан. Тиймээс гацаагаад байх уу, гаталж гарах уу гэдэг дээр хамтын дорвитой шийдэлд хүрэх нь зайлшгүй байна.
-“Rio Tinto” компани Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах хүртэл түр хойшлуулаад байгаа. Энэ нь манай эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
Ч.Хашчулуун (МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор): -Өмнөх 40 жил Монголын эдийн засгийг Эрдэнэт үйлдвэр нуруун дээрээ авч явсны адил дараагийн 40 жилийг Оюутолгойн үйлдвэр авч явна гэсэн тооцоо бий. Оюутолгойн ордыг ашигласнаар дэлхийд хамгийн томд тооцогдох уул уурхайн баяжуулах үйлдвэрийг бий болгох төдийгүй Монголын эдийн засгийн 20 хувийг дангаараа бүрдүүлж, төсөл хэрэгжих хугацаанд өнөөгийн манай улсын ДНБ-ээс гурав дахин их орлого буюу 34 тэрбум ам.долларыг Монгол Улсад бий болгох төсөөлөл байгаа. Тиймээс манай эдийн засагт үзүүлэх нөлөө асар их юм.
“Оюутолгой” төслийн үнэлгээний 80 хувийг газар доорх гүний уурхайн хэсэг бүрдүүлж байгаа. Ил болон гүний уурхай хэсгүүд нь нийлээд төсөөлөгдөж буй үр өгөөжийг өгөх учиртай. Гүний ажил нь өндөр технологи, маш их зардал шаардах учраас эхний ээлжинд дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай. Газар доорх гүний уурхайг ажиллуулах технологийг эзэмшдэг дэлхийн цөөн компанийн нэг нь “Rio Tinto” гэдэг. Тийм учраас энэ нь төслийн хөрөнгө оруулагчаар сонгох гол шалтгааны нэг нь болсон юм.
Одоогоор ордын ашиглалт дөнгөж эхэлж байгаа. Харин ордын гол хэсгийг ашиглахын тулд газар доорх гүний уурхайг ажиллуулах шаардлагатай. Тэгэхээр энэ их хөрөнгө оруулалт нь манай эдийн засагт нэн хэрэгтэй үед хийгдэхээр байгаа юм. Үүнийг зөвхөн ирээдүйн орлого гэж үзэх бус, гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр багассан үед хийж байгаа нь дэлхийн зах зээлийн зүгээс манай эдийн засагт итгэж буйн илрэл болно. Мөн томоохон хөрөнгө оруулалтыг татах, долларын урсгалыг наашлуулах, төгрөгийн ханшийн үнэгүйдлийг зогсооход ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна. Иймээс хий хоосон улстөржилгүй, цаг хугацаа алдалгүй хөрөнгө оруулалтаа хийн, үйлдвэрээ өргөтгөх шийдвэрээ гаргаж урагшлах нь чухал.
Д.Жаргалсайхан (Эдийн засагч): -Нэгдүгээрт, Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаас Монголын эдийн засагт өдөрт оруулж буй сая орчим долларын орлогоо алдана. Ирэх аравдугаар сарын 1 хүртэл энэ бүтээн байгуулалт зогслоо гэхэд 60 сая ам.доллар болно гэсэн үг. Хоёрдугаарт, далд уурхайд ажиллуулахаар тусгайлан бэлтгэсэн, өндөр мэргэжлийн 1000-гаад хүн ажлын байргүй болно.
Гуравдугаарт, манайх руу орж ирэх долларын хэмжээ багассанаар төгрөгийн ханшид нөлөөлж эхэлнэ. Ийм гурван шууд нөлөө байгаа. Түүнээс гадна бондын өгөөж өсөж гадаад зах зээл дэх Монголын хөрөнгө оруулалтын эрсдэл улам нэмэгдэх юм. Энэ бүгд нийлээд манай эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээр байна.
А.Батзориг (“Мандал женерал даатгал” ХХК-ийн Эрсдэл хариуцсан захирал): -Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай улсад орж ирсэн гадаадын шууд хөр өнгө оруулалтын 50 гаруй хувь 2011-2012 онд “Оюутолгой” төслийн хүрээнд хийгдсэн байдаг. 2011 онд манай улсын эдийн засаг түүхэнд хамгийн өндөр буюу 17.4 хувиар өсөж байлаа. Үүнд гадаад эдийн засгийн тааламжтай байдал, түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлсөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засагт ямар их чухал нөлөөтэйг илтгэж байна. Харин сүүлийн үед Оюутолгойн гэрээ жил гаруй хугацаанд шийдэгдэхг үй байгаагаас улбаалан гадаадын шууд хөрөнгө оруулалтын түвшин 2013 оны эхний хагас жилийн байдлаар 30 орчим хувь буурсан нь манай улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж ам.долларын төгрөгийн эсрэг ханш 1500 хүрч чангарсныг бид мэднэ. Цаашид хөрөнгө оруулалтын орчныг Монгол Улсын зүгээс хэрхэн сайжруулах, “Оюутолгой” төслийг тойрсон асуудлыг хэрхэн шийдэхийг олон улсын түвшинд хөрөнгө оруулагчид маш анхааралтай ажиглаж байна. Зөвхөн сүүлийн хоёр хоногийн хугацаанд төслийн далд уурхайн санхүүжилтийг батлах асуудлыг хойшлуулсан мэдээлэл гарсантай холбогдуулан “Turquoise Hill Resuorce” компанийн хувьцааны ханш 23 хувиар унаснаас харагдаж байна. Иймд олон улсын эдийн засгийн байдал тогтворгүй, түүхийн эдийн үнэ уналттай үед хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах нь хамгийн чухал асуудал болоод байна.
Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин