Наймдугаар сард үер ихээр бууна

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Наймдугаар сард үер ихээр бууна

Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Ус цаг уур хүрээлэнгийн цаг уурч Ч.Саран-туяа­гаас тодрууллаа.

-Энэ сард цаг агаар ямархуу байх төлөвтэй байна вэ?

-Энэ сарын цаг агаарын урьдчилсан байдлыг танилцуулахад өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар борооших төлөв ажиглагдаж байна. Харин 2,3-ны өдрүүдэд нутгийн зүүн хагаст 4-нд зарим нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи зарим газраар секундэд 12-14 метр, говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Мөн ихэнхи нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 14-19 градус Их нуруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Харин энэ сарын 3-наас эхлэн нутгийн баруун хэсгээр  дулаарах төлөвтэй байна.

-Манай орны хувьд агаарын чийгшилт харьцангуй багатай байдаг. Харин энэ жилийн зун хур тунадас ихтэй, нэлээд сэр­үүв­тэр болж байна. Тиймээс чийгшилт хангалттай нэмэгдсэн гэж үзэж болох уу?

-Монгол орон дэлхийн хойд хагас дунд өрөгрөгт байрладаг, агаарын чийгшилт харьцангуй багатай. Зуны гурван сард бороо орсноор агаарын чийгшилт ихэс­дэг. Тэр дундаа долоо наймдугаар сард хур тунадасны 80 орчим хувь нь ордог. Харин энэ сард орох борооны нийт хэмжээ нь Баян-Өлгий, Увс, Завханы хойд, Ховдын баруун өмнөд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх нут­гаар олон дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дундажтай тэн­цэх хур тунадас орох төлөв гарч ирж байна. Тиймээс энэ жил агаарын чийгшилт нэмэгдэх хан­длагатай байна.

-Энэ сард хур тунадас ахиу орох төлөвтэй байна гэсэн. Тэг­вэл гол мөрний урсац хэдий хэм­жээгээр нэмэгдсэн байгаа вэ?

-Энэ сард хойд болон баруун зүгийн зарим нутгаар хур тунадас ахиу орох хэдий ч агаарын температур ихэнх нутгаар дулаан байх тул гол, мөрний түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага байна. Тухайлбал, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчим, Орхон голын дагууд, мөн Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, Хангайн нурууны араас эхтэй Хануй, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын эхээр усны түвшин 15-55 см бага байна. Харин Сэлэнгэ мөрөн Хялгант сум орчим, Идэр голын адаг, Алтай нуруунаас эхтэй Ховд, Булган голын адгаар гол мөрний түвшин 25-45 см ахиу байна. Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин бага байгаа ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Мөн сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар борооны улмаас үер буух нөхцөл бүрдэнэ.

-Түр зуурын борооны улмаас үер бууна гэлээ. Иргэддээ сэрэмжлүүлэг хүргэвэл?

-Ойрын өдрүүдэд Туул гол  Улаанбаатар орчмоор усны түвшин хоногтоо 15 см орчим нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэнэ. Мөн ихэнхи нутгийг хамарч орох хур борооны эрчимшлээс хамаарч гол, мөрний усны түвшин нэмэгдэнэ. Тиймээс эдгээр  голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон сэрэмжилж, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад анхааруулж байна.

Б.НАРАНТУЯА

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж