
“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас наймдугаар сарын 2-нд буюу маргааш 19.00 цагт “Битлс”-ийн хөшөөний урд талбайд “Гудамжны халдлагын эсрэг богино юбкатай жагсаал” зохион байгуулах гэж байна. Дэлхийн олон улсад болдог энэ арга хэмжээ нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэл, халдлагаас хамгаалах зорилготой юм. Богино юбкатай жагсаалын талаар “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Золзаяа дараах мэдээлэл өглөө.
-“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь өөрсдийн гэсэн хүрээлэл, гишүүнчлэлтэй. Энэ дагуу өөрсдийн санаачилгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Байгуулагдаад гурван жилийн хугацаа өнгөрөхөд тоочиж хэлбэл нэлээд олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Манай клубт олон салбарын эмэгтэйчүүд хамрагддаг, сүүлийн үед бас залуучууд их оролцож байгаа. Жендэрийн асуудал гэдэг ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. Хүмүүсийн тэгш эрхийн талаарх асуудал хөндөгддөг учраас залуучуудтай хамтарч ажиллаж байгаа. Хүчирхийлэл гэдэг бол зөвхөн хүчирхийлэх биш ямар нэгэн байдлаар ус цацах, эмзэг эрхтнүүдээс илэх, таалах, базах, цохих, гудамжинд явж байхад шүгэлдэх гэх зэрэг нь бүгд хүчирхийллийн нэг хэлбэр. Залуу эмэгтэйчүүдийн хувьд мини юбка өмсөх нь байнгын эрсдэл дагуулж байдаг. Богино банзал өмссөнөөр бусдын хүчирхийлэлд автана гэдэг байж боломгүй. Би юу хүссэнээ өмсч, өөрийгөө илэрхийлэх эрхтэй. Тэгэхээр богино банзал өмссөнөөрөө хэн нэгнийг уриан дуудсан хандлага бол огт биш юм. Мөн ийм хүчирхийллийг харж байгаа хүмүүс зоригтойгоор боль гэж хэлэх зоригтой байх хэрэгтэй. Энэ бол зөвхөн залуу эмэгтэйчүүдийн асуудал биш таны ээж, охин дүү, эгч, магадгүй ирээдүйн охин чинь иймэрхүү хүчирхийлэлд бүү өртөөсэй гэж бодож байгаа бол энэ хөдөлгөөнд нэгдээрэй.
“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клубын хувьд зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулах бус олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг гэнэ. Үйл ажиллагааны чиглэлийн дагуу гадаад улсад болж буй сургалт, семинарт байнга хамрагддаг. Мөн клубын үйл ажиллагааны хүрээнд гишүүдийн чадавхийг сайжруулах сургалт зохион байгуулдаг ажээ.