
УИХ-аас баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 11-р сарын 6-ны өдрийн тушаалаар баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-ын хүрээнд аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд иргэд, даатгуулагчдын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ажлыг зохион байгуулсан аж.
Анх хууль хэрэгжиж эхлэн үед нийтдээ 700 мянган хүн энэ хуульд хамрагдаж ажилласан жилээ нөхөн тооцуулахаар тооцсон бол энэ оны дөрөвдүгээр сарын сүүлд судалгаа нэгтгэгдэхэд нийт 444,9 мянган хүн хамрагдахаар тооцоо гарч. Мөн судалгааг долдугаар сарын 9-ний байдлаар шинэчилж гаргахад бүр багасч 349,3 мянган хүн хамрагдахаар болсон байна.
Одоогоор нийт ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн иргэдээс 85011 иргэний ажилласан жилийг баталгаажуулж, 171943 иргэний материал Цагдаагийн Ерөнхий газар хянагдаж байгаа аж. Үлдсэн иргэдийн материалыг аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс наймдугаар сарын 1-ний байдлаар тасалбар болгон нэгтгэж тус газарт ирүүлэх аж.
Харин хуулийн хэрэгжилт 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болж буйтай холбогдуулан хуулийн хэрэгжих хугацаанаас хоцорсон иргэдэд боломж олгон ХАНХНХ-ын сайдын тушаал гарч 2013 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгахаар болсон байна.
Мөн наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүсэлт гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсч байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болсон байна.