Оёдлын холбоогоор дүрэм хувцсаа бэлдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Оёдлын холбоогоор дүрэм хувцсаа бэлдүүлнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сурагчийн хувцасны асуудлын талаар холбогдох албаныхныг цуглуулж, хуралдсан байна. Тэрээр энэ талаараа “Сурагчийн дүрэмт хувцасны талаар энд тэнд баахан хэрэгтэй хэрэггүй юм ярьцгаасан нөхдүүдийг өчигдөр цуглуулж ярилаа. Ойлголтын зөрүү үүсчихсэн байж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас манай оёдолчид сурагчийн дүрэмт хувцсыг өөрсдөө, дотоодод үйлдвэрлэх бүрэн боломж байна гэх санал тавьсан. Олон эмэгтэйчүүд ажилтай болно. Материалын хувьд ч Монголынхоо ноосыг ашиглах боломж байна гэсэн. Тав зургаан сарын хугацаанд цөөнгүй уулзалт хурал хийсний эцэст Оёдлын нэгдсэн холбоо гэх нэгдсэн байгууллагад захиалгаа өгч, хүүхдүүдийнхээ дүрэмт хувцсыг хийлгэхээр тохирсон. Наадмын өмнө Засгийн газраас үүнд нь 23 тэрбум төгрөгийг шийдсэн. Сая ирэхэд зарим хүмүүс нь жаахан буруу зөрүү ойлголттой болсонд асуудал байна. Нэгдүгээрт, хүмүүс сурагчийн дүрэмт хувцасны үнийг 90-110  мянган төгрөг болно гэж ойлгож. Гэтэл өчигдөр авчраад сонсоход үгүй болох нь тодорхой болсон. Өмнө 1-5 ангийн хүүхдийн хувцас дунджаар 31 мянган төгрөг байж. Харин шинэчлэгдсэн хувцас маань 37 мянган төгрөгний үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, зургаан мянган төгрөгийн зөрүү л гарч. Дунд, ахлах ангийнханы хувцсыг харвал 2000-15000 төгрөгийн зөрүү л гарч байна.

90-110 мянга гээд байгаа нь өөр загвар гарсантай холбоотой юм байна. Өмнө нь дүрэмт хувцас гэхээр өмд, пиджак л хийдэг байсан бол шинээр ноосон цамц гэх мэт боломжуудыг бий болгосонтой холбоотой. Ноосон цамц, дотор талын майк гэхчлэн олон бүрдэл нэмж авахаар бол тэр яриад байгаа 110 мянган төгрөг рүү орж байгаа юм байна. Зүгээр өмд, цамцтай нь хуучин байснаар нь авбал өмнөхөөс 5-10 мянган төгрөгний зөрүү л гарна.

Үүнийг бүхэлд нь бид тав зургаан мянган монгол хүн ажилтай болох, 51 тэрбум төгрөг Монголдоо үлдэх боломж, бодлого гэж харж байгаа.  Гэхдээ өмнө нь урд аваачиж эсгэж оёулчихаад, энд авчирч шахаж байсан цөөн тооны нөхөд эсэргүүцэж, элдэв хэл ам гаргаад байгаа л гэж ойлгож байна” гэв.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж