банкийг Төрийн банкинд шилжүүлээд арав хонох гэж байна. Энэ хугацаанд
хуучин Хадгаламж банкны үйлчлүүлэгчид хадгаламжийн мөнгөө их хэмжээгээр
татаж авч байна гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байгаа. Төрийн банкны
захирал Д.Батсайханаас энэ талаар тодрууллаа.
-Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлэх үйл явц хэр шатандаа явж байна вэ?
-Хадгаламж
банкийг Төрийн банк руу шилжүүлэх үйл явц нэг хоногийн дотор хийгдэж
дууссан. Долдугаар сарын 22-нд шийдвэр гарсан. Долдугаар сарын 23-ны
өглөө 09.00 цаг гэхэд шилжих процедурын эхний алхмаа бид амжилттай
хийсэн. Долдугаар сарын 23-ны 09.00 цагаас эхлээд бүх нэгжүүд маань
хэвийн үйл ажиллагаандаа орсон. Өнөөдрийн байдлаар харилцагчдын зүгээс
ямар нэгэн гомдол санал гарсангүй. Бүх салбар нэгжүүд хэвийн ажиллаж
байна.
-Хадгаламж банкны өмнө үзүүлж байсан бүх үйлчилгээнүүд хэвийн явагдаж байгаа юу?
-Бүх үйлчилгээ хэвийн явж байна. Та аль салбараар, ямар ажилтнаар ямар нөхцлөөр үйлчлүүлдэг байсан яг тэр хэвээрээ байгаа.
-Зарим
сонин хэвлэлээр Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гадагшиллаа гэсэн
мэдээлэл гарч байна. Ганцхан өдөрт гэхэд 30 тэрбум төгрөг гадагшиллаа,
нийтдээ 117 тэрбум төгрөг гарсан гэх тоо байна. Энэ хэр бодитой
мэдээлэл вэ?
-Тийм зүйл огт байхгүй. Зарим хэвлэлээр яриад байгаа
шиг өдөрт 30 тэрбум, нийтдээ 117 тэрбум төгрөг гадагшилсан юм алга.
Шилжих үйл явц эхэлснээс хойшхи долоо хоногийн хугацаанд гадагшилсан
гэдэг ташаа мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Харин ч
нэмэгдэх урсгал ихтэй байна. Өчигдөр л гэхэд 3.5 тэрбум төгрөгийн
хугацаатай хадгаламж нэмэгдсэн байна.
Хадгаламж банкыг Төрийн
банкинд шилжүүлсэн энэ цаг хугацаа нь өөрөө онцлоготой хугацаа байлаа.
Амралт, аялал зугаалгын цаг эхэлсэн, 6 аймаг, 40 гаруй сумдад томоохон
ойн баяр наадмууд болж байна. Хичээлийн шинэ жил, найр наадмын бараа
татан авалт эхэлсэн зэрэг мөнгөн урсгал гадагшилж буй цаг хугацаа юм.
Өмнөх
жилүүдийн энэ цаг хугацаанд ч мөнгө гадагшилж байсан. Гэвч Хадгаламжийн
банкыг Төрийн банкинд шилжүүлсэн эхний 4 өдөр гадагшилах урсгал байсан
бол сүүлийн 3 өдөр хадгаламж шинээр нээгдэх, хадгаламжийн хэмжээ
нэмэгдэх урсгал идэвхитэй байна.
-Өмнөх жилийн өдийд гадагшилснаас их мөнгө гадагшлаад байгаа учраас хэвлэлүүд их тоо тавьж мэдээлсэн байж болох уу?
-Харин
ч өмнөх жилийн мөн үед гадагшилсан урсгалтай харьцуулбал шилжилт
эхэлсэн эхний 4 өдрийн гадагшилж байгаа мөнгөн урсгалын дундаж хэмжээ
нийт хадгаламжийн 0.6 хувиас хэтрээгүй. Тэгэхээр энэ бол банкинд хэвийн л
байдаг үзэгдэл. Банкинд гадагшлах, дотогшлох урсгалыг нэг хувийн дотор
байвал хэвийн гэж үздэг.
Ер нь иргэд, харилцагчид банкны шилжих
процессд их тайван, хүлээцтэй хандаж байна. Ганцхан статистик тоо хэлье л
даа. Төрийн банкны лавлах утаснаас мэдээлэл авсан иргэдийн тоо
нэгтгэсний маргааш өдөр 1502 байсан бол түүнээс хойших өдрүүдэд 936,
126, 51, 48 болж эрс буурсан байна.
-Та зарим хэвлэлээр байр
сууриа илэрхийлсэн. Саяын ярьсныг чинь сонсохоор өмнө нь таны өгсөн
мэдээллээс өөр агуулгатай болоод байна л даа. Хэвлэлүүд хэлснээс чинь
зөрүүтэйгээр мэдээлээд байна уу, эсвэл танай банк болон таны зүгээс
зөрөөтэй мэдээлэл өгөөд байна уу?
-Олон хэвлэл надад хандаж
ярилцлага, мэдээлэл авч байгаа. Манай банкны хувьд олон нийтэд нээлттэй
ажиллаж байна. Асуусан асуултад нь хариулаад л явуулсан. Гэтэл зарим
хэвлэл хэлсэн мэдээллийн агуулгыг гажуудуулах юм уу, эсвэл утгыг нь
өөрчлөх зэргээр нийтэлсэн тохиолдол ганц, хоёр удаа гарсан. Хэвлэлийн
эрх чөлөө биз дээ гэдэг үүднээс хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байна.
-Та өмнө нь ХААН банкинд олон жил ажилласан, банкийг
удирдаж байсан туршлагатай хүн. Төрийн банкинд нэгтгэсэн Хадгаламж
банкны хувьд улс орон даяар олон салбартайгаараа ХААН-тай төстэй. Ийм
онцлогтой банкийг удирдахад өөр менежмэнт шаарддаг уу?
-Улс орон
даяар салбартай банкийг удирдаад явна гэдэг бол бас нэг өвөрмөц
менежмент л дээ. Энэ өвөрмөц менежмэнтээс авч үлдсэн туршлага маань
цаашдаа энэ банкийг аваад явахад хэрэг болох байх. Би гурав дахь
банкиндаа ажиллаж байна. Өмнө нь ХААН банкнаас гадна Хас банкинд
ажиллаж байсан. Банкны системд арав гаруй бил ажилласныхаа дийлэнх
хувийг ХААН банкинд ажилласан байдаг. ХААН банкинд салбарын захирлаас нь
эхлээд орлогч захирал хүртэл арван жил ажилласан байдаг юм. Энэ
хугацаандаа гадны олон удирдлагатай хамтарч байсан. Жишээ нь Япон,
Англи, Америк захиралтай хамт ажиллаж байлаа. Энэ гурван орны банкны
системийн туршлагаас бага сага ч гэсэн хуваалцсан. Намайг Төрийн банкны
удирдлагаар томилохдоо энэ туршлагыг маань харгалзаж үзсэн болов уу гэж
боддог. ХААН банкийг 200 гаруйхан салбартай байхаас нь эхлээд 500 гаруй
салбартай болох хугацаанд бүх шатных нь удирдлагад ажилласан. Мэдээж
энэ туршлага маань цаашид Төрийн банкыг амжилттай удирдан ажиллахад тус
дэм болно байх.
-Өнөөдрийн Төрийн банкны гол үйл ажиллагаа хаашаа чиглэж байна, таны хамгийн их анхаарч байгаа ажил юу вэ?
-Хувийн
банк хоёр хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг. Төрийн банк наймаас есөн
хяналтын дор үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой. Тэр утгаараа Төрийн
банкны үйл ажиллагаа харьцангуй ил тод, нээлттэй байдаг. Тэр хэрээрээ
эрсдлээс ангид байдаг. Эрсдэл бага байдаг гэсэн үг. Ер нь Төрийн банк
ашгийн төлөө гэхээсээ илүү үйлчилгээнд анхаарлаа түлхүү хандуулна.
Иргэдэд үйлчилж байгаа санхүүгийн үйлчилгээг аль болох шуурхай, элдэв
чирэгдэлгүй байлгахад гол анхаарлаа хандуулж ажиллана. Мөн шинэлэг
хэлбэрийн үйлчилгээнүүд нэвтрүүлэх чиглэлд анхаарч байна. Хоёр дахь
анхаарлаа хандуулах өнцөг бол эрсдэлгүй санхүүгийн үйлчилгээ. Аливаа
үйлчилгээ эрсдэлгүй, санаа зовох зүйлгүй байх ёстой. Ямар нэг
эрсдэлгүйгээр санхүүгийн үйлчилгээг хүргэхийн тулд Төрийн банк илүү
хариуцлагатай, дүрэм журмаа мөрдөн ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа.
Дүрэм журмаа биелүүлж, ягштал барьж ажиллах нь бидний чухал зорилт болж
байна. Дүрэм журмаа биелүүлж, хариуцлагатай ажиллаж байгаа банк урт
хугацаанд тогтвортой амжилтад хүрч чаддаг.