Чадахгүйгээс нь авч чаддагт нь өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Чадахгүйгээс нь авч чаддагт нь өгнө гэв

Ерөнхий сайдын долоо хоног тутамд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх “Ерөнхий сайдын 30 минут” өндөрлөлөө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд замын ажлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд хийж чадахгүй хэрнээ урт зам авч, хоёр гурван жил дамнуулдаг явдыг зогсооно, ингэхдээ чаддаггүйгээс нь авч чаддагт нь ажил өгөх зарчмыг барих болно гэдгээ хэллээ. Мөн “Дорнодын замд энэ дутагдал ажиглагдсан тул анхааруулга өгсөн, тухайн компани ажлаа өгсөн хугацаанд хийж чадна гэдгээ амласан. Хэрэв амласандаа хүрч чадахгүй бол дараагийн компанийг оруулах боломж бий. Дорнодынхон арваннэгдүгээр сараас өмнө ашиглалтад оруулна гэсэн. Ажлаа дийлэхгүй байгаа. “Насны зам” компаниас 64 гаруй километрийн замын ажлыг өөр компаниудад шилжүүлсэн. Нааш 173 километрийн замыг “Насны зам” хийхээр байгаа. Нийт 300 гаруй км-ээс 100 нь хатуу хучилттай болчихоод байна.

Баруун чиглэлийн хувьд Увс аймгийн төв хүртэл явсан. Архангайн Чулуутын голыг өнгөрөөд хатуу хучилттай зам дуусч байгаа. Чулуутын голоос цааш Тариат хүртэл 100 км-ийн замыг хийх гүйцэтгэгч байхгүй, ойрын хугацаанд шийднэ.

Үргэлжлүүлбэл, Солонготын давааг давж Тосонцэнгэл хүртэл 127 гаруй км-ийн зам бий. Үүнийг “Хурдны зам” компани аваад ажиллаж байгаа. Энэ замыг дараа жилийн аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ёстой. 

Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 180 км-ийн 67 нь Улиастай талаасаа маш сайн хийгдэж байгаа. Үлдсэн эзэнгүй байгаа замыг 2014 онд ашиглалтад оруулахын тулд ойрын үед хуралдаад шийднэ.

Тосонцэнгэлээс Хяргас нуурын хойд тал хүртэл 300 км-ийн зам мөн эзэнгүй байгаа. 2015 онд ашиглалтад орох ёстой зам. Гүйцэтгэх компанийг нь удахгүй тодруулж, ажлыг нь энэ онд эхлүүлнэ. Хяргас нуурын хойд талаас Улаангом хүртэлх 190 км замын ажлыг өнгөрөгч жилээс эхэлсэн, энэ оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой. Далангийн ажлууд хийгдсэн. 45 км-т нь хатуу хучилт хийгдсэн.

12 аймгийн төвийг нийслэл хоттой холбох ажлыг газар дээр нь үзэхэд иймэрхүү байна. Уулзаж байгаа компанийн захирлууд хугацаанд нь өгнө гэдгээ амлаж байгаа, гэхдээ амлах хийх хоёр чинь ялгаатай гэдгийг анхааруулж байгаа” гэв. 

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж