Мэндчилгээ
Эрхэм хүндэт Багануурчууд аа. Та бүхэндээ зуны дунд сарын нартай сэтгэл тэнийм энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Хийх ажлаа иргэдээсээ асууж, хийсэн ажлаа иргэдээрээ дүгнүүлэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн дүүргийн Ардчилсан Засаг дарга болон түүний тамгын газар байгуулагдаж эрч хүчтэй, иргэдээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэлтэй, амралт, чөлөөт цаг, өдөр шөнийг үл умартан хөдөлмөрлөж эхэлснээс хойш даруй 200 хоног өнгөрлөө. 100 хоног тутам хийсэн ажлаа иргэддээ тайлагнах дүүрэгт маань хэзээ ч байгаагүй менежментийг Шинэчлэлийн Засгийн газрын нэг эд эсийн хувьд шинээр санаачлан нэвтрүүлж байгаа нь шууд ардчилалыг хэрэгжүүлэх нэгэн томоохон алхам болж байна гэж үзэж байна. Эхний 100 хоногийн ажил маань бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл болж байсан бол өнгөрөгч 100 хоног ид бүтээн байгуулалт, хот тохижилтын өдрүүд байлаа. Үүний дээр гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээг бий болгох хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн бүтээлч өдрүүд байлаа. Багануурчууд бид хөгжлийн томоохон алхмыг хийж “Шууд ардчилал иргэний оролцоо”-ны загвар хот болох, “Жижиг дунд үйлдвэрлэлийн парк” хот болох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх их хөгжлийн гараан дээр ирлээ. Тийм ч учраас иргэдийн ирүүлж байгаа санал хүсэлтийг ажил хэрэг болгоход анхааран 863 иргэний өөрийн биеэр хүлээн авч уулзан, 786 өргөдлийг санал авах сувгуудаар хүлээн аван шийдвэрлэж, 11 хэлэлцүүлгийг зохион байгуулсан бол оёдолчдын холбоо бүтээгдэхүүнээ дүүргийнхээ байгууллага аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж эхэллээ. Эрүүл аюулгүй байдлын индексийн нийслэлийн хэмжээнд Багануур дүүргээс эхлэн тооцож, 10,000 модыг “Аз жаргалын төгөл”-д, 4700 модыг гэр хорооллын айл өрхийн хашаанд тарьж, байруудын дундах ногоон байгууламжийн ажлыг хийж байна. Энэ бүхнийг иргэдийнхээ санал санаачлагад тулгуурлан хийж байгаа учраас та бүхэн маань төр засгийнхаа хамгийн итгэлтэй хамтрагч байсны илрэл юм. Тийм учраас та бүхэндээ талархалаа илэрхийлэн шинэ Багануурын төлөө хамтдаа дахин зүтгэхийг хүсье.
Мөн иргэдийн өмнө тулгамдаж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр ажлын шинэ бүтэц шинэ менежментийг нэвтрүүлээд байна. Иргэдээ ажил орлоготой болгохын тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийг хувиараа үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажлын байр ч нэмэгдсээр байна. Бид том зорилго тавин зүтгэж байна. Та бүхэн минь сайн хамтрагч байж оноход минь ташуур өгч, алдахад минь түшиг тулгуур болон санал хүсэлтээ ирүүлэн хамтран ажиллаарай.