Б.Баттөр: Бид бизнесийн цогц шийдлийг санал болгодог

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Б.Баттөр: Бид бизнесийн цогц шийдлийг санал болгодог

“Вагнер Ази
Тоног Төхөөрөмж”
компанийн Уул Уурхйн газар хариуцсан захирал Б.Баттөртэй ярилцлаа.
                                                                                                                                           

“Вагнер Ази” компани групп болон өргөжихөөр болжээ. Энэ
талаар дэлгэрэнгүй яриач?

Манай
компани анх үйл ажиллагаагаа зургаан хүнтэй эхэлж байсан бол одоо 1000 гаруй
ажилтантай болж өргөжжээ. Ажилтнуудын 98 орчим хувь нь монгол залуучууд. Залуучууд
маань туршлагажаад, барууны хөгжилтэй орны техникүүдийн угсралт, засвар
үйлчилгээг хийж чаддаг боллоо.

Өнгөрсөн
хугацаанд компанийн зохион байгуулалтад ч нэлээд өөрчлөлт орсон. Энэ нь Баруунд
явуулдаг техникийн үйлчилгээг харилцагч компаниуд биднээс хүсдэгтэй холбоотой.
Бид барууны хэмжээнд хүрэхийн тулд нэлээд их хөрөнгө оруулалт хийсэн
бөгөөд дөрөвдүгээр
сарын нэгнээс шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн.

“Вагнер
Ази Тоног Төхөөрөмж” компанийн хувьд зөвхөн Катерпилларын машиныг борлуулах,
засвар үйлчилгээг үзүүлэх, сэлбэг хэрэгслийн хангалтыг дангаар хийхээр болсон.
Харин “Вагнер Ази Индустриал” компанийн хувьд “
Powerscreen”, SEM, Manitowoc, Navistar болон AGCO зэрэг тоног
төхөөрөмжийг борлуулна. Гэхдээ ажиллаж байгаа хүмүүс хуучин бүрэлдэхүүнээрээ
байгаа.

Сүүлийн
үеийн тоног төхөөрөмжтэй холбоотой технологийн бүтээгдэхүүний дэвшлийг Монголд нэвтрүүлэх
зорилготой “Вагнер Ази Технологи” компанийг шинээр байгуулсан. Өнөөдрийн
байдлаар баруунд уурхайн бүхий л үйл ажиллагааг компьютерээр удирдаж байна.
Үүнийг тодорхой хэмжээгээр Монголд нэвтрүүлэхээр тус компани ажиллаж байна.
Түүнчлэн техникийн мэдээллийг
GPS-ээр
дамжуулж засвар болоод ажлаа төлөвлөх бололцоотой болжээ.

Түүнчлэн,
“Вагнер Ази Лизинг” гэж компани бий. Манай группийн компаниудын борлуулж байгаа
тоног төхөөрөмжүүдэд лизингийн үйлчилгээ үзүүлэх зорилготой.

“Вагнер
Ази Автомотив” компаний хувьд “
Ford болон “Land Rover” машины
албан ёсны дилер юм. Засвар үйлчилгээгээ цогцоор хариуцдаг.

Бүтцийн
өөрчлөлт орсонтой холбогдож, манай компани уул уурхай, засвар үйлчилгээ, генератор
борлуулах гурван том газартай болсон. Уул уурхайн газрын хувьд борлуулалтаас
гадна засвар үйлчилгээгээ хариуцдаг юм. Томоохон уул уурхайн төслүүд дээр тулж
ажиллаж байна. Үүний нэг жишээ нь “Оюутолгой” компанитай засвар үйлчилгээний
гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Дөрвөн том цахилгаан болон гидер экскаватор
дээр нь бид ажиллаж байна. Манай 50 гаруй залуу “Оюутолгой”-д гэрээгээр ажиллаж
байгаа.


Танай харилцагчид та нарыг барууны түвшинд ажиллахыг
шаарддаг гэлээ. Яаж ажиллана гэсэн үг вэ?

“Рио
Тинто” компанийн бусад оронд байдаг уурхайд тоног төхөөрөмж нийлүүлдэг, ханган
нийлүүлэлтийн компанитай адил хэмжээний үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж
байна. Ер нь уул уурхайн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа  барууны оронд их өөр түвшинд явагддаг. Өмнө нь
бид барилга, замын болон жижиг уурхайнуудтай хамтарч ажилладаг байлаа. Тэдэнд
тоног төхөөрөмж нийлүүлчихээд засвар үйлчилгээний цогц гэрээ байгуулж байсангүй.
Харин “Оюутолгой”-той тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна техник засвар
үйлчилгээний цогц гэрээ хийсэн. Ингэснээр тухайн техникийн бэлэн байдлыг хангаж,
тасралтгүй үйл ажиллагаа явуулах, сэлбэгийг тасалдуулахгүй байхаас гадна мэргэжлийн
боловсон хүчнээр хангаад явчихаж байгаа юм.

Уул
уурхай өндөр хөгжсөн Австрали, Америк, Индонезийн уурхайнуудын ажилладаг зарчим
яг ийм байдаг. Нэг газраас тоног төхөөрөмж худалдаж авахаас гадна засвар
үйлчилгээ, боловсон хүчнээ тухайн ханган нийлүүлэлтийн компаниа авдаг юм билээ.
Ингэснээр тухайн техник ажлын бэлэн байдалд байна. Уурхайн удирдлагууд өөрсдийн
менежментээ хийж, олборлолтын үйл ажиллагааг хамгийн бага зардлаар хэрхэн хийх
вэ гэдэгтээ л анхаардаг гэсэн үг. Техникийн засвар үйлчилгээнд оролцох, сэлбэг
захиалга хийх нь тэдний хувьд хүндрэлтэй л дээ. Тиймээс мэргэжлийн багт даатгах
нь зүйтэй юм. Олон жилийн хувьслыг бид алгасаж, хамгийн сүүлийн үеийн  технологийг, хамгийн сүүлийн үеийн
менежментийг Монголдоо нэвтрүүлэх бололцоотой болж байгаа юм.

Манай
улсад сүүлийн арван жилийн хугацаанд уул уурхай маш эрчимтэй хөгжлөө. Тэр
хэрээр харилцагчид маань биднийг барууны хэмжээнд ажиллахыг шаардаж байна.
Тиймээс ч манай компани өргөн цар хүрээнд, цогц үйлчилгээ өгөх, уул уурхайн
компаниудтай хамтарч ажиллах бололцоог нээж байгаа. Бид зөвхөн тоног төхөөрөмж
борлуулалтаар үйл ажиллагаагаа хязгаарладаггүй. Борлуулалтын дараа тухайн
техникийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор сэлбэг хангалт, засвар
үйлчилгээ, боловсон хүчний сургалт явуулах, техникийн ашиглалтын хугацаа
дуусахад дахин сэргээн засварлалтыг цаг хугацаанд нь хийх зэрэг үйлчилгээг
үзүүлэх бололцоотой болоод байна.

Өөрөөр
хэлбэл, уул уурхайн төсөл, тухайн харилцагчдаа таарсан бизнесийн цогц шийдлийг
бид өгч байна.


Манай уул уурхайн компаниуд “Катерпиллар”-ын ямар төрлийн
машин, тоног төхөөрөмжийг сонирхдог вэ?

Америкийн
“Катерпиллар” компани “Bucyrus”-ыг худалдаж авснаар тоног төхөөрөмжүүдийг цогцоор
нь уул уурхайн компаниудад нийлүүлэх бололцоотой болсон юм. “Катерпиллар”-ыг
өмнө нь хөрсний самосвол, грейдэр, бульдозероор нь сайн мэддэг байсан бол одоо
газар доорх тоног төхөөрөмжүүдээр нь илүүтэй мэддэг болжээ. Энэ нь өрмийн
машин,том цахилгаан экскаватор, гидер экскаваторууд юм.

Өмнө нь томоохон
уурхайн төсөл дээр зайлшгүй хоёроос гурван ханган нийлүүлэгчээс тоног төхөөрөмж
худалдан авах хэрэгтэй болдог байлаа. Учир нь “Катерпиллар”-т энэ бүхэн цогцоороо
байгаагүй. “Катерпиллар”-ын хөрсний
 самосволыг
авчихаад, “
Liebherr, Hitachi, Komatsu”-гийн том экскаваторыг
худалдаж авах жишээтэй. Харин “Катерпиллар” компани “Bucyrus”-ыг худалдаж
авснаар “Вагнер Ази” компани ч “Bucyrus”-ыг төлөөлөх эрх авсан. Ингэснээр манай
уул уурхайн компаниудад тоног төхөөрөмжүүдээ цогцоор нь авах боломж бүрдэж байгаа
юм.


“Катерпиллар”-ын техникийн бүтээмж өндөр байдаг гэж
сонссон юм байна?

Манай уул
уурхайн компаниуд “Катерпиллар”-ын техникийг ашиглаад, онцлог, давуу талыг нь
ойлгодог болсон. Саяхан “Заамар”-ын алтны уурхайн захиралтай уулзсан юм. Манай
ууган харилцагчдын нэг. Анх тэдний компани “Катерпиллар”-ын машиныг худалдаж
авахад маш үнэтэй санагдсан юм билээ. Дааж давшгүй өрөнд орчихлоо л гэж бодсон
гэсэн. Гэтэл одоо эргээд харахад маш зөв хөрөнгө оруулалт хийсэн байжээ гэдгээ
ойлгож байна гэж ярьж байсан. Анхны үнэ өндөр мэт боловч тухайн техникээр үйлдвэрлэл
явуулахад бүтээмж өндөртэй учраас богино хугацаанд олборлолт явуулж, эргээд
нөхөн сэргээлтээ хурдан хугацаанд хийж чаддаг.

Орос,
Хятадын гээд маш олон нэр төрлийн техник манайд байдаг шүү дээ. Тэдгээр нь уул
уурхайн нөхцөлд ашиглалтын хувьд тохирохгүй байгаа юм. Уул уурхайн салбар өөрөө
хүнд нөхцөлд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа нэлээд шаарддаг. Тиймээс тухайн
техникүүд нэгээс хоёр жил ажиллаад эдийн засгийн үнэ цэнгүй болчихож байна.
Харин “Катерпиллар”-ын машинууд өртөгөө аль хэдийнэ нөхчихөөд, цаана нь дахиад
эдийн засгийн үлдэгдэл өртөг үлдсэн байдаг. “Катерпиллар”-ын техникүүд дэлхийн
хаана ч хуучин, шинээрээ борлогдож байдаг. Хөрвөх чадвар сайтай. Тухайн уурхайн
олборлолт дуусахад үлдэгдэл техникээ дараагийн уурхайд борлуулах бололцоотой гбайдаг.
Энэ нь тухайн төслийг улам ашигтай болгож байгаа юм.


Тоног төхөөрөмжийг засварлахад сэлбэг хэрэгсэл чухал.
Сэлбэгээ хэрхэн оруулж ирдэг вэ?

Тийм ээ.
Уул уурхайн компаниудын хамгийн чухал зүйл нь техник хэрэгслийн сэлбэгийн
тасралтгүй байдал. Манайх далайд гарцгүй орон. Тиймээс төмөр зам, автозамаар
сэлбэгээ тээвэрлэдэг. Агаарын тээврээр сэлбэг хэрэгсэл зөөх боломжгүй. Ихэвчлэн
төмөр замаар сэлбэгээ оруулж ирж байна. Хэрэв агаарын тээврээр сэлбэг авах
боломжтой байсан бол үйлдвэрлэгчийн нөөцөөс авчихаж болно л доо. Гэхдээ онгоцны
буудлын нөхцөлөөс шалтгаалж карго онгоц манайд буудаггүй. Иймээс Монголдоо
сэлбэгийн томоохон агуулах нөөц байршуулж байж богино хугацаанд засвар
үйлчилгээгээ хийдэг юм.

Техникүүд
томрохын хэрээр нэг техник сул зогсоход л тухайн уурхайд нэлээд хохирол бий болдог.
Тухайлбал, “Оюутолгой” дээр дөрвөн том экскаватор зогсож байгаа. Нэг нь
ажиллахаа болиход л үйлдвэрлэлийн 25 хувь нь зогсож байна шүү дээ. Өөрөөр
хэлбэл, техникүүд зогсох эрхгүй. Тиймээс сэлбэгийн нөөц агуулахын үйл ажиллагаа
маш чухал. Үүнийг бий болгоход нэгдүгээрт хөрөнгө мөнгө их хэмжээгээр
шаардлагатай, мөн менежмент сайтай байх шаардлагатай. Менежмент сайн байснаар
бид зөв сэлбэгээ сонгон авчирч чадна гэсэн үг.


Танай компанийн менежментийн онцлог, давуу тал нь юу вэ?

Манай
компанийн давуу тал бол боловсон хүчин. Бидэнд 16 жилийн туршлагатай ажилчид
байна. Ууган ажилчдын харьцаа өндөр байгаа нь шинээр ажилд орсон залуучуудыг
сургаж, дадлагажуулахад амар байдаг.

Дэлхийн
хэмжээнд үйл ажиллагаагаараа “
Top-500”-д орсон
байгууллагуудыг хараад байхад “
Six
sigma
” буюу зургаан гамма төслийг компанидаа хэрэгжүүлдэг юм билээ. Манай
компани энэхүү төслийг хэрэгжүүлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хар бүстэй
зургаан мэргэжилтэн бэлдчихээд байна. Ажлыг давхардуулахгүй байх, үр ашиггүй
ажиллахгүй байх, давхардаж байгаа ажлыг илүү нарийвчилж дүгнэлт хийх, үйл
ажиллагаагаа сайжруулах менежмент юм.


Компанийн цаашдын зорилго юу вэ?

Тухайн
уул уурхайн компанид зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлээд зогсохгүй, стратегийн
түнш нь болж, уурхайн бүтээн байгуулалт, төсөлд зайлшгүй байх ёстой түнш нь
болж ажиллах зорилготой байна. Монголдоо бүтээмжийг авчирснаар бид дэлхийд
өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах боломжтой болох юм.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж