Азийн Гран при тэмцээнд БНХАУ, БНСУ, Энэтхэг, Малайз, Хонконг, ОХУ зэрэг 10 орны 160 орчим тамирчид оролцож буй. Баг тамирчид байт харвааны үндсэн төрөл болох рекурв (70 м-т 72 сум), компаунд (50 м-т 72 сум) төрөлд багийн болон хувийн харваанд өрсөлдсөнөөр өнөөдөр медалийн төлөө харвах харваа болж, Азийн гран при тэмцээн өндөрлөнө.
Улаанбаатар хотноо болж буй энэхүү томоохон тэмцээнийг Монголын байт харвааны холбоо, Ази тивийн байт харвааны холбоотой хамтран зохион байгуулж байна. Тэмцээний зохион байгуулах хорооны даргаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, техникийн зөвлөхөөр Азийн байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ум Сан Хо, Ерөнхий шүүгчээр Сингапурын Олон улсын шүүгч Хоонг Мау Жинг ажиллаж байгаа ба Өмнөд Солонгос, Тайвань, Казахстан улсаас Олон улсын шүүгчид урилгаар ажиллаж байна. Тэмцээнийг ССАЖЯ, "Хас" банк, "Нийслэл өргөө" ХК, "ХАА бирж" ТӨХХК болон бусад 20 гаруй байгууллага ивээн тэтгэгчээр ажиллаж буй юм.
Монгол Улсад анхны дэлхийн аварга цолыг байт харвааны төрөлд Д.Дэмбэрэл агсан хүртсэн бол 2008 онд Д.Баатаржав паралимпийн алтан медалийг эх орондоо авчирсан. Мөн Лондонгийн олимпийн наадамд IV байр эзэлсэн, “Хангарьд” клубын тамирчин ОУХМ Б.Урантунгалаг гээд манай байт харвааны амжилт жилээс жилд ахиж буй энэ үед дэлхийн чансааны тэмцээн болох Азийн Гран при тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буй нь дараа дараагийн олон тэмцээний эхлэл болж буйг харуулж байна.
Тэмцээнд БНСУ-ын Чей Хеон Чу (Лондонгийн олимпийн багийн алт), ОХУ-ын Балжинням Цэрэнпилаев (Европын болон дэлхийн залуучуудын аварга) зэрэг хүчтэй тамирчнаар багаа бүрдүүлсэн баг тамирчид өрсөлдөж байгаагаас Өмнөд Солонгосын тамирчид хүчтэй гэдгээ харуулж, шигшээд олон тамирчин нь шалгарлаа. Мөн гадны тэмцээн уралдаанд төдийлөн оролцоод байдаггүй БНАСАУ-ын баг хүрэлцэн ирж, рекурв төрлийн холимог ангилалд хүрэл медаль хүртлээ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2012 оны Лондонгийн олимпод амжилттай оролцсон ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Ж.Гантөгс нарын шилдэг тамирчдаар ахлуулсан 24 тамирчин хоёр төрөлд оролцлоо. Манай шигшээ багийн тамирчдаас холимог болон эрэгтэй баг Азийн Гран при тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна. Мөн эрэгтэй компаундын нэг бүрчлэнд хүрэл медалийн төлөө Л.Мөнхөө шалгарлаа.
Ингээд өнөөдөр болох багийн болон хувийн харвааны алтан медаль болон хүрэл медалийн төлөө харвах оноолтыг танилцуулья. Энд багийн харвааны хүрэл медаль уржигдар тодорсныг дуулгая.
БАГ:
Рекурвын ангилалд (Олимпийн зайд багтдаг төрөл 70 м)
Эмэгтэй багийн алтан медалийн төлөө БНСУ, ОХУ-ыг баг тунаад байгаа бөгөөд тус төрлийн хүрэл медалийг Казахстаны баг хүртсэн.
Эрэгтэй багийн алтан медалийн төлөө ОХУ, Монголын баг шалгараад байна. Монголын багт “Нийслэл өргөө” клубын тамирчин ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Ж.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн нар багтаж буй. Энэ төрлийн хүрэл медалийг БНСУ-ын баг хүртсэн.
Холимог багийн алтан медалийн төлөө Монгол, БНСУ-ын баг харвах юм. Монгол улсын багт “Хангарьд” клубын тамирчин, ОУХМ Б.Урантунгалаг, “Нийслэл өргөө” клубын тамирчин, ОУХМ Ж.Гантөгс нар багтаж буй. Энэ төрлийн хүрэл медалийг БНАСАУ-ын баг хүртсэн.
Компаундын ангилалд (Олимпийн зайд ордоггүй компаунд төрөл нь 50 метрийн зайд 2 удаа 72 сумыг харвах бөгөөд тус харвааны багийн төрөлд монголын баг медаль хүртэж чадсангүй.)
Эмэгтэй багийн алтан медалийн төлөө БНСУ, Хонгконг улсын баг шалгарсан бол хүрэл медалийг Энэтхэгийн баг хүртээд байна.
Эрэгтэй багийн алтан медалийн төлөө Хонгконг, Энэтхэгийн баг шалгараад байгаа бол ОХУ-ын баг хүрэл медаль хүртсэн. Энэ төрөлд Монголын баг ОХУ-ын багд 120:119-ийн харьцаагаар ялагдаж IV байр эзэлсэн юм.
ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛ:
Ганцаарчилсан төрлийн алтан медаль болон хүрлийн төлөөх харваа болно. Монголын тамирчдаас хувийн харваанд нэг тамирчин хүрэл медалийн төлөө харвахаар шалгараад байна. Эрэгтэйчүүдийн компаундын ангилалд хүрэл медалийн төлөө Л.Мөнхөө шалгарч, Энэтхэгийн тамирчинтай өнөөдөр харвах юм.
Рекурвын ангилалд
Эмэгтэй хувийн шигшээ харвааны дүн
Алтын төлөө
Хуан Хъё Жин /БНСУ/
Чой Хёнжу /БНСУ/
Хүрлийн төлөө
Шим Ми Со /БНСУ/
Бомбаяева Анна /ОХУ/
Эрэгтэй хувийн шигшээ харвааны дүн
Алтын төлөө
Шин Ёонг Сеоп /БНСУ/
Лее Чанг Хван /БНСУ/
Хүрлийн төлөө
Сванси Бинод /Энэтхэг/
Санзитцувиков Константин /ОХУ/
Компаундын ангилалд
Эмэгтэй хувийн шигшээ харвааны дүн
Алтын төлөө
Тухалова Жанна /ОХУ/
Чой Иэн Лунг /Хонг Конг/
Хүрлийн төлөө
Миху Масело /Энэтхэг/
Ох Жиеун /БНСУ/
Эрэгтэй хувийн харвааны дүнгээр
Алтын төлөө
Танг Кам Ву /Хонг Конг/
Ким Тайёон /БНСУ/
Хүрлийн төлөө
Лувсанноровын Мөнхөө /Монгол улс/
Ю.Чаран Редди / Энэтхэг/ зэрэг шилдэг тамирчид шалгарч үлдлээ.
Монголын бусад тамирчдын хувьд эмэгтэйчүүдийн 1/8-д ОУХМ Б.Урантунгалаг, Э.Болормаа, эрэгтэйчүүдийн 1/8-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Л.Отгонбаяр, Н.Өлзийхутаг нар шалгарсан байна.
Өнөөдөр 08:00-09:00 хооронд шигшээ харваанд оролцох тамирчдын харваа тогтоох үе бөгөөд тэмцээн 09:10-с эхлэх бол тэмцээний хаалтын ажиллагаа үдээс хойш болно.
Азийн Гран при тэмцээний шигшээ тоглолтыг сонирхож, баг тамирчдаа дэмжээрэй.