Дэлхийн спортын наадмаас хоёр медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн спортын наадмаас хоёр медаль хүртлээ

Олимпийн бус төрлөөр явагддаг Дэлхийн спортын наадам долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 04-ны өдрүүдэд Колумб улсын Кали хотноо болж байна. IX дэх удаагийн тус наадамд спортын 36 төрлөөр дэлхийн 120 гаруй орны 4000 орчим тамирчид оролцож байна. Монгол улсаас сумо бөх, аэробикийн спортын тамирчид эх орноо төлөөлөн оролцож байна.

Тэмцээний эхний өдрүүдэд (долдугаар сарын 26-27) сумогийн тэмцээн явагдаж Монголын баг тамирчид алт, хүрэл медаль тус тус түртлээ.

Сүмо бөхийн төрөлд Дэлхийн хошой аварга У.Бямбажав/+115кг/, Г.Наранбат/+115кг/, Дэлхийн аварга Р.Гантөгс /-85кг/, Дэлхийн аваргын мөнгөн медальт Х.Сүнжидмаа /+80кг/, О.Мөнхцэцэг /-80кг/, Ази тивийн аваргын мөнгөн медальт Д.Нацагдорж /+115кг/, О.Өсөхбаяр /-115кг/, М.Хоролсүрэн /-80кг/ зэрэг шилдэг тамирчид эх орноо төлөөлөн барилдлаа.

Эрэгтэйчүүдийн -85 кг-д Р.Гантөгс эхний тойрогтоо гоц мөргөж, шөвгийн наймд Польшийн бөхийн ялж, ОХУ-ын бөхөд ялагдсан ч Аргентиний бөхийн давснаар Польшийн бөхтэй хүрэл медалийн төлөө дахин барилдах эрхтэй болсон. Шөвгийн наймд таарсан ч ялсан тэрбээр дахин Польшийн бөхийг унагааснаар Дэлхийн спортын наадмын хүрэл медалийг хүртлээ. Р.Гантөгсийн хувьд 2009 оны тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Дэлхийн аварга Р.Гантөгсийн хувьд ийнхүү Дэлхийн спортын наадмын хошой хүрэл медальтай боллоо.

Эрэгтэйчүүдийн +155 кг-д барилдсан Г.Наранбат ОХУ, Польш, Украйн, Японы бөхчүүдийг ялж, Монголын тамирчин Р.Гантөгсийг давснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Улмаар Дэлхийн спортын наадмын аваргын төлөө Украйны бөхийг давж, алтан медаль хүртлээ. Дэлхийн хошой аварга Г.Наранбатын хувьд үнэмлэхүй жинд өөрийн оролцсон гурван том тэмцээнд дараалан түрүүлээд байна.




Монголын сумочдын хувьд 2009 онд Тайваны Коашиун хотноо зохиогдсон VIII удаагийн Дэлхийн тоглолтод нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан амжилтаа ахиулж чадаагүй ч медалийн буухиаг тасалсангүй. Эрэгтэйчүүдийн -115 кг-д О.Өсөхбаяр, эмэгтэйчүүдийн -80 кг-д О.Мөнхцэцэг, +80 кг-д Х.Сүнжидмаа нар хүрэл медалийн барилдаанд ялагдал хүлээжээ.

Харин одоо дэлхийн наадамд анх удаа оролцож буй аэробикийн эрэгтэй багийн тэмцээн эхэлнэ. Аэробикийн багийн хувьд өнгөрсөн жил Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийн наадамд оролцох эрхээ авсан билээ.

Ч.БОЛ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж