Усан спортын ДАШТ-нд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Усан спортын ДАШТ-нд оролцож байна

Усан спортын Дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн Испанийн Каталон мужид энэ өдрүүдэд болж байна. “Барселона 2013” ДАШТ-нд 181 орны 2293 тамирчин усан спортын зургаан төрлөөр, 68 багц медалийн төлөө өрсөлдөж буй.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн ОУХМ Б.Дөлгөөн, спортын мастер Э.Дэмүүл, Г.Занданбал, спортын дэд мастер А.Номин нар оролцож байна.

Эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдсан спортын мастер Г.Занданбал 1:11.26 минутад дуусгаж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэв. Энэхүү амжилтаараа тэрбээр нийт 77 тамирчнаас 71-р байр эзэлсэн байна. Мөн тэрбээр 100 метрийн чөлөөт сэлэлтэд 56.78 секундын амжилт үзүүлжээ.

50 метрийн далайн гахай сэлэлтэд уралдсан ОУХМ Б.Дөлгөөн 26.20 секундын амжилтаар 57-р байр эзэлжээ. Энэ зайнд 78 тамирчин уралдсан байна. Мөн түүний хувьд 50 метрийн мэлхий сэлэлтэд 31.76 секундын амжилтаар 67-р байр эзэлсэн бөгөөд энэ зайнд 80 орны тамирчин оролцсон байна.

Мөн эрэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтэд спортын мастер Э.Дэмүүл 1:05.18 минутын ажилтыг үзүүлж, 51-р байр эзлэв. Энэ зайнд 53 орны тамирчин уралдсан байна.

Харин ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдын дунд ганц эмэгтэй тамирчин буй. Спортын дэд мастер А.Номингийн хувьд 100 метрийн араар даллах сэлэлтэд 1:18.95 минутын ажилтыг үзүүлжээ.

15 дахь удаагийн ДАШТ-ыг БНХАУ 10 алт, зургаан мөнгө, хоёр хүрэл медальтай тэргүүлж байгаа бол АНУ /7+6+4/, ОХУ /7+4+3/ удаалж байна. 181 орон оролцож байгаагаас 23 улс ямар нэгэн медаль хүртээд байна. Тэмцээн ирэх наймдугаар сарын 4-нд өндөрлөнө.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж