Сахарын цөл, Өмнөд туйлд хүрч байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудыг дурандаа буулгаж явсан түүний хувьд Монгол орны онгон дагшин байгаль хүний гар хүрэлгүйгээр үлдэж чадсан төдийгүй тэр дундаа асар их элсэн цөл говьд дэлхийд ховордсон мазаалай амьдарч байгаа нь гайхамшигтай санагдсан аж. Тиймээс байгаль хамгаалах чиглэлээр хэрэгжүүлдэг төслийнхөө хүрээнд Монгол оронд ердөө 22-30 ширхэгээр тоологдож байгаа мазаалайг хамгаалж, өсгөж үржүүлэх талд санаа тавин ажиллах болно гэж тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцоллоо. Энэ ажлыг тэрээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтран зохион байгуулах юм байна.
Рей Захаб нь орон оронд очин, байгалийн сайхантай танилцах үеэрээ хамгаалалт зайлшгүй шаардлагатай амьтдад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж ажилладаг байна.
Хэвлэлийн бага хуралд оролцсон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Цогтбаатар “Мазаалайг хамгаалахад Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчийг авч санхүүгийн хөрөнгө босгох нь чухал алхам болно. Рей Захаб нь байгаль дэлхийг хамгаалах чиглэлээр өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн туршлагатай нэгэн төдийгүй хамгаалалт шаардлагатайд нь дэлхийн анхаарлыг хандуулж чаддаг. Энэ удаад Монгол орныг зорин ирж мазаалайг хамгаалах чиглэлээр ажиллах болж байгаа нь маш чухал үйл явдал болж байна” гэж хэлсэн юм.
Түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын алба хаших хугацаанд Рей Захаб нь гадаад зөвлөлийнх нь зөвлөх багд нь багтаж ажиллаж байжээ.