Германы алдарт Баейрн Мюнхен клубын ерөнхийлөгч Ули Хоенесс татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдлээ. Өдгөө 61 настай түүний Швейцарийн банкин дахь дансны гүйлгээ болоод мөнгийг шалгаж үзэхэд татвараас зайлсхийсэн болох нь бараг батлагдаад байгаа юм. Германы цагдаагийн газрын дэргэдэх эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнтэй холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэр нэг сая еврог татвараас бултуулсан байж болзошгүй байгаа юм. “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас нэмэлт мэдээлэл өгөх боломж алга. Ямарч байсан наймдугаар сарын сүүл гэхэд түүний хэрэг мөрдөгдөж дуусах байх. Бид тийм учраас есөн сард шүүх хурал зохиохоор төлөвлөсөн” гэж Германы цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Андриа Титц ярьжээ. Ули Хоенесс өмнө нь Баейрны төлөө хүчин зүтгэж 86 гоол оруулж байсан юм. Мөн тэрээр Германы шигшээд багтаж 1974 оны дэлхийн аваргад оролцож байсан билээ.
Б.СYX