Арьс яагаад эрт үрчийдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Арьс яагаад эрт үрчийдэг вэ?

Хөгширнө гэдэг хүн бүрийн
айдас… Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид гоо сайхны элдэв бүтээгдэхүүн
хэрэглэж, аль болох үрчийхгүйн тулд их хичээл зүтгэл гаргадаг. Гэвч зарим тохиолдолд
тухайн хүний өөрийн амьдралын хэв маяг нь үрчийхэд нөлөөлдөг. Арьс эрт үрчийхэд
хамгийн ихээр нөлөөлдөг 10 хүчин зүйлээс дурдвал:


Нарны хурц тусгал: Хаврын
урин дулаан цаг ирэхэд нүд гялбам нар ээж, биднийг дулаацуулах нь таатай
санагддаг. Гэвч ийм үед хүний арьс хамгийн ихээр үрчийдэг. Энэ нь мэдээж наранд
огт гарахгүй, гэртээ суугаад бай гэсэн үг биш л дээ. Аль болох нарнаас
хамгаалах тос хэрэглэж, шаардлагатай бол нарны малгай, нүдний шил, шүхэр
хэрэглэж занших хэрэгтэй.


Нүүрний хувирал: Биднийг
бага байхад ээж нар маань мөн ч олон удаа бидэнд ингэж хэлдэг байлаа “Наад
нүүрээ битгий тэгээд бай, муухай үрчгэр болчихдог юм” гээд л. Тэр үг үнэний
ортой. Учир нь нүүрний хөдөлгөөн, хувирал бүр хүний нүүрний арьсийг бага ч
болов үрчийлгэхэд нөлөөлдөг. Ихэнх тохиолдолд хүний нүүрний арьс төлжиж,
шинэчлэгдэж байдаг учраас арьсанд үүссэн жижигхэн зураасууд алга болдог. Харин
энэ шинэчлэл, төлжилж нь насан туршид явагддаггүй нь харамсалтай.


Тамхи: Тамхи бидний гоо сайхны
дайсан гэдгийг бид бүгдээрээ сайн мэддэг. Гэхдээ тамхи зөвхөн биднийг элдэв
өвчинд нэрвэгдүүлж, шүдийг шарлуулаад зогсдоггүй. Хүнийг маш түргэн
хөгшрүүлдэг.


Нойр: Танд сонин санагдах ч,
өдөржин ядраад орой амрах гээд орондоо орохдоо ч та болгоомжтой байх ёстой.
Учир нь та нэгэн байрлалд олон цагаар унтвал, таны нүүрний тэр хэсэг илүү ихээр
үрчийнэ. Иймээс аль болох доошоо харж унталгүй, дээш харж унтаж хэвших
хэрэгтэй.


Стресс, бухимдал: Та
бол эмэгтэй хүн, эмэгтэй хүн бухимдахгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Гэхдээ та
хөөрхөн нүүрээ хамгаалахын зарим зүйлд илүү тайван хандаж, зарим тохиолдолд
хүйтэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Уг нь үрчлээнээс хамгаалахын тулд бухимдалгүй
байх ёстой. Учир нь үрчлээ хүнийг улам их бухимдуулдаг.


Нойргүйдэл: Нойртой, нойргүй аль
ч тохиолдолд хүний нүүр үрчийх гээд байна уу? Нэг байршилд удаан унтвал
үрчийнэ, хангалттай сайн унтаж чадахгүй бол үрчийнэ. Шударга биш юм даа. Гэхдээ
одоо яая гэхэв, тогтмол цагаар, аль болох нэг байршилд удаан унтахгүй байхыг л
хичээж амьдрахаас даа…


Архи: Та хэр их архи хэрэглэнэ,
та төдий чинээ л үрчийнэ. Архи уухад хүний нүүр хавагнадаг, хаван нь буухаараа
унжиж, үрчийдэг… Тэр сайхан улаан, цагаан дарснууд, нэрд гарсан чанартай
архинууд бүгд л таны дайсан гэж бодоорой. Орой, үдэш намуухан хөгжмийн аянд
тантай нөхөрлөчихөөд л өглөөд таныг үрчлээтэй тань үлдээчихээд явчихна…


Хуурайшилт: Хуурай арьс хамгийн
муу нь. Хагарах, цус гарах, үрчийхэд хамгийн ойр байдаг. Хүний биед хэдий чинээ
ус хэрэгтэй байдаг шиг л, таны нүүрэнд төдий чинээ чийг хэрэгтэй. Тиймээс та
чийгшүүлэгч тосоо үргэлж дэргэдээ байлгаж байгаарай.


Газрын татах хүч:
Үүнээс хамгаалах ямар ч арга байхгүй. Биднийг болон бидний амьдарч буй дэлхийг
хамгаалж байдаг газрын татах хүч нь бидний эсрэг үйлчилгээ үзүүлж байдаг байна.
Газрын татах хүчний нөлөөгөөр хүний арьс үрчийж, унждаг. Үүнээс хамгаалах
боломжгүй юм чинь дор хаяж л таны арьсыг үрчийлгэх өөр бусад зүйлсээс өөрийгөө
хамгаалж, зохих арга хэмжээг авч байх ёстой юм.


Удамшил: Гэр бүлийнхнээ болон
ээж, аавынхаа хамаатнуудын нүүрний арьсыг сайтар ажиглаж бай. Учир нь та тэр
хүмүүсийн аль нэгийг дуурайж болно шүү дээ. Хэдийгээр үүнд таны оролцоо байхгүй
ч гэлээ, та тэдний гаргасан алдаанаас суралцаж, өөр дээрээ түүнийг давтахгүй
байх нь маш чухал юм.

Эх сурвалж: http://www.eejbolloo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж