АНУ-ын саналыг Швейцарийн парламент зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

АНУ-ын саналыг Швейцарийн парламент зөвшөөрсөнгүй

АНУ-Швейцарийн банкны хооронд татварын асуудалтай холбоотой нэлээд нухацтай гэрээ байгуулах тухай саналыг авч хэлэлцсэн Швейцарийн парламентын доод танхим дэмжихгүй байх шийд гаргалаа гэж “BBC” агентлаг мэдээлж байна. АНУ-ын тавьсан шаардлага хэрвээ дэмжигдсэн бол Швейцарийн банкны гигант “UBS” дансны талаарх мэдээллүүдийг АНУ-ын татварын албаны эрх баригчдад өгөх байсан юм. Швейцарийн парламентын доод танхимын энэ шийд нь АНУ-“UBS” банк хоёрын хоорондын яриа хэлэлцээг бүрмөсөн үгүй болгохгүй ч энэ нь энэ талаарх асуудлыг хэдэн долоо хоногоор сунжруулна гэсэн үг юм. Хэрвээ АНУ-ын иргэдийн талаарх дансны мэдээллийг гаргаж өгөх юм бол АНУ “UBS” банкны эсрэг ял тулгахгүй гэж мэдэгдэж байсан юм.

АНУ-ын 4,450 иргэн Швейцарийн “UBS” банкинд нууц данстай бөгөөд тус банкны менежерүүд АНУ-ын иргэдийг татвараас зайлсхийхэд тусалж байна гэж АНУ хардаж байгаа юм. Швейцарийн парламентад санал хураахад баруун, зүүний үзэлтэй гишүүд ер бусын байдлаар санал нэгдэн АНУ-ын саналыг унагасан байна. “Хэрвээ “UBS” банкийг дансны мэдээлэл гаргаж өгөхийг зөвшөөрөх юм бол энэ нь одоо тэртэй тэргүй санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа тус банкийг нэгмөр дампууруулсантай адил зүйл болно гэж болгоомжилж байна” гэж Швейцариас “BBC” агентлагийн сурвалжлагч ярьж байна.

Өмнө нь Швейцарийн засгийн газар Вашингтонд энэ оны наймдугаар сар гэхэд банкны данснуудын талаарх мэдээллийг гаргаж өгөх болно гэж амалж байсан юм. Дансны мэдээлэл гаргаж өгөх нь Швейцарийн бренд болсон банкны нууцлалын түүхийг дуусгах байсан. Гэсэн хэдий ч Швейцарийн засгийн газар дангаараа энэ ажлыг хийх эрх мэдэлгүй бөгөөд эцсийн шийдийг парламент гаргана. Харин парламент нь банкны нууцлалыг задлах санаачилгыг унагасан нь Швейцарийн засгийн газар амалж байснаараа наймдугаар сард дансны мэдээлэл гаргаж өгч чадах эсэхийг эргэлзээтэй болгож байна гэж “BBC”-ийн сурвалжлагч дамжууллаа.

Энэ саналыг батлуулъя гэвэл Швейцарийн парламентаас гаргасан шийдийг Сенат нь үзэх бөгөөд дараа нь бүх нийтийн санал асуулга явуулж байж л эцсийн шийд гарах боломжтой гэнэ. Хэрвээ Швейцарь асуудалд нааштай хандахгүй бол эрх зүйн хувьд асуудалд хандах болно гэж АНУ анхааруулаад байна. “Бид Швейцарьт болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Хэрвээ Швейцарь бидэнд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхгүй бол бид боломжтой бүхий л эрх зүйн арга хэмжээнүүдийг авах болно” гэж АНУ-ын засгийн газрын татвар хариуцдаг Дотоод орлогын албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж