“Хангарьд” “Боргио цом”-ын цомын эзэд боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

“Хангарьд” “Боргио цом”-ын цомын эзэд боллоо

Нийслэл лигийн долоо, сонирхогчдын 15 багийн өрсөлдсөн “Боргио цом-2013” тэмцээн Монголын хөлбөмбөгийн талбайд 11 хоногийн турш үргэлжилж, өнөөдөр аваргууд тодорлоо.

Өнөөдөр тус тэмцээний финалын тоглолтууд болсон юм. Тодруулбал, хүрэл медалийн төлөө “Дельта”, “Хасу мегават” багууд тоглож, “Хасу мегават” багийн хожлоор өндөрлөсөн бөгөөд алтан медаль цомын төлөө “Хоромхон”, “Хангарьд” багууд тоглон 0:1-ээр “Хангарьд” баг ялалт байгууллаа. Сонирхуулахад, Эрдэнэтийн “Хангарьд” клубын М.Отгонбаяр дасгалжуулагчтай “Хангарьд” баг  анхны “Боргио цом”-д түрүүлж байсан бөгөөд өмнө нь хоёр удаа мөнгөн медаль хүртэж байсан юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэр эрхэлсэн орлогч захирал, “Хангарьд” багийн эзэн Д.Даваасамбуутай уулзлаа.

-Танай баг ялалт байгуулж, цомын эзэд боллоо. Баяр хүргэе.

-Миний хувь сэтгэл их хангалуун байна. Би “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлын ажлыг хүлээж аваад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Ээлжит тэмцээндээ оролцоод түрүүллээ. “Боргио цом”-ын эзэн болсонд баяртай, сэтгэл хангалуун байна. Тамирчид, бидний ард хүлээж байгаа манай үйлдвэрийн ажилчид, “Хангарьд” клубынхээ бүх хүмүүст баяр хүргэе.

-Тун удахгүй лиг эхлэх нь?

-Лигийн аварга шалгаруулах тэмцээний өмөн манай багийнхан том амжилт үзүүллээ. Энэ бол нэг ёсондоо тэдэнд том амжилт, өөртөө итгэх итгэлийг өглөө. Бид ч бас өөртөө итглэтэй болж байна. Энэ хүчээрээ үзнэ гэж бодоод байгаа шүү. Лигийн долоон тоглолтын дөрөв нь манай Эрдэнэтэд болно. Тур утгаараа энэ амжилтаа илүү батгана гэж найдаж байна. Баг хамт олонтойгоо лигийн тоглолтын талаар ярилцаад явж байна даа.

“Боргио цом 2013” тэмцээний цомын эзэд болсон “Хангарьд” багийн ахлагч С.Баярзаяатай уулзлаа.

-“Боргио” цомын анхны эзэд энэ удаад амжилтаа хадгалан дахин цомын эзэд боллоо. Баяр хүргэе.

-Манай баг анхны “Боргио цом” тэмцээний аварга болж байсан. Дахин түрүүлсэндээ баяртай байна. Бид хоёр ч удаа аваргын төлөө тоглоод хожигдож байсан. “Хангарьд” спорт клуб болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууддаа баярласнаа илэрхийлье.

-Энэ удаагийн тоглолтууд хэр ширүүн байв?

-Багууд бүгд бэлтгэл сайтай, жигд хүчтэй байлаа. Манай багийн хувьд бэлтгэл арай илүү байсан болов уу, тиймээс энэ амжилтад хүрсэн гэж бодож байна.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч?

-Хамгийн гол өрсөлдөгч “Эрчим” багийг хагас шигшээд “мулталсандаа” маш их баяртай байна.

-Лигийн тэмцээн удахгүй эхэлнэ. Бэлтгэл хэр байна вэ?

-Манай багийн бэлтгэл хангагдсан байгаа. Лигийн дөрвөн тоглолтыг Эрдэнэт хотынхоо талбайд хийх болохоор мэдээж шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө тоглоно доо.

“Боргио цом 2013”-ын шүүгчээр ажилласан Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч Э.Ариунболдтой цөөн хором ярилцлаа.

-Энэ удаагийн”Боргио цом”-ын тэмцээн таны хувьд ямар болж өнгөрөв өө?

-“Боргио цом”-ын тэмцээн маш амжилттай болж өндөрлөлөө. Аваргын төлөө лигийн хоёр баг өрсөлдөж, Эрдэнэтийн “Хангарьд” клубын баг түрүүллээ. Тоглолтууд маргаан будлиангүй маш сайхан болж өнгөрлөө.

-Хамгийн сонирхолтой, ширүүн тоглолт аль багуудын хооронд явагдсан бэ?

-Мэдээж лигийн багуудын хооронд өрнөсөн. Ялангуяа хэсгээс гарах хариуцлагатай тоглолтууд болон хагас шигшээ, медалийн төлөөх тоглолтууд нэлээд өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.

-Энэ удаа “Боргио цом 2013”-д оролцсон багууд гадны легионер тоглогчдоор багаа бүрдүүлж, нэлээд цус сэлбэсэн харагдлаа?

-Тийм. Гадны тамирчид сүүлийн үед  лиг гэлтгүй сонирхогчдын багуудад хүртэл нэлээд ихээр тоглодог болсон. Үүний жишээ нь сая “Дельта” клуб шөвгийн дөрөвт гадны легионертой үлдэж байна. Мөн шинэ залуу тамирчдаар хүчээ сэлбэсэн “Хасу мегават” клуб хүрэл медаль хүртлээ. Лигийн багуудтай өрсөлдөх чанараараа сонирхогчийн багийн үзүүлэлт хавьгүй дээшилсэн байна.







Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж