“Шинэчилье” хөдөлгөөнөөс уриалга гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

“Шинэчилье” хөдөлгөөнөөс уриалга гаргажээ

МАН-ын дэргэдэх “Шинэчилье” хөдөлгөөнийхөн өнөөдөр үдээс өмнө хуралдаад гишүүддээ хандан уриалга гаргасан байна. Тэд энэхүү уриалгадаа намын гишүүн бүрийг ялагдлаа ухамсарлаж намынхаа шинэчлэлийн төлөө нэгдэх цаг болсон хэмээн онцолжээ. Зарим хэсгийг сийрүүлбэл,

… Олон ялагдлууд ирээдүйд ялах олон ялалтын эх үндэс нь байг хэмээн итгэж одоо ч намынхаа шинэчлэл, хөгжил дэвшлийн төлөө санаа зовнин суугаа мянга мянган гишүүдийнхээ их хүлээлтийн буухиаг зүтгэлээр хариулах хариуцлагаа намын гишүүд дор бүрнээ ухаарч, МАН улмаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө нэгэн хүчин дор нэгдэх цаг иржээ.

Шат, шатны сонгуульд ялагдсан ч намын гишүүд дэмжигчдийн итгэл, сэтгэл, урам зориг унтарч байна гэхээсээ илүү чухам цаашдаа хэрхэн зөв, эрүүл зарчмаар урагшлах ёстой вэ? гэсэн асуултын хүрээнд үзэл баримтлал, үйл хөдлөлийн жимийг “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн ахмад, дунд, залуу гурван үеийн нягт хэлхээ, хамтын ажиллагаанд тулгуурлан эрэлхийлж байна.

Нийгмийн өчүүхэн хэсгийн амьдралыг сайжруулах бус, харин нийтээрээ хөгжих бололцоо олгон эргээд нийтийг нийгмийн хөгжлийг дэмжигч, түүнд идэвхтэй оролцогч болгоход “Нийгмийн Ардчилсан” үзэл баримтлалын зорилго оршдог. МАН нь нийгмийн ардчилсан үзэл баримтлалын ач холбогдлыг ард иргэддээ хүртээхийн төлөө намынхаа шинэчлэлийг гишүүд, дэмжигчдээс асууж, тэдний санал, санаачлага, оролцооны дор хэрэгжүүлэх нь зүйтэй. Эх орны маань тусгаар тогтнол, эв нэгдэл, эгэл ард түмний амьдрал, нийгмийн ардчиллын үнэт зүйлс МАН-ын шинэчлэлээс хамаарах бөгөөд эрүүл нийгмийг цогцлоон байгуулах, дүр эсгэсэн бус дүрээрээ тодрох нийгмийн ардчиллын төлөө МАН-ын гишүүд, дэмжигчид нэгдэх ёстой.

Суурь нь зөв барилгыг засч сайжруулж болдог. Улс үндэснийхээ ирээдүйн төлөө МАН-ын гишүүд бид нэгдэн нягтарч, алдаа оноогоо хэлэлцэн, ялагдлын шалтгааныг зөв тодорхойлж улмаар шинэчлэлийг шинжлэх ухааны үндэслэлээр, зорилготой, зоригтой, бодитой хэрэгжүүлж чадваас МАН, Монголын улс төр, нийгмийн шинэчлэлд онцгой ач холбогдолтой байх нь дамжиггүй.
 
Иймд Та бүхнийг Монгол Ардын Намаа шинэчлэх өрнөлд өөрийн саналаа илгээж, нийгмийг ардчилах үйл явцад бодитой хувь нэмэр оруулж, дуу хоолойгоо хүргэхийг уриалж  байна” гэжээ.

“Шинэчилье” хөдөлгөөнийхний зүгээс намын Бага хурлыг наадмаас өмнө хийж, улмаар Их хурлыг товлох ёстой гэх шаардлагыг намын удирдлагууддаа тавьж ирсэн юм. Гэвч Бага хурал товлогдохгүй байсаар өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн. Тус хурлаас Удирдах зөвлөлийн гишүүд Бага хурлын товыг гаргах төлөвтэй байгаа юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж