Асфальтоны үнийн талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Асфальтоны үнийн талаар хэлэлцлээ

“Замын ажлыг хэрхэн тасалдуулахгүй явуулах вэ” нэртэй уулзалт өнөөдөр боллоо. “Улаанбаатар хотын зүгээс ирэх жилд витумын үнийг тогтвортой байлгах талаар бодлогын чанартай арга хэмжээ авна. Харин өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт өгч, мэдрэмжтэй, дорвитой арга хэмжээ авах талаар дараагийн долоо хоногийн даваа гаригт Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд уулзалт хийе. Ирэх сард болох Хойд хөрштэй хийх Засгийн газар хоорондын хэлэлцээрт нефть бүтээгдэхүүн, ялангуяа витумын нийлүүлэлтийн талаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулъя” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар зам засварын ажилд тулгараад байгаа бэрхшээлийг ярилцах зөвлөлдөх уулзалтын төгсгөлд хэлсэн юм. Улаанбаатар хотод замын ажил ид өрнөж байна. Энэ жил нийслэлд улсын төсвийн болон, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх замын ажлууд эхэлж, хэд, хэдэн гол замыг хаагаад байгаа билээ. Ямар шалтгаантай ийнхүү замын ажил зогссоны талаар Зам тээвэр барилга, хот байгуулалт, Гадаад хэрэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэг байгууллагын удирдлагууд оролцсон уулзалт боллоо. Замыг барихад гол түүхий эд болох витумны үнэ өнгөрсөн намраас хэд дахин өсчээ. Ингэснээр замын компаниуд алдагдалд орж, аргагүйн эрхэнд ажлаа зогсооход хүрсэн талаар “Ялгуусан” компанийн захирал н.Лхасүрэн хэллээ. ОХУ-аас ноднин нэг кг витумыг 317 доллаар авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 640 болж өссөн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар  “Замын ажил зогссоноор иргэд бухимдаж байна. Хотынхон ажлаа хийж чадсангүй гэсэн шүүмжлэлийг тавьдаг. Тэгэхээр энэ асуудалд хаа хаанаа нухацтай хандаж, замын ажлыг дуусгах хэрэгтэй байна” гэсэн юм. Харин Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны дэд сайд Гантөмөр “Дэлхийн эдийн засагт витумны үнэ өсч байгаа. Иймээс үнийг зохицуулах шаардлага бий. Төсөв боддог, төлөвлөдөг газрууд мариалын магадлашгүй ажил гэдгээр тооцож хийхгүй бол болохгүй нь. Үнээс гадна материалын олдоц муу байгаа нь хүндрэл үүсгэж байна” гэж танилцууллаа. Түүнчлэн уулзалтад оролцогсод ажлын төлөвлөлтийг эрс шийдэж, энэ жилийн хийх ажлаас алийг нь хийх, юуг нь хойшлуулах талаараа Засгийн газар, УИХ-д хурдхан оруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байсан юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж