&#34Playtime&#34-д сэрж мэдэрсэн нь

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

&#34Playtime&#34-д сэрж мэдэрсэн нь

Анх таван хамтлагтайгаар эхэлж байсан "Playtime" наадам энэ жил урьд, урьдынхаас илүү дуу шуугиантайгаар болж өнгөрлөө. Гачууртын "Монгол шилтгээн" аялал жуулчлалын цогцолборт өнгөрсөн амралтын өдрүүдэд хөгжим сонирхогч залуус цуглан тэндээ хоёр өдрийн турш байрлан, жилдээ ганц болдог наадмаа тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Энэ жил наадамд шинэ залуу болон урилгаар гээд нийт 40 гаруй хамтлаг гол, мини хоёр тайзнаас тоглолтоо хүргэлээ. Мөн урилгаар дэлхийн алдарт "инструмент рок" урсгалаар тоглодог "Моно", ОХУ-ын "Шторм" хамтлаг ирж тоглосон. Хоёр өдрийн турш болсон наадмын тоглолтын хуваарь энэ жил залуусыг амарч, зугаалах боломж олгож, тоглолтоо дуустал үзэхэд тохиромжтой байлаа. "Playtime" наадамд зөвхөн рокерууд цугладаг гэсэн нийтлэг ойлголтыг энэ жил эвдэхийн тулд зохион байгуулагчид хоёр тайз засч, гол тайзанд урилгаар оролцож буй хамтагууд, мини тайзанд шинэ залуу хамтлагууд болон DJ нар өөрсдийн сэтүүдээ тайлагнасан юм. Туслах тайз элсэн дээрх тоглолтыг хүргэсэн гэж хэлж болохоор буюу хөгжим сонсох нэг нь элсэн дээр хэвтэн зарим нь воллейбол тоглох зэргээр зүрхнээс боргилох эрх чөлөөгөө эдэлж байлаа. Наадмыг энэ жил "Нисванис" хамтлаг албан ёсоор нээсэн бөгөөд тэд наадмыг хаадаг байснаас нээж байсангүй. 12 дахь удаагийн наадмын тоглолтыг шинэ залуу хамтлагууд нэлээн "өнгөллөө". Ялангуяа "Rec on", "Моханик" хамтлагууд бэлтгэл сайн хийсэн нь харагдсан бөгөөд хөгжим сонирхогчдын сайн мэдэх зарим хамтлагуудаас илүү тоглолт үзүүлсэн юм. "Моханик" хамтлагийн хувьд наадмаас их хүлээлттэй байсан хамтлагийн нэг бөгөөд тэд "Амарбаясгалант" цомгоо анх удаа тайзнаас тунхагласан нь энэ байв.

 

Мөн наадмын хамгийн сайхан чимгүүдийн нэг "Болор" хамтлагийг дурдахгүй өнгөрч яаж болох билээ. Монголын хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан, хөгжим сонирхогчдын хүндэтгэлийг хүлээсэн "Болор" хамтлаг энэ жил наадамд хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулсан юм. Тэдний уран бүтээлүүд бүх цаг үеийн сор гэдэг нь яахын аргагүй үнэн бөгөөд цаанаа л дотнохон хөгжим нь залуусыг уяраасан ховор тоглолт байлаа.

ТӨГС ТӨГСГӨЛ "МОНО"

Ийнхүү наадмын нэг содон итгэмээргүй чимээ сонсдож эхэлсэн нь зүсэн зүйлийн хөг, аялгуунаас бүрдэх "инструмент рок" "Моно" хамтлаг. Тэд наадмын хамгийн сүүлчийн тоглолтыг хийх үеэр гадаа аниргүй харанхуй болсон байв. Задгай агаарт хөг, эгшгийн хамгийн төгс хослолыг мэдрүүлэх тэдний хөгжийг залуус нүдээ анин, зарим нь газар хэвтэн тэнгэр ширтэн сонсч байсан юм. Тэдний хөгжмийнх нь төгсгөл их сонин. Тачигнаж, сүүмэлзэж, сарниж байсан хөгжим гэнэт таг чимээгүй болно. Ингээд дараагийнх нь бүтээл эхэлнэ. Тэнгэрээс алсад хөөрч үүлсийг сийчээд түүнээс чанадад очих мэт хөгжим нь гэнэт тасрахад газарт нам унах шиг. Энэ бол Гачууртад ирсэн "Моно" байлаа. Тэд аялан тоглолтынхоо хуваарьт Монголыг багтаасан бөгөөд "инструмент рок" урсгал нь дуучны хоолой ороогүй, цэвэр чимээг илэрхийлдэг учраас наадмын дуугаралт ямар байх бол гэдэгт их санаа зовниж байсныг нуултгүй. Тэгвэл наадмын хөгжмийн дуугаралт ийнхүү цэвэр байж чадаж, аниргүй алсад одох хэмжээний мэдрэмж төрүүлэхүйц байлаа. "Моно"-гоос төгс төгсгөл гэж юу байхав.

Хөгжмийн соёлыг мэдрүүлсэн "Playtime" наадам маань сайхан болж өнгөрлөө. Баярлалаа, баяртай.

Зургийг ЭНД дарж үзнэ үү.

У.БОЛОР



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж