800 сая ам.доллараа яаж үрэх вэ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

800 сая ам.доллараа яаж үрэх вэ

ЭНЭ МӨНГӨӨР ХӨДӨӨД МӨХӨӨЛДӨС, ЧИПСНИЙ  ҮЙЛДВЭР БАРИНА

Өмнөд хөршийн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао манай улсад айлчлахдаа хүүхдийн баярын бэлэг гэж 500 сая ам.доллар өглөө. Бид үүнийгээ яаж үрэх талаар санал бодлоо уралдуулж байна. Ерөнхий сайд С.Батболд энэ тухай хэлэхдээ “Хятадын талаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг, өмнө олгохоор шийдвэрлэсэн 300 сая ам.доллар дээр нэмж олгохоор болсон тухайгаа мэдэгдлээ. Энэ хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсад нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр хөгжүүлэхэд тэргүүлэх ээлжинд ашиглах талаар ажиллах болно” гэсэн юм. Ерөнхий сайдын үгээр бол манай улс өмнөд хөршөөсөө 800 сая ам.долларын зээл авахаар болжээ. Гэхдээ Хятадаас авдаг зээлд өөрсдийнх нь бодлого ямагт дагалдаж явдаг.

Одоогоос хэдэн жилийн өмнө, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад Хятадын талаас дээрх 300 сая ам.долларыг олгохоор болсон ч өнөө болтол энэ зээл орж ирээгүй. Нөгөө л зээлийн ард байдаг хятад бодлого, манай талын ойлголт хоёроос болж шийдвэрлэгдээгүй.

Харин одоо бидэнд олдох 800 сая ам.долларын зээл хятадын “EXIM” банкаар дамжин ирнэ. Хятадын энэ банкны зээл олголтын дүрэмд гадаад оронд өгч буй зээл нь зөвхөн арилжааных байхыг шаарддаг. Дээр нь уг зээлийн 80 хүртэл хувьд  Хятадын тоног төхөөрөмжийг авах учиртай. Бас болоогүй, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүд дээр заавал 60-80 хувьд нь хятад боловсон хүчин ажиллах ёстой гэсэн дүрэмтэй. Бас нэг томоохон шаардлага нь “EXIM”-ээс олгож буй зээлд зээлдэгч талын Засгийн газар баталгаа гаргах. Гэх­дээ энэ удаагийн 500 сая ам.долларын зээлдээ  “EXIM” банкны зүгээс заавал Засгийн газраас    батал­гаа  гаргуулахыг цуцалж бидний­гээ харж үзжээ. Энэ тухай Сангийн сайд С.Баярцогт  “Хятадын талаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бололцоотой гэд­гээ илэрхийлсэн. Үүнийг Зас­гийн газрын баталгаа гаргалгүй шийдэх боломжтой гэд­гийг хэлэлцээрийн явцад шийдсэн. Зээлээ боловсруулах үйлдвэр барих чиглэлээр ашиглах боломжтой” хэмээсэн юм. Манай сайд дарга нар ч яахав, 800 сая ам.доллартай боллоо гээд “гуяа алгадаад” үүнийгээ нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр байгуулахад зориулна гэж мэдэгдэж байгаа. Одоогийн байдлаар ямар чиглэлийн боловсруулах үйлдвэр вэ гэдэг нь тодорхойгүй байгаа гэхэд болно.

Улсын нэр сүрээр зээл авч болно. Гагцхүү зээлээ хэрхэн зөв, зохистой хэрэглэх талаар төрийн нэгдсэн бодлого байхгүй гэж эдийн засагчид толгой сэгсэрдэг.  Нэмүү өртөг шингэсэн ямар нэг боловсруулах үйлдвэр барихад Техник, эдийн засгийн үндэслэл байх учиртай. Үүний тооцоо судалгаа яамны мэргэжилтнүүдэд байдаг л гэж найдахаас. Найдлагыг энэ удаад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар бага ч гэсэн төрүүллээ. Тэрбээр “Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао боловсруулах аж үйлдвэр, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсныг манай тал талархан хүлээн авч байна” гэсэн юм. Эндээс харахад малын сүү боловсруулж мөхөөлдөс хийх үйлдвэр, дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаад байгаа төмсөөрөө чипс хийж гадагш гаргах нь ээ.

НЕФТИЙН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХОД 300 САЯ АМ.ДОЛЛАР  ХЭРЭГТЭЙ

Саяхан “Нефть хий” ассоциацынхан түлш, шатахууны үнийг 50-95 төгрөгөөр нэмж ард иргэдийн бухимдлыг багагүй хүргэсэн. “Та нар ард түмнээ бодож байгаа бол Онцгой албан татвараа бууруул” гэж ирээд л төрийг шантаажилсан. Харин “Магнай трейд” л үнээ нэмээгүй. Учир нь тэднийх ассоциацийн  гишүүн биш. Ингээд бид улиралд нэг удаа үнийн дарамтад дарлуулж байхаар хятадуудын 800 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр түүхий нефть боловсруулах үйлдвэртэй болчихмоор байна гэж амтай болгон л санаа алдаж сууна. Баянтүмэнгийн нефтийн орд, хамгийн сүүлд Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь Тосон уулын түүхий нефтийг урагш нь зөөхийн оронд ганц ч гэсэн боловсруулах үйлдвэртэй болоход л дотоодын хэрэгцээний түлш, шатахуун, шатах тослох материалын тодорхой хувийг, ядаж л зүүн бүсээ шатахууны дарамтаас гаргана. Өөрөөр хэлбэл, Оросоос зөөдөг түлш, шатахууны хэмжээ багасч зүүн бүс нутаг хөгжих учиртай баймаар. Тосон уулын нефтийн хэмжээг Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан сүр дуулиантай зарлаж байсан. “Бид энэ ордыг ашигласнаар газрын тос үйлдвэрлэгч 31 дэх орон боллоо. Тосон уулд монголчуудыг 100 гаруй жил тэжээх нефть бий” гэв. Ядаж л тэнд боловсруулах үйлдвэртэй болвол 100 гаруй жил ч гэсэн монголчуудад хэрэгтэй л ажил. Газрын тосны бүтээгдэхүүний хувьд бусдаас хэт хараат байснаар бидний амьдрал өнөө маргаашаа өнгөрөөсөн хэвээр л байна. 

Энэхүү 800 сая ам.долларын зээлийг бид хэдэн жилийн дараа татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах нь гашуун боловч үнэн. Энэ удаагийн  800 сая ам.долларын зээл дэргэдээ бяцхан бонустай. Хятадууд биднийг  800 сая ам.долларын зээл, зээлийн хүүгийн өрөнд орж байгааг хараад өрөвдсөн үү 50 сая юаний буцалтгүй тусламж олгохоор болсон. Энэ мөнгөөр  нийслэл хотод байх Бээжингийн гудамжийг тохижуулах, Налайх орчимд байрлах ШУТИС-ийн оюутны хотхонд зарцуулах гэнэ. Энэхүү 50 сая юаньтай нийлээд Хятадын тал манай улсад 1991 оноос хойш 382 сая юаний  буцалтгүй тусламж олгожээ.  Одоогийн байдлаар Хятад улс манайд 330 сая юаний зээл, хөнгөлөлттэй зээл олгоод байна. Одоо дээр нь 800 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл нэмэгдэх нь. Харин бид зээлээ юунд зарцуулах вэ гэдэгт толгойгоо гашилгаж байна.

Н.Мөнхтөр.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж