Намын даргын төлөөх марафонд хэн ялах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

Намын даргын төлөөх марафонд хэн ялах вэ?

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Бага хурлынхаа товыг гаргана. Цаг хугацааны хувьд эл хурал хэдэнтээ хойшилсоор наймдугаар сар гаргаж ирэх долоо хоногт зарлагдаж мэдэх төлөвтэй байгаа ч фракциудынх нь дунд намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын албанд хэнийг зүтгүүлж буй нь нэгэнтээ тодорхой болж эхлэв. Гэхдээ зарим нэг өөрчлөлт оржээ. Тухайлбал, У.Хүрэлсүхийн фракцийнхан Б.Бат-Эрдэнээс татгалзаж, оронд нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг намын даргад, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбатыг намын ерөнхий нарийн бичгийн даргад зүтгүүлэх төлөв гаргасан бол Ерөнхий сайд асан Сү.Батболд өрсөлдөгч фракцидаа мөчөөгөө өгөхгүй нь бололтой. Түүний гарт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар нарыг намын дарга болоод ерөнхий нарийн бичгийн даргад зүтгүүлэх сценари бий аж. Эцсийн шийдэл хараахан гараагүй нааш, цааш хөдөлгөх зүйл бий нь,  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг намын даргад өрсөлдүүлэх нь нэг талдаа нэр цэвэр гэх цензурыг давж үл чадах тул Д.Цогтбаатарыг намын даргад зүтгүүлж, улмаар ерөнхий нарийн бичгийн дарга руу буулгах төлөвлөгөө барьж мэдэх талтай байна. Фракцийнхнаасаа итгэл хүлээгээд байгаа тэрээр өмнө нь Гадаад харилцааны яаманд багагүй хугацаанд алба хашсаны зэрэгцээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг төрийн тэргүүний алба хаших хугацаанд Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Нам доторх гишүүдтэй нь харьцуулахад нэр цэвэр. Ажил хариуцсан бол гүйцэтгэл сайтай, заавал ард нь гардаг, дипломатуудад байх даруу чанар нь намын даргад өрсөлдөх хэмжээнд аваачиж мэдэх нь. Уг нь өнгөрсөн жилийн 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ынхан Бага хурлаа хийх үед Д.Цогтбаатарыг намын ерөнхий нарийн бичгийн даргад зүтгүүлсэн ч гишүүдээсээ дэмжлэг авч чадалгүй, Г.Занданшатарт ялагдаж байжээ. Энэ үед Бага хурлын гишүүдээс нэлээд нь “Д.Цогтбаатарыг намын генсекээр сонгосон бол намын дарга Ө.Энхтүвшинд толгой нь хэрэгтэй байлаа” хэмээн халагласан гэх яриа бий. Ямар ч байсан тэр хоёр дахь удаагаа намын удирдах төвшинд нэр дэвшиж мэдэх нь. Харин Бага хурлын гишүүдээс дэмжлэг хүлээх эсэхээс шалтгаалж, МАН-ын удирдлагыг гартаа авах эсэх нь тодорхойлогдоно.

МАН доторх фракциудаас хамгийн томд тооцогдож ирсэн “Хотынхон” УИХ-ын дэд дарга М.Энхболдыг намын даргад сойно. Одоогийн удирдлага Ө.Энхтүвшин ч түүнийг дэмжсэн хэвээр аж. Гол нь ерөнхий нарийн бичгийн даргад энэ фракиас хэн нэр дэвших нь бүрхэг ч нам дотроо нэлээд зальжин гишүүнд тооцогдож ирсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гараад ирэхийг үгүйсгэх аргагүй байна. Тэрээр хотын фракцид харьяалагдаж ирсэн ч хэн нам дотор нөлөөтэй болж ирнэ, түүний талд зогсдог хамелон чанар бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараагаас тэр У.Хүрэлсүхийн залуусаас бүрдсэн “Шинэчилье” хөдөлгөөнийхөнд хандан “Залуусаа дэмжиж намын удирдах албанд томилох ёстой. Хуучны кадрууд хэрэггүй, татгалзах хэрэгтэй” гэх үгийг хаяглах болсон нь өөрийгөө дэмжүүлэх далд санаа бололтой. Ер нь түүний хувьд хэн нам дотор нөлөөтэй байна, түүнийг дагаж МАН-ыг эрх барьж ирсэн хугацаанд томоохон албан тушаал хашиж ирсэн туршлага бий гэх. Гэхдээ Ж.Энхбаяр намын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөхдөө тулбал УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар нарын амбиц хөдөлж, зүтгээд үзэж мэдэх тал бий аж. Намдаа залуу боловсон хүчинд тооцогдож ирсэн С.Бямбацогтыг өнгөрсөн хугацаанд НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр намынх нь гишүүд төдийгүй олон нийт сойгоод үзсэн тал бий. Даанч У.Хүрэлсүхийн фракцид ялагдаж, хүслээр болоогүй, Г.Занданшатараас Л.Оюун-Эрдэнэд залуусын байгууллага шилжиж ирсэн талтай. Энэ нь ч У.Хүрэлсүхэд ямагт давуу тал болж ирсэн ч алдаа бас дагуулсан.

Өнөөдөр МАН-ын залуучуудын байгууллага унтаа байдалд орж, өвгөчүүлээс илүү гарч сэтгэхээ больсон нь Л.Оюун-Эрдэнэ гэх амбиц ихтэй нөхрөөр НАМЗХ-г удирдуулсантай холбоотой гэж буруутгах хэсэг бий. У.Хүрэлсүх түүнд итгэл хүлээлгэсэн ч харамсалтай нь, тэр нийгэмд тустай зүйл хийе бүтээе гэсэн залуусаа дэмжиж байгаагүй. Хаана эрх мэдэл байна, түүнд хүрч мөнгөтэй болох хүсэл мөрөөдөлтэй залууст боломж олгож ирснээр өөрийгөө ч хэн ч биш болгож хувиргасан бололтой. Өнөөдөр тэр АНУ-ын Харвардын их сургуульд суралцдаг оюутан боловч ямар замаар олсон мөнгөөр сураад байгаа нь хардлага тээдэг. АНУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын дийлэнх хувь давхар цагийн ажил хийдэг бол түүний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд пицца ч зөөж үзсэнгүй. Тэгсэн атлаа хамгийн тансаг хэрэглээтэй оюутнуудын тоонд багтаж ирэв. Араас нь түүнийг хүрээлж байдаг залуус бүгд л сурах сураг сонсогдсон. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн залуус тэр чигээрээ гадаадад боловсрол эзэмшихээр ирэх намар АНУ-ыг зорьж мэдэхээр байгаа ч намын удирдлагыг гартаа авах ажиллагаанд идэвхитэй байр сууринаас оролцох болоод байна. Харин намын удирдах албыг гадаадад сурч байгаа залууд даатгачихвал юу болж хувирах вэ. НАМЗХ-ыг удирдах энэ хугацаанд залхуу зальтай гишүүдээр дүүргэсэн тэрээр одоо бүр намаа тэр чигээр нь ийм гишүүдээр хүрээлүүлэхийг хэн байг гэхэв. Харин тэр үед “Шинэчилье” хөдөлгөөнийхний намаа шинэчлэх үйл явц залуусынх нь гараар ороод дуусна гэсэн үг. Гэхдээ Бага хурал хараахан товлогдоогүй байна, тэр болтол үйл явц хаашаа ч эргээ билээ. Одоо бол МАН дотор намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарын төлөөх марафон үргэлжилсэн хэвээр байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж