Шар тивийн шилдэг харваачид Монголд

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

Шар тивийн шилдэг харваачид Монголд

Эртний Хүннү-Сүннүгийн Монгол овог аймгууд ан ав, дайн байлдаанд нум сум хэрэглэж байсан түүхтэй. Орчин үеийн зэр зэвсэг хөгжсөн өнөө үед нум сум нь олон улсад харвааны спорт  болон хөгжиж иржээ. Тухайлбал манай оронд  1959 онд Сэлэнгэ, Төв, Булган аймаг, Улаанбаатар хотын 60 гаруй харваач Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод болсон уулзалт-харваа хийх үеэр сурын холбоог манай оронд анх үүсгэн байгуулжээ. Сурын спорт нь үндэсний их баяр эрийн гурван наадмын нэгэн төрөлд орж зуун зууны түүхийн соёлтой хамт хөгжиж орчин үетэй золгосон нь онцлог юм. Өөрөөр хэлбэл 1960 оноос манай үндэсний сурын холбоонд олон улсын харваа нэвтэрсэн нь тус холбооны үйл ажиллагааг ихээхэн өргөтгөн гадаад харилцаатай болгосон юм. Энэ цагаас хойш байт харвааны спорт манай оронд хөгжиж эдүгээ 2013 оны 2 дахь цуврал Азийн Гран При тэмцээнийг анх удаагаа эх орондоо зохион байгуулж байна. 

Уг тэмцээний анхдугаар нь Бангкок хотноо гуравдугаар сарын 9-15-ны хооронд болж өнгөрсөн.

Улаанбаатар хотноо болж буй энэхүү томоохон тэмцээнийг Монголын байт харвааны холбоо, Ази тивийн байт харвааны холбоотой хамтран зохион байгуулж байна. Тэмцээний зохион байгуулах хороон даргаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, техникийн зөвлөхөөр Азийн байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ум Сан Хо, Ерөнхий шүүгчээр Сингапурын Олон улсын шүүгч Хоонг Мау Жинг ажиллаж байгаа ба Өмнөд Солонгос, Тайвань, Казахстан улсаас Олон улсын шүүгчид урилгаар ирээд байна. Манай орны шүүгчдийн хувьд Тайланд улсад зохион байгуулагдсан олон улсын шүүгчийн сургалт семинарт хамрагдан шалгалт өгч албан ёсоор тивийн шүүгчийн эрхийг авсан гурван шүүгч ажиллаж байна. Тус тэмцээнд Ази тивийн 10 орны цэц мэргэн тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээнийг дуустал Сүнжингранд, Баянгол зочид буудалд байрлах  аж.

Манай тамирчдын хувьд үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй 24 тамирчид байт харвааны хоёр ангилалд оролцож байна. Тус тэмцээнд БНСУ-ын тамирчин, 2012 оны Лондонгийн олимпийн багийн алтан медальт Чой Хяионжу мөн ОХУ-ын тамирчин Европ тивийн аварга, Дэлхийн цомын эзэн Бальжинима Цыренжапович нарын зэрэг дэлхийн шилдэг харваачид өрсөлдөхөөр ирээд байна.

Тэмцээн долдугаар сарын 28-нд нээлтээ хийсэн бөгөөд наймдугаар сарын 2-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх юм.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж