Ерөнхийлөгч Дээд хэмжээний уулзалтад оролцож байна | News.MN

Ерөнхийлөгч Дээд хэмжээний уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Дээд хэмжээний уулзалтад оролцож байна

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний  дээд хэмжээний гуравдугаар уулзалт Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо өчигдөр эхэллээ. Дэлхий даяар тулгарч байгаа асуудлуудыг Азийн бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэх, аюулгүй байдал, энхтайвныг тогтоох талаар нэг үзэл санааг тунхаглах, харилцан итгэлцэх зорилгоор БНКазУ-аас гаргасан санаачлагыг Турк улс анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд, 2010-2011 оны хугацаанд тус зөвлөлгөөний даргалагч улсаар ажиллах юм. Энэ уулзалтад 20 гаруй гишүүн орны Төр, засгийн тэргүүн нар оролцож байна. Монгол, Афганистан, Азербайжан, Иран, Казахстан, Сири, Украин, Македон, Палестин улсуудын Ерөнхийлөгчид, Ирак , Вьетнам улсуудын  дэд Ерөнхийлөгчид, ОХУ-ын  Ерөнхий сайд, Кувейтын хаан, Камбож, Хятад улсуудын Ерөнхий сайдын орлогч болон Төрийн зөвлөлийн гишүүд оролцож байна. Мөн 8 орны Гадаад хэргийн сайд нар ирсэн байна. 

Дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө, ажиглагч статустай байсан Вьетнам, Ирак улсуудыг гишүүн орноор элсүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Ингэснээр АХАИБЗ-ий гишүүн орнуудын тоо 22 болж, Азийн газар нутгийн 90 хувийг, дэлхийн хүн амын тал хувийг хамрах боллоо. Дээд хэмжээний гуравдугаар уулзалтыг  нээж, БНТУ-ын Ерөнхийлөгч Абдулла Гөл үг хэлсэн. Тэрээр Азид итгэлцлийг бэхжүүлж, аюулгүй байдлыг тогтоохын төлөө Турк улс бүх бололцоогоор ажиллах болно гэдгийг дахин нотоллоо. Дараа нь БНКазУлсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев үг хэлэхдээ, уг зөвлөлгөөнийг Азид энхийг тогтоож, итгэлцлийг бэхжүүлэх зорилгодоо хүрсэн нөлөө бүхий байгууллага болгохын төлөө Турк улсыг идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байгаагаа хэлээд, Азид эдийн засгийг тогтворжуулах замаар аюулгүй байдлыг тогтоох тухай болон Ираны цөмийн хөтөлбөр, хоёр Солонгосын асуудал, Афганистан, Кыргызстан улсуудын нөхцөл байдлын талаар үнэлэлт дүгнэлтээ хэлэв.

Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай “ Азид итгэлцлийг бэхжүүлэх үйл хэрэгт өнөөдрийн дээд хэмжээний уулзалт үр нөлөөгөө өгч чадна гэж үзэж байна.  Бид Алма-Атыд  Азид аюулгүй байдлын асуудлыг бэхжүүлэх тухай тунхаглалд санал нэгтэйгээр гарын үсэг зурж байсан тэр үйл явдал, энэхүү дээд хэмжээний уулзалтын дараа давтагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр аюулгүй байдал гэдэг  өргөн хүрээтэй ойлголт болоод байна. Зөвхөн терроризм биш, хар тамхины наймаа, хэт үндэсэрхэг үзэл бас терроризмын нэг илрэл юм.Терроризм гэдэг бол аль нэг үндэстэн улсад хаяглах асуудал биш.  Бид Азид аюулгүй ажиллагааг бэхжүүлж, терроризмтэй хамтран тэмцэхийн төлөө байна” гэлээ. Дараа нь Азербайджаны Ерөнхийлөгч Алхам Алиев үг хэлсэн. “ Бидний хамтын ажиллагаа нь дэлхий даяар аливаа терроризмын эсрэг, аюулгүй байдлын төлөө тогтвортой байдлыг үүсгэхэд  чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Бид хамтрахгүйгээр амжилтанд хүрэхгүй.  Мөн эдийн засгийн хамтын ажиллагаа мөн амжилтанд хүрэх чухал арга хэлбэр юм” гэв. Дараалал ёсоор үдээс өмнөх хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. “Энэхүү дээд хэмжээний уулзалтын дүнд гаргаж буй тунхаглалд тусгалаа олж, гишүүн орнуудын дэмжлэгийг хүлээж  буй Монгол улсын цөмийн зэвсэггүй статусын  талаарх болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулсантай холбогдсон саналууд бол Ази тивд аюулгүй бөгөөд тогтвортой байдлыг хангах, улмаар тус тивийн улс орнуудын хооронд  эдийн засаг, дэд бүтцийн өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замыг эрэлхийлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тив, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх бусад улсын саналуудыг бид дэмжиж байна. Энэ утгаар, 2010 оны 4 дүгээр сарын 8-нд Оросын Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс цөмийн зэвсгийг хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан явдлыг бид сайшааж байна. Цөмийн зэвсгээс ангид Төв Азийн бүс байгуулагдсаныг бид талархан сайшааж байна. Эдгээр үйл явдал нь бүс нутгийн аюулгүй байдал, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гэж үзэж байна” гэлээ. Өнөөдөр үдээс хойшхи хуралдааны төгсгөлд Дээд хэмжээний уулзалтаас гарах тунхаглалд Төр засгийн тэргүүнүүд гарын үсэг зурах болно.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2010-06-09 124.207.212.134

manai erunxiilugch mundag baina lee

Avatar

Зочин 2010-06-09 193.6.218.9

Mongol sain baina bolj baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж