Монголбанкны экс ерөнхийлөгч нар Л.Пүрэвдоржийг хянах гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Монголбанкны экс ерөнхийлөгч нар Л.Пүрэвдоржийг хянах гэнэ

Өчигдөр төрийн ордон хөл хөдөлгөөнтэй байлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ өдөр Тавантолгой, Монголбанкны хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг хэлэлцсэн. Харин хажуу зэргэлдээ танхимд нь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас Засгийн газартай хамтран зохион байгуулсан “Засгийн газар-Гадаадын түншүүдийн бодлогын хэлэлцүүлэг” болно билээ. Нэг талд нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дамжуулж, төсвөө хэрхэн тэлэх тухай, уул уурхайн салбараас хэдий хэрийн ашиг олох боломжтой вэ гэдэг хувилбарыг хэлэлцэж байхад эсрэг хаалганд нь “Засгийн газрын зарлага өсөөд байна аа” гэх сануулгыг улстөрчид авсан.

Гэхдээ энэ сануулга бодит байдал дээр хэрэгжээд байх нь тун ховор. Засгийн газрын зарлага хэтэрсэн талаар Сангийн дэд сайд Т.Очирхүү “Орлогын төлөвлөгөө дутаж байгаа. Инфляцийн өсөлт болон Засгийн газрын зардлаас үүдээд манай улсын эдийн засгийн чадавхи хүндэрч байна. Үүнтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батална. Гэхдээ нэгэнт намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр болж хувирсан учраас биелүүлэхээс өөр арга байхгүй. Гэсэн ч төсвийн шинэтгэлийг бид хийж байгаа. “Хүүхдийн хөгжлийн сан”-г төсвөөс тусгаарлаж, орлогын тусдаа эх үүсвэрээр санхүүжүүлэх тооцоо хийсэн. Эрсдэлийн сангийн тухайд 2012 оноос Тогтворжуулалтын санд шилжүүлж, Чилийн туршлагыг нэвтрүүлнэ. Ерөнхийдөө орлого олох эх үүсвэр болон хэрэгжүүлэх менежмент нь үндсэндээ Чилийн жишгээр явна” гэдэг мэдээллийг гадаад түншүүддээ өгсөн. Харин Дэлхийн банкныхны хувьд нөгөө л зардлаа бууруулах хэрэгтэй, монгол төрийн нийгмийн халамжийн бодлого хэрээс хэтэрч байгаа тухай зөвлөгөөгөө давтадгаараа давтана билээ.

Тэгвэл эсрэг талын хаалганд нь уул уурхайг түших олох орлогоо хэрхэн нэмэх тухай гишүүд Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг тойглосон шигээ суусан. Гишүүдийн хувьд гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг ирэх оны нэгдүгээр сараас цуцлах нь зөв, буруу гэсэн байр сууринд удаан хугацааны турш толхилцож буй. Гэсэн ч Засгийн газраас дээрх татварыг цуцалж, оронд нь Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын тухай буюу Рояльтийн хуулийг хэрэгжүүлэх саналаа Эдийн засгийн байнгын хорооны хурлаар дэмжүүлж чадсан. Энэ хуулийг хэрэгжүүлснээр гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хэмжээний орлого олохгүй ч эхний ээлжинд 80 орчим тэрбум төгрөг төсөвт нэмэр хандив болох тооцоо бий. Ингэхдээ ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ хэд байхаас хамаарч 5-10 хувьтай байх гэнэ. Гэхдээ яг сүүлчийн хувилбар гээд байх оновчтой гаргалгаа хараахан үгүй бололтой.

Мөн энэ өдөр тус байнгын хорооны хэлэлцсэн нэг сэдэв нь Монголбанкны Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхийг дэмжсэн явдал байлаа. Шинэ багт Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Ж.Ядамсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат, Д.Моломжамц, УИХ-ын гишүүн асан Я.Эрхэмбаяр, мөн Ч.Энхбаатар, Д.Нямаа нар орох гэнэ. Тэдгээрийг тус байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Ийн зөвлөж л байдаг, болж л байдаг гэсэн өнгө аястай, үр дүн нь тодорхой харагдаад байдаггүй Дэлхийн банкны мэргэжилтнүүд зөвлөдгөөрөө зөвлөж, Монголбанкийг нэгэн цагт удирдаж явсан хоёр экс ерөнхийлөгчийг нь Хяналтын зөвлөлд нэр дэвшүүлсэн нь төрийн ордны гол үйл явдлын нэг байлаа. Дээр нь, Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Ж.Ядамсүрэн гэхээр хэнийг хэн хянах гээд байгаа нь нэг л ойлгомжгүй болох аж. УИХ дээр л эл асуудлыг нухацтай хэлэлцэхгүй бол олон ерөнхийлөгчийн үзэл бодлын зөрчил нь улс төрийн тоглолтыг хурцатгах ажээ.

Г.Отгонжаргал
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж