Ц.ЧИМЭДЦЭРЭНД ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ЯЛАА ЭДЭЛЖ ДУУСАХ ТООЦОО ГАРАВ
Ц.Чимэдцэрэн “Хадгаламж” банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 220 удаагийн үйлдлээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тогтоогдсон билээ. Түүнтэй холбогдуулан тус банкны нягтлан Б.Энхтуяа, УИХ-ын гишүүд “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын 11 хүн холбогдож анхан шатны шүүхээр орж байлаа. Анхан шатны шүүх хурал 2008 оны гуравдугаар сарын 17-нд эхэлж, маргааш нь шийдвэрээ гаргаж байсан. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Ц.Чимэдцэрэн “Би завшсан мөнгөөрөө казино тоглоод үрсэн нь үнэн. Банкнаас удаа дараагийн үйлдлээр мөнгө авч байсныг энд шүүгдэж байгаа 11 хүн мэдээгүй.
Хулгай хийж байгаа юм чинь хүмүүс мэдэхгүй. Гэтэл энэ хүмүүс миний хоморгонд шүүгдэгчийн ширээнд сууж байгаад уучлал хүсье” гээд ганцаараа буруутай гэдгээ хүлээсэн. Гурван шатны шүүх Ц.Чимэдцэрэнг арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, Б.Энхтуяаг зургаан жил хорих ял оноосон түүхтэй. Эдлэх ялын хувьд ийм.
Хоригдол Ц.Чимэдцэрэн шийтгэлийнхээ хэдэн жилийг ардаа үлдээгээд байгааг эх сурвалжийн мэдээлснээр тооцъё. Өдгөө тэрбээр цагдан хорих хугацаатайгаа нийлээд гурван жил орчим шоронд сууж байгаа аж. Хэрвээ ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай хуульд заасан. Ц.Чимэдцэрэнг тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан гэх мэдээ байгаа. Хөлсөө дуслуулж, тоосго үйлдвэрлээд шагнуулсан гэдэгт олон хүн эргэлзэж байгаа ч, шагналын хоногийг хамгийн ихээр авч, тооцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Шагналын хоног улиралд 30 хоногоос хэтрэх ёсгүй. Тэгэхээр жилд дөрвөн сар хасуулна гэсэн үг. Гурван жилийн хугацаанд нэг жилтэй тэнцэх хугацааг хасуулсан байж болох юм. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлэх ялынх нь гурван жил хасагдсан. Ингээд тооцвол Ц.Чимэдцэрэнд гурван жил гаруй хугацаанд ял эдлэх шийтгэл үлдсэн хэрэг. Үлдсэн хугацаанд өмнөх шигээ сайн ажиллавал хоёр жил хоригдох л хугацаа бий.
Нөгөө талаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд “Хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг хугацаанаас нь өмнө суллаж болно” гэж заасан байдаг. Хуульд зааснаар хоригдлыг сайн хүмүүжсэн гэж үзвэл суллаж болно. Харин хохирлыг барагдуулаагүй бол хугацаанаасаа өмнө магадлангаар орох боломжгүй. Өнөө, маргаашгүй суллагдахад нь саад болж мэдэх хохирлоо хэрхэн төлж байгааг эх сурвалжуудаас тодрууллаа.
“ШҮҮХИЙН ШИЙДВЭР ЦААСАН ДЭЭР Л ҮЛДЭНЭ”
Наранд гарах замд садаа болоод байгаа 14.3 тэрбум төгрөгийн асуудал ийм байна. Гэхдээ хохирлын хэмжээ идсэн мөнгөтэй нь харьцуулахад юу ч биш. Учир нь “Хадгаламж” банкинд учруулсан хохирлын ихэнхийг төр барагдуулах шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Тодруулбал, 14.3 тэрбум төгрөгөөс 13.8 тэрбумыг нь Төрийн өмчийн хороо барагдуулахаар болсон. Учир нь “Хадгаламж” банкийг худалдахад Төрийн өмчийн хорооноос тооллого явуулж, төрийн мэдэлд байсан үеийнх нь эрсдэлийг хүлээхээр болсон байж. Гэтэл тус банкийг төрийн мэдэлд байх үед Ц.Чимэдцэрэн 13.8 тэрбум төгрөг завшсан хэрэг. Харин хувьчлагдсанаас хойш 700 орчим сая төгрөг хулгайлжээ. Өөрөөр хэлбэл, ялтан нэг тэрбум хүрэхгүй төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой. Тэр мөнгийг нь барагдуулахын тулд Ц.Чимэдцэрэнгийн эхнэр, аав, хүүхдүүдийнх нь нэр дээр байсан байр, машиныг битүүмжлэх шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан. Үүнийг ялтны өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган эсэргүүцэж “Ц.Чимэдцэрэнгийн аав насаараа “Хадгаламж” банкинд ажиллаад хоёр өрөө байраар шагнуулсан. Түүнийгээ хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн байсан юм. Мөн өөрөө оюутан байхаасаа бизнес эрхэлж, хөрөнгөжсөн. Эхнэр нь томоохон дэлгүүр ажиллуулдаг байлаа. Энэ бүгдийг нь хурааснаар гэр бүлийнхнийг нь хамт яллаж байна гэсэн үг” гэж давж заалдсан. Гэвч гурван шатны шүүх хөрөнгийг хураах шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Энэ хураагдсан хөрөнгийг Төрийн өмчийн хороо хохирол барагдуулсныхаа төлөөс болгож авах учиртайг эх сурвалж хэлсэн. Гэхдээ өр төлбөр барагдуулах, хураасан хөрөнгийг хэрхэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба хариуцаж буй аж. Хохирогч болоод байгаа “Хадгаламж” банкны хохирлыг барагдуулсан эсэхийг хуулийн хэлтсээс тодруулахад “Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлээр дамжаад хохирлыг барагдуулж байгаа. Гэхдээ бөөнөөр нь биш шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраар дамжин Төрийн өмчийн хороо болон, Ц.Чимэдцэрэнгийн төлөх мөнгөөс хасагдаж байгаа” гэсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр өнгөрсөн онд л гэхэд Төрийн өмчийн хорооноос “Хадгаламж” банкинд гурван сая гаруй ам.доллар шилжүүлсэн аж. Харин ялтан хохирлыг барагдуулсан эсэхийг асуухад эх сурвалж “Шүүхийн шийдвэр цаасан дээр л үлдэнэ. Юугаа барагдуулдаг юм” гэж доог хийсэн хариуг өглөө.
ХӨРӨНГӨ ОРУУЛСНЫХАА ШАНД СУЛЛАГДАХАА ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭВ ҮҮ
Банкнаас завшсан их хэмжээний мөнгөөр долоо хоногт хоёр удаа Солонгос руу очиж казино тоглож байсан гэдгээ Ц.Чимэдцэрэн хүлээсэн. Бүр “Хавтаст хэрэгт миний тоглож байсан казиногоос хоёрыг нь дутааж бичсэнд гомдолтой байна” гэж билээ. Ингэж үнэнчээр хэргээ хүлээсэн нь “Надад мөнгө байхгүй. Хохирлыг барагдуулж чадахгүй шүү” гэж дохио өгсөн хэрэг. Гэвч чанга дэглэмтэй Зүүнхараагийн хорих ангид Ц.Чимэдцэрэн багагүй хөрөнгө оруулалт хийсэн мэдээ чих дэлсэж байгаа. Тодруулбал, нэг тэрбум гаруй төгрөгөөр шоронгийн хашаа бариулсан гэдэг. Үүний шанд тэнд түүн шиг эрх мэдэлтэн байгаагүй гэх. Хөлсөө дуслуулаад тоосго үүрээд байна гэсэн чинь юу вэ. Тусдаа өрөө бэлдүүлчихээд телевизийн суваг сольж, өдөр тутмын сонин эргүүлсэн шиг тансаглаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн шоронд мөнгөө зарцуулсны хариуд хугацаанаасаа өмнө суллагдахаар магадлангийн хурал хүлээж байгаа гэнэ.
Ц.Чимэдцэрэнг хугацаанаасаа өмнө суллагдах гэж байгаа нь үнэн эсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Надад мэдээлэл алга” гэснээс өөрийг хэлсэнгүй. Харин эх сурвалж ялтанг Зүүнхараагаас Амгалан дахь 241 дүгээр ангид шилжин ял эдэлж байгаа гэсэн юм. Амгалангийн хорих ангийн жижүүрээс энэ талаар асуухад “Ц.Чимэдцэрэн ирээгүй. Ялтны талаар мэдээлэл өгөх ёсгүй. Холбогдох газраас нь асуусан нь дээр” гэв.
Б.Цэцэгдэлгэр
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.