Ажилгүйдэл нэмэгдэж, амьжиргааны түвшин буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Ажилгүйдэл нэмэгдэж, амьжиргааны түвшин буурчээ

Энэ оны хувьд монголчууд урьд өмнө үзэж, ха­раагүй, сонсоогүй олон зүйл­тэй тулгарсан гэж хэлж болно. Өмнө нь нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжээс өөрөөр төр засгаас бэлэн мөнгө авч үзээгүй байсан бол уул, уурхайн баялгийн хувь, хишиг нэртэй намуудын амлалт 70 мянган төгрөгийг бэлнээр авсан. Манай улсын чухал баялгийн нэг болох таван хошуу малынхаа бараг л дөрөвний нэгийг нь цас зуд, байгалийн гамшгаар алдсан. Мөн ард иргэд нэг хэсэгтээ А хүрээний N1H1 вирусээс болж хотын гудамжаар тай­ван алхаж чадахаа байсан гээд тоочоод байвал олон зүйлс тохиолдсон гэхэд болно. Дээрээс нь нэмээд дэлхий дахинд нүүрлэсэн эдийн засгийн хямрал манай улсын нийгэм, эдийн засагт одоог хүртэл нөлөөлсөөр байна.
Үндэсний статистикийн  хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүү­дийг харуулсан статистик мэ­дээллийг гаргадаг билээ. Манай улсад хүн амын амьжир­гааны түвшин хэр байгаа, ядуурал, хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг олон хүчин зүйлсийг нэгтгэн гаргасан зарим судалгаанаас хүргэе.

АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА
Тухайн иргэний, өрх  гэрийн цаашлаад улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал иргэдийн сэтгэл  ханамж. Иргэн бүр өөрийн гэсэн ажлын байртай, хөдөлмөр эрхэлдэг байвал маш том ахиц дэвшил. Ажилгүйдлийг арилгаснаар ядуурлыг арил­гах болно. Нам, нэр дэвшигч бүрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэгдүгээрт ша­хам бичигддэг энэ асуудал олон сонгуулийн нүүр үзээд байгаа ч “од” болсоор л байна. Энэ оны эхний улирлын байдлаар ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 38.1 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувиар өссөн байх юм. Үүний цаана хөдөлмөрийн биржид бүртгүү­лээгүй өчнөөн олон ажилгүй иргэн байгаа нь тодорхой.

МАХНЫ ҮНЭ УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР ӨССӨН
Нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг манай улс удахгүй малынхаа махыг хамгийн өндөр үнээр авч иддэг орнуудын нэг болох нь ээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар нэг кг хонины мах дунджаар ястай ясгүйгээсээ хамаарч 2590-2900 төгрөг, үхрийн мах 2900-3400 төгрөг, ямаа 1800, адууны мах 2400 төгрөг байсан юм.  Харин дараа сард нь махны үнэ харьцангуй тогтвортой байв. Өнгөрсөн гуравдугаар сард тодорхой хувиар өсч эхэлсэн дүр зураг харагдаж эхэлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар мах идэхгүйгээр амьдарч чаддаггүй монголчуудыг махнаас гаргахаас өөр аргагүй болгох үзүүлэлт гарчээ. Амьдрал дээр төдийгүй цаасан дээр ч бидний амьдрал өөдлөх биш уруудаж байгаа жишээ энэ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа­наас үзвэл хонины махны үнэ дунджаар 5540 төгрөг, үхрийн мах 6113-6450 төгрөг, ямааны мах 4000 төгрөг, адуу 4317 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх сарын үнэтэй харьцуулбал зарим нь бага хэмжээгээр өсч, зарим нь бага хэмжээгээр буурсан ч оны эхний үеийнхтэй харь­цуулбал хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Өмнө нь бидэнд махаа 7000 шахам төгрөгөөр авч идэж байсан түүх байх­гүй гэхэд хилсдэхгүй. Үнээ нэм­сэн шалтгаанаа зуд турхан, малын хорогдлоос л ийм юм боллоо хэмээн шал­таглаж байгаа ченжүүд, “эх дэлхийгээ аварч, цагаан хоол­тон болцгооё” хэмээн уриал­даг хүмүүс махны үнийн энэ­хүү өсөлтөд баярлаж байгаа нь дамжиггүй. Зөвхөн махаар зогсохгүй хүнс­ний өргөн хэрэглээний ба­раа болох гурил, элсэн чихрийн үнэ ч энэ онд дээд хэмжээндээ хүртэл өссөн. Цагаан будааны үнэ одоогийн байдлаар 1800 орчим төгрөгт хүрчихээд байгаа нь нэг талаар бэлэн мөнгө ихээр та­раасантай холоотой ч нөгөө талаар урд хөрш маань бу­даа­гаа  экспортлохоо болисон­той холбоотой юм.
Статистик мэдээгээр энэ онд улсын хэмжээнд нийт найман сая гаран мал бай­галийн гамшгийн улмаас бу­юу зүй бусаар хорогдоод байгаа. Нийт хорогдсон ма­лын ихэнх нь ямаа, хонь хэ­мээн мэдээнд дурьджээ.  Манай улс эрс, ширүүн уур амьсгалтай, хатуу өвөлтэй ч өмнөх жилүүдэд нүүрлэж байсан зудын гамшгийн хор, хохирол өдийн тооны малыг авч одсон тохиолдол байхгүй юм.

ӨРХИЙН ОРЛОГО ЦААСАН ДЭЭР Л НЭМЭГДСЭН
Үнийн өсөлт, амьжир­гааны түвшний доройтол нь улсын төсвөөс их хэмжээний тэтгэвэр, тэтгэмж, хувь хишгийг тараасан явдал хэмээн эрдэмтэн, судлаачид үзээд буй. “Эх орны” хишиг буюу “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг энэ жилийн эхний улир­лын хэмжээнд 2.3 сая ир­гэнд өгчээ. Тэгэхээр ард иргэддээ төсвийн мөнгөнөөс бэлнээр 162.3 тэрбум төгрөгийг тараасан гэсэн үг.  Иргэд  нэ­гэнт өгсөн мөнгийг авахаас яах вэ хэмээн хишгийг хүрт­сэн ч,  эргээд төр засгийн буруу бодлогыг шүүмжилсээр байгаа. Хэдийгээр цаасан дээрх мэдээнд хүн амын ор­лого, цалин нэмэгдсэн гэж  буй ч амьдрал дээр энэ нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд дарагдаад бодит өсөлт болж байгаа нь юу л бол.
 Мөн нийгмийн халамжийд (тэтгэвэр, тэтгэмж) эх­ний улирлын байдлаар 170.9 мянган хүнд 15.4 тэрбум төгрөгийг өгсөн үзүүлэлтийг тус газраас гаргажээ. Харин улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ улиралд 781 тэрбум төгрөг байснаас нийт тэнцэл 190.1 төгрөгийн алдагдалтай гарсан байна. Мөн төсвийн урсгал орлого 753.7 тэрбум төгрөг, үүнээс урсгал зардал 763 тэрбум төгрөг болж урсгал тэнцэл 9.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан хэмээн Статистикийн ерөнхий хорооны тайланд мэдээлжээ.

Т.Урангэрэл.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж