
National Geographic Монгол төсөл, National Geographic Kids Монгол сэтгүүлээс санаачлан, ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургуультай хамтран, БШУЯ, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, МУИС-ийн Мэдээлэл Технологийн сургууль, PC Mall, NTV телевиз, Аэрофлот компаны дэмжлэгтэйгээр “Монгол Вундеркинд-2013” олимпиадыг амжилттай зохион байгуулж үндэсний ялагчидаа тодруулсан билээ. Үндэсний ялагч болсон Г.Төрболд, У.Баярбат, Л.Амарболд нар ОХУ-ын Санкт Петербург хотноо газарзүйн дэлхийн аварга шалгаруулах The National Geographic World Championship тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна.
“Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн нэг баг болон оролцож байгаа гурван сурагч өчигдөр явагдсан тэмцээнээр Санкт-Петербург дэх дурсгалт газрууд руу хамгийн богино хугацаанд явган аялж, хамгийн их мэдээлэл цуглуулж, мэдээллийн хамгийн чухал хэсгийг сонгон таван минутанд багтаж танилцуулга хийх даалгаврыг маш амжилттай гүйцэтгэн олон улсын багш, сурагчдыг үнэхээр гайхшруулж чадлаа.
Түүх соёлын дурсгалт 13 газрыг хугацаанд багтан, зөвхөн газрын зураг ашиглан явган явж, зургийг нь авж, мэдээллээр баяжуулан танилцуулга бэлтгэх үнэхээр хүнд боловч сонирхолтой даваа байлаа. Монголчууд асуудлыг өргөн хүрээнд цэгцтэй илэрхийлж чаддагаараа, мөн Англи хэлний мэдлэгээрээ илт давуу байв. Унаган Англи хэлтэй орны сурагчид бичсэн зүйлээ уншиж танилцуулсан бол манай сурагчид шууд ярьсан байна. Уралдааны үеэр гадаадын олон хүн “Монголд хүүхэд бүр ийм мундаг уу, ийм царайлаг уу, Англи хэл танай хоёр дахь хэл үү” хэмээн асууж байжээ. “The National Geographic World Championship” тэмцээний мэдээллийг Санкт-Петербург хотоос “National Geographic Kids Монгол” сэтгүүлийн ерөнхий редактор Э.Цолмон манайд мэдээллээ. Яг одоо Монголын баг хоёрдугаар шатны уралдаандаа оролцож байна.
