Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Цалинтай оюутнууд

Зуны амралт оюутнуудын хувьд ажил хийж, аав, ээжийнхээ ачаанаас хөнгөлөх аятайхан цаг боловч нэгэн үе суралцаж байгаад нь бүү хэл сургуулиа төгссөн залуучуудад нь ажлын байр олддоггүй хүндхэн жилүүд байв. Ямар аргатайдаа л зарим оюутнууд сургалтын төлбөрөө олохын тулд сургуулиасаа чөлөө авч, Өмнөд Солонгост ажиллах хүчин болж очихоор зүтгэх вэ дээ. Тодруулж хэлбэл, 2004-2009 оны хооронд Монголын хамгийн боловсролтой, эрүүл чийрэг залуус гадаадад ажиллах хүчин болж экспортлогдож оронд нь ямар ч шалгуургүйгээр харийн ажиллах хүчин зөрж ирдэг гажиг тогтолцоо үйлчилсэн юм. Одоо бол байдал өөрчлөгджээ. Харийн нутагт ажиллах хүчнээр явах залуусын тоо буурч эх орондоо хөдөлмөрлөхийг илүүд үзэх болов. Оюутнуудын хувьд ч сэтгэл зүтгэл байвал эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож ажил хийж сурах боломж бүрджээ. Сарынх нь цалин 500 мянган төгрөг, үүн дээр тухайн ажилласан компаниас 200 гаруй мянган төгрөгийн нэмэлт цалин авна. Нэг ёсны сарынх нь цалин 700 мянган төгрөг. Хоёр сар ажиллахад сургалтынхаа жилийн төлбөрийг бараг өөрсдөө хөдөлмөрлөөд олчихож байгаа юм. Өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгө ямар их үнэ цэнэтэй амттай байдгийг ажилд ороод анхны цалингаа авсан хүн бүр тодхон санах нь лавтай. Тэр тусмаа ажил хийж сургалтын төлбөр, сургуулийнхаа бэлтгэлийг хангахаар зүтгэж байгаа оюутан залуусаар эцэг, эх нь бахархаж суугаа нь мэдээж. Одоо тэдгээр залуусын төлөөлөл авто зам, төмөр зам, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөлийн цемент шохой, Багануурын нүүрсний уурхайд ажиллаж байна гэх мэдээллийг Монголын Залуучуудын холбооны “Ажлын гараа” төслийн ерөнхий зохицуулагч Н.Энхбаяр хэллээ.

"Ажлын гараа" төслийг МЗХ санаачилж, Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн хичээлийн жил нийт 140 мянган оюутан суралцсан тухай тоон мэдээ бий. Хэдийгээр төсөлд бүх оюутныг хамруулах боломж хомс байгаа ч энэ жилийн хувьд эхний ээлжинд 75 оюутан сарын 700 мянган төгрөгийн цалин авч ажиллаж байгаа нь чамлах үр дүн биш болохыг холбогдох хүмүүс нь хэлж буй. Хэрвээ Улаанбаатар хотноо баригдах хурдны зам барих ажил эхэлбэл, дахин “Гавшгай 15 залуу” авто зам барихаар очих юм байна. Тэд дээрх ажилд зуучлагдан очсоноор үндсэндээ “Ажлын гараа” төсөлд хамрагдах оюутнуудын багийг отголуулна. Гэхдээ ирэх жил төсөлд оюутнуудыг далайцтай өргөн оролцуулах учраас энэ жилийнхэд хамрагдаж чадаагүй нь ирэх жилийн зуны амралтыг хүлээж байгаад Монголын Залуучуудын холбоонд хандахад ажилгүй суухгүй нь. Харин одоо “Ажлын гараа” төсөлд хамрагдсан залуус хаана ажиллаж байгааг тодруулъя.

“Хөтөлийн цемент” үйлдвэрт хоёр баг ажиллаж байна

Улсдаа хамгийн томд тооцогдох “Хөтөлийн цемент”-ийн үйлдвэрт “Гавшгай 15 залуу” багийн хоёр бригад ажиллаж байгаа аж. Энэ нь нийт 30 оюутан тус үйлдвэрт ажиллаж байна гэсэн үг.

Тус үйлдвэр нь өнгөрсөн жил Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрээ өргөтгөсөн. Жилдээ 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байсан тус үйлдвэр өргөтгөл хийснээр жилийнх нь хүчин чадал 1000 тонн цемент үйлдвэрлэх боломжтой болж өргөжжээ. Монголд бүтээн байгуулалтын ажил цар хүрээгээ тэлж жилийн хэрэглээ 1.5 сая тонн цементээр хэмжигдэж байгаа энэ үед оюутан залуусын хувьд тус үйлдвэрт зуны амралтынхаа хугацаанд ажиллана гэдэг нь улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нэг хэлбэр юм . Нөгөө талдаа оюутан гэхээр л заавал ширээний ард суух ёстой бус ажлыг хүндээс нь эхлүүлснээр сургуулиа төгсөхөд илүү туршлага сууж, хэнд ч гологдохгүй дээд мэргэжилтэн болж төгсөнө гэж хэлэх хүн байна.

Оюутнууд авто зам, төмөр замын ажилд дайчлагджээ

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу энэ жил зургаан аймгийг хатуу хучилттай авто замаар холбохоор болсон. Үүний нэг нь Улаанбаатар-Мандалговь хооронд тавьж буй 104 км авто замд 15 залуу туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Ажил амаргүй боловч оюутнууд хариуцлагатай ажиллаж байгаа гэнэ.

Тэгвэл “Монголын төмөр зам” компанитай гэрээ байгуулснаар мөн 15 залуу төмөр замын чиглэлээр ажлын гараагаа эхлүүлсэн бол Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэрт” дээрх тооны оюутнууд мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Тэдний хувьд ШУТИС-д суралцдаг, ирээдүйд уул уурхайн боловсон хүчнүүд болж бэлтгэгдэн гарна. Суралцах хугацаандаа мэргэжлийнхээ чиглэлээр ажилласнаар илүү дадлага туршлага олж авах сайн талтай аж.

Уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа дараагийн баг нь Багануурын нүүрсний уурхайд хуваарилагдан очжээ. Мөн л 15 залуу улаанбаатарчуудын нүүрсний хэрэглээг хангахад гар бие оролцож байгаа аж. Нийт 1026 ажилтан албан хаагчидтай төрийн өмч давамгайлсан эл уурхай өнгөрсөн жил 3541.6 мянган тонн нүүрс олборлож байжээ. Харин өнгөрсөн өвөл нийслэлчүүдийг хямд үнэтэй нүүрсээр хангахад “Багануурын” уурхай Засгийн газрын шийдвэрийг биелүүлж ажилласан юм.

Ийнхүү оюутан залуус эх орныхоо хамгийн үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдэд ажил хийнгээ дадлага олж, сургалтын төлбөрөө ч олж байна. Залуустаа ажлын амжилт хүсье.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж