Ханшийн савалгаа хямралыг дохиолов

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Ханшийн савалгаа хямралыг дохиолов

Долоохон хоногийн дотор 50 төгрөгөөр нэмэгдсэн ам.долларын ханшийн савалгаа эдийн засгийн хямралын эхний дохио болов.

Ашигт малтмалын экспорт дээр тулгуурлаж баталсан төсөв нь өнөөдөр маш их алдагдалтай, үүнийгээ хэрхэн нөхөх вэ гэж шаналж суугаа эрх баригчид одоо ам.долларын ханшийн савалгааг яаж тогтоох вэ гэсэн бас нэгэн толгойны өвчин тулгарах нь ээ. Ашигт малтмалын хуулийн хүлээлт их, хууль батлагчдын тогтворгүй араншин, бодлого боловсруулагчдын шунал, иргэний хөдөлгөөнийхний эх оронч тоглолтоос болж гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос гадагшилж байгаа нь экспортын орлогоороо амьдардаг манай улсын эдийн засагт цаашид тогтворгүй байдал үүсгэж магадгүй болчихоод байна. Шинэчлэлийн Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг нөхөхөөр Чингис бондыг гаргаад ч эдийн засгийн сөрөг үзэгдлүүдийг барьж дийлэхгүйд хүрч байна. Хөрөнгө оруулалтыг дагаж, Монголыг чиглэдэг валютын урсгал саармагжихын хэрээр дотоодын зах зээлд ам.долларын дутагдал үүсэх нь тодорхой.  Нөгөө талаас улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаж, ядаж байхад Монголын ганц зах зээл болох Хятадын эдийн засаг саармагжиж байгаа нь найр наадам, аялал, зугаалгад наазгайраад өнөөхөндөө сэтгэл амар суугаа монголчуудыг ирэх өвлөөс бүсээ чангахан бүслэхээс өөр гарцгүйд хүргэх вий. 

Боловсруулах үйлдвэргүй, архи, дарс, талх чихэр, мах сүүнээсээ бусдыг гадаадаас импортолдог манай орны хувьд үнэндээ ам.долларын ханш өснө гэдэг муу мэдээ. Өөрөөр хэлбэл, Монголын орлого өдрөөс өдөрт хумигдаж, зарлага нь дийлдэхээ байсны тод илрэл юм. 

Тоон мэдээ зах зухаас нь дурдвал нийт экспортын 36 хувийг эзэлдэг байсан нүүрсний салбарын жин 17 болтлоо хоёр дахин багассан бол гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлт нь 17 хувьтай гарч байсан 2011 онтой харьцуулахад өнөөдөр гуравны нэг болтлоо буурчихаад байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25, экспортын 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. 2012 оны гадаад худалдааны статистик мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн онд манай улсын экспортын 43.7 хувийг нүүрс, 22.1 хувийг зэсийн баяжмал, 13.7 хувийг төмрийн хүдэр, 8.7 хувийг боловсруулаагүй газрын тос эзэлжээ. Сангийн яамныхан уул уурхайн салбараас энэ онд улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого оруулна гэсэн тооцоог гаргажээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нөөц ашигласны төлбөр зэрэг уул уурхайн орлого нь улсын төсвийн нийт орлогын 24 орчим хувийг эзэлнэ хэмээн тооцоолсон байдаг. 2012 оныхоос бараг 62 хувиар өссөн энэхүү төсөөллийг Дэлхийн банк хэтэрхий өөдрөг төсөөлөл хэмээн шүүмжилж байсныг одооноос л монголчууд мэдэрч эхлэх нь. Долларын ханш өснө гэдэг үнэндээ бүх бараа бүтээгдэхүүний үнэд өөрчилөлт орохын эхлэл. Бараа бүтээгдэхүүн өсөөд эхэлбэл хурдыг нь саармагжууллаа гээд хөөрөөд байсан инфляцийн энерци дээшээ огцом цойлох нь ойлгомжтой.

Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнийн уналтын цинкл ид явагдаж байгаа, цаашид энэ нь хэдэн жилээр ч үргэлжилж магадгүй байхад Засгийн газар ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг дотоодын зах зээлд гаргасан нь ам.долларын савалгаа үүсэх бас нэгэн шалтгаан болжээ. Өнгөрсөн сараас эхлэн олгосон найман хувийн хүүтэй зээл барилгын салбарт үнийн хөөс үүсгээд зогсохгүй валютын ханшийг ч савлуулж байна. Тэмээн дээр ямааны гарз гэгчээр хамгийн эмзэгхэн байдаг банк санхүүгийн салбарт гарсан Хадгаламжийн банктай холбоотой асуудал ч эдийн засагт тодорхой сөрөг үзэгдлүүдийг үлдээхэд хүрлээ. Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Эдийн засгийн сөрөг үзэгдлүүдээс болж халуун зунаар савалж эхэлсэн ханшийн өсөлт улирлын нэмэгдэлтэй нийлбэл Чингис бондоор цойлдож, нөхөөд ч эдийн засагаа аврахад хүндхэн болох биз. Муу амалж байгаа ч юм биш, ханшийн савалгаа ийнхүү үргэлжилсээр байвал хямрал болно гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, компаниудын орлого багасч, төсвийн алдагдал нэмэгдэж, төрийн зарлага нь дэндэж, экспортын орлого муудаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байвал хямрал болохгүй гээд яах юм. Харин ч хямралаас гаргах төвөлгөөгөө эртнээс боловсруулж болох бус уу.

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж