
“Гудамж” төслийн хүрээнд “Өргөө” кино театрын өмнөх уулзвар болон Өнөр хорооллын (Саппорогийн) тойрог, 19 дүгээр хороолол дахь АПУ ХК-ийн арын, Тээврийн дээд сургуулийн урд, Дарь-Эх Сансарын, Дамбадаржаагийн уулзваруудыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчлээд байгаа. Тэгвэл эдгээр болон зам засварын бусад ажлын үр дүнд замын хөдөлгөөний ачаалал буурч, зорчигчдын цаг завыг хэмнэж буй эсэхийг дээрх санал асуулгаар тодруулжээ.
Санал асуулгад оролцсон нийт 1826 хүнээс 178 нь буюу есөн хувь нь “Замын хөдөлгөөний ачаалал огцом буурсан” гэж хариулсан бол 268 хүн буюу 14 хувь нь “Түгжирч бухимдахгүй сайхан байна” гэж хариулжээ. Харин 41 хувь нь буюу 754 хүн “Дөрвөн замын уулзваруудыг дахин нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ. “Гудамж” төсөл нийгмийн энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн хотын төвийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгох ажлыг өрнүүлж байгаа билээ. Одоогийн байдлаар зургаан уулзварын ажил дууссан бол таван ажил ид үргэлжилж, ойрын хугацаанд дахин есөн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төслийн ажил иргэдийн шаардлагатай бүрэн нийцэж байна гэж ойлгож болох юм.
Харин санал асуулгад оролцогчдын 24 хувь нь “Замын ачаалал буурахгүй хэвээрээ байна”, найман хувь нь “Ачаалал буурсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй” гэжээ. “Гудамж” төслийн ажлаас гадна улирлын чанартайгаар нийслэлд зам засвар, өргөтгөл шинэчлэлийн олон ажил зэрэг өрнөж байгаа. Тиймээс одоохондоо зарим ажлын үр дүн шууд мэдрэгдэхгүй, ажлын явцаас шалтгаалсан замын ачаалал их байж болох талтай.

Ямартай ч, нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх, тэр дундаа уулзваруудыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгох нь зайлшгүй шаардлага хийгээд чухал ач холбогдолтой ажил гэдэг нь дээрх санал асуулгаас харагдаж байна.