
Улсынхаа бүх өндөр оргилоос цанаар буухаар төлөвлөж байсан Уулын
спортын олон улсын хэмжээний мастер, Цанын спортын мастер Г.Бат-Оронго
энэ сарын 21-нд Монголын хамгийн өндөр уул Алтай Таван Богдын Хүйтэний
оргил /Далайн төвшинөөс дээш 4374 м/-оос 2 дахь удаагаа цанаар бууж шинэ
амжилт тогтоосон байна.
Тэрээр өмнө 2008 онд Цамбагарав оргилоос
/Далайн төвшинөөс дээш 4021 м/, 2009 онд Хархираа оргилоос /Далайн
төвшинөөс дээш 4207 м/, 2010 онд Алтай Таван Богдын Хүйтэний оргил
/Далайн төвшинөөс дээш 4374 м/, 2011 онд Мөнххайрхан уулын Сүхбаатар
оргил /Далайн төвшинөөс дээш 4325 м/ болон Барилгачин оргилоос /Далайн
төвшинөөс дээш 4322 м/ тус тус уулын цанаар бууж байсан аж.
Өдгөө
60 нас гарсан энэ эрхэм Монгол Улсын гавьяат тамирчин Д.Өсөхбаярыг
дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд 2006 онд авирахад бэлтгэлийг
хангаж, хамгийн том санхүүжилтыг олж өгж байсан түүхтэй.
Мөн
Эверестэд анх гарсан эмэгтэй уулчин домогт Жунко Табэй 1986 онд Увс
аймгийн Дэглий Цагаан оргилд авирахад тэр алдарт эмэгтэйд хөтөч хийж
байсан түүхтэй ажээ.






