Германы түүхч Солонгосын дайны тухай

Хуучирсан мэдээ: 2013.07.28-нд нийтлэгдсэн

Германы түүхч Солонгосын дайны тухай

Өдгөөгөөс 60 жилийн өмнө 1953 оны долдугаар сарын 27-нд Солонгосын дайн дуусчээ. Дайн ямар үүрэгтэй байв? Энэ талаар, цуст мөргөлдөөний үр дүн, сургамжийн талаар Германы түүхч, Потсдамын их сургуулийн профессор Бернд Штёвер (Bernd Stцver) Дойче Велле агентлагт ярилцлага өгчээ.

Бернд Штёвер

-Солонгосын хойгийн дайн хоёр орны хувьд ямар үр дагавартай байв?

-Өмнөд Солонгосын хувьд дайн мартагдаагүй. Тэнд болж байгаа бүхэн л тэр дайнд хамааралтай бөгөөд үр дүн нь юм. Хэрэв Хойд Солонгосын хилийн зүг явбал Өмнөд Солонгос байнгын дайны бэлтгэлд хамгаалалт хийхэд ямагт бэлэн байгааг харж болно. Өнөөдөр яриа бага зэрэг намдсан ч тэр мөргөлдөөн хүмүүсийн сэтгэл санаанд үлджээ.

Хойд Солонгосын хувьд тэр дайн нь тус орны оршин тогтнож байгаа домгийн нэг юм. Тэр домгоор өмнөд солонгосчууд америкчуудын өдөөн хатгалгаар Солонгосын цорын ганц хууль ёсны дэглэмийн эсрэг довтолгоонд орж, улс орныг эвдлэн сүйтгэсэн болж байгаа. Тэр дайн нь Хойд Солонгосын удирдлагын  цэрэг, улс төрийн ямар ч арга хэмжээг түүний тоонд цөмийн туршилт болон пуужингийн хөөргөлтийг  зөвтгөх хэрэгсэл нь болж байна. Учир нь Пхеньян байнга гадны занал ирж байна гэдэг. Ердийн иргэд нь албан ёсны тэр сурталчилгаанд нь итгэхээс өөр замгүй байгаа. Ер нь бол тэдний эрх баригчдын албан ёсны баримтаар 1950 онд БНАСАУ довтолгоонд өртөөд өөрсдийн цэргийн ололтоор дайнд  ялсан гэдэг.

-Хүйтэн дайны хүрээнд Солонгосын дайн ямар байр суурь эзлэх вэ?

-Солонгосын дайн нь хүтэн дайны жилүүдийн анхны “халуун дайн” юм. Түүний үр дүнгийн нэг нь Америкчууд  цөмийн зэвсэг хэрэглээгүй явдал болж байна. Дайнд хятадууд оролцож эхлэнгүүт Америкийн генерал Дуглас Макартур Хятадад цөмийн цохилт өгөхийг шаардсан байв. Тэр үеийн ерөнхийлөгч Гарри Трумэн уг саналыг буруу сонгосон дайсны эсрэг, буруу цагаар хийгдэх хэрэггүй дайн гээд хүлээн аваагүй билээ.

Цөмийн зэвсэг хэрэглэх цорын ганц улс бол Зөвлөлт гэж америкчууд үзэж байсан. Үүний зэрэгцээ АНУ зөвлөлтийн нөлөөг гурав дахь орнуудад тараахгүйг хүсч байлаа. Үр дүнд нь 1945-1991 онуудад дайсагнасан хоёр эвслийн хооронд орон нутгийн чанартай 150 дайн дэлхийд гарчээ.

-БНАСАУ ба БНХАУ-ын хооронд холбоотны харилцааг бэхжүүлэхэд Солонгосын дайн ямар үүрэгтэй байв?

-Ким Ир Сен Москвад очин Сталинтай уулзаад Солонгосын хойгийн нэгтгэх дайныг дэмжих үү гэж асуусан байв. Хэдэн сар бодсоны эцэст Сталин зөвшөөрчээ. Гэхдээ тусламж гуйхаар бол Бээжинд ханд гэсэн байлаа. Ким Бээжинд очоод Мао Цедуны дэмжлэгийг бас авчээ. Түүний тусламж нь 1950 оны аравдугаар сард Өмнөдийн арми ба НҮБ-ын цэрэг Хятадтай хил залгаа Ялузян голын эрэгт ирэх үеэр хэрэг болсон байв.

Хятадын ардын сайн дурынхан гэж нэрлэгдсэн арми асар их хохирол амссан ч Хойд Солонгост газар нутгаа эргүүлэн эзэлж 38 дугаар параллелиас доош фронтын шугамыг тогтоох боломжийг өгөв. Тэнд байлдагч талууд хэсэг хугацааны дараа дайныг дуусгасан юм.

Хятадууд туслаагүй бол дайн 1050 оны арваннэгдүгээр сард дуусч, Кимийн дэглэм алга болох байлаа. Зөвлөлт холбоот улс ч Пхеньянд тийм өргөн цар хүрээтэй биш ч гэсэн, оросын нисэгчид агаарын хамгаалалтыг нь МиГ-15 сөнөөгч онгоцнуудаар хийж байв. Гэхдээ гол хүчин зүйл нь хохирлоос үл хамаарсан тэмцэх эрмэлзэл нь болсон билээ. НҮБ-ын цэргийн хохирол нь 37 мянган хүн болсон ба хятадууд хэдэн зуун мянган цэргээ, Хойд Солонгос сая сая хүнээ алдсан юм.

-Мао Зэдунд Хойт Солонгосын талд зогсох ямар шалтгаан байв?

-Нэг талаас Бээжин Кмийн дэглэмийг унагах хүсэлгүй байсан. Гол нь сурталчилгааны улмаас. Харин Мао цөмийн дайнаас айж байсангүй. Тэрээр цөмийн дайны дараа дэлхийн хувьсгал хийх хангалттай цэрэг үлдэнэ гэдгийг шууд ойлгуулж өгөв. Мао Хятадын иргэний дайны үеэр ч тийм бололтой, хохирлоос нэг их цэрвэж байсангүй.

Дайны дараа ЗХУ, Хятад хоёр Хойд Солонгосын бүтээн босголтод тусалж байлаа. Орос, Хятадын харилцаа муудсан жараад онуудад Хойд Солонгосын дэглэм Бээжингээс улам улам ихээр хамаарах болсон юм. Өнөөд хятадууд тэдэнд тусалж байгаа нь хажуу бөөрөндөө АНУ-ыг гаргаж ирэхгүй гэсэн хүсэл юм.

Өнөөдөр Хойд Солонгос Хятадын холбоотон гэдэг статусдаа таарахаар ажиллахгүй байгаа. Тэд цөмийн болон пуужингийн туршилтаа Бээжинтэй зөвшилцөлгүй хийж байна. Дэн Сяопэнийн шинэчлэлийн дараа Пхеньян Бээжинд итгэл муутай хандаж байна. Пхеньян байгаа бүх аргаараа шинэчлэлийн эсрэг зогсч, тэр нь улсынхаа шинж төрхийг эвдэнэ гэж айж байгаа. Тэд үүнийг Зүүн Герман унасан сургамжаас авсан гэж болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж