Энэ жил Ардын хувьсгалын дараахан байгуулагдсан анхны дөрвөн аймаг болох Архангай, Завхан, Хэнтий, Төв гэсэн аймгуудын түүхт 90 жилийн ой болж байгаа билээ. Харин өнөөдөр болсон Завхан аймаг байгуулагдсаны 90, Улиастай хот байгуулагдсаны 280 жилийн ойн хурдан их насны морьдын уралдаанд Ховд аймгийн уугуул аймгийн алдарт уяач Батчулууны Ерөөлтийн хурдан халзан морь түрүүллээ. Энэхүү хурдан буян тав дахь давхар уяагаараа ийнхүү “Баруун бүсийн хурд – 2013” уралдаанд түрүүлж байгаа нь энэ юм. Өмнө нь Б.Ерөөлтийн энэхүү зээрд халзан морь “Дүнжингарав-2012” хаврын бүсийн уралдаанд түрүүлж байсан бол энэ жилийн “Дүнжингарав” уралдаанд түрүүлсэн юм. Мөн энэ хавар болсон “Эрдэнэтийн хурд-2013” уралдаанд түрүүлж, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд айргийн гурваар хурдласан бол Монголын шигшмэл хурдан морьд шалгаруулах “Их хурд-6” уралдаанд аман хүзүүнд хурдалсан энэ цагийн идэрхэн түмэн эх юм. Аймгийн алдарт уяач Б.Ерөөлт хурдан зээрд халзан морио энэ жилийн төрийнхөө наадамд айрагдуулж Улсын алдарт уяачийн болзол хангаад байсан бол нэг жилийн дотор таван том уралдааны айраг түрүүнд хурдлуулсан хосгүй амжилтын эзэн боллоо.
Т.ДАРХАН