38 дугаар параллел дахь дайн

Хуучирсан мэдээ: 2013.07.28-нд нийтлэгдсэн

38 дугаар параллел дахь дайн

Өдгөөгөөс 60 жилийн өмнө, 1953 оны долдугаар сарын 27-нд Солонгосын дайн дуусчээ. Хойд ба Өмнөд Солонгосын дайн гурван жил үргэлжилсэн юм. Пхеньяныг ЗХУ, БНХАУ хоёр, харин Сөүлийг АНУ ба тэдний холбоотнууд дэмжсэн. Дайны эмгэнэл нь мэдээж хэдэн сая хүний амь нас, хоёр Солонгосын хуваагдлыг улам бэхжүүлсэн явдал.
 
Хүйтэн дайны фронтын шугам
1950 оны зургадугаар сарын 25-нд Коммунист Хойд Солонгос 38 дугаар параллелийг туулан нэвтэрч хойгийн өмнөд хэсгийг эзэлж эхлэв. Хэдхэн хоногийн дотор Хойд Солонгосын арми хойгийг бараг бүтнээр нь эзэллээ. Ингэж дөрвөн сая хүний аминд хүрсэн дайн эхэлжээ.
 
Сөргөлдөөний өмнөх түүх
1910–1945 оны хооронд Солонгос нь Японы колони байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 38 дугаар параллелиас хойшхи нутагт Зөвлөлтийн хяналт, өмнөх нутагт нь АНУ хяналтаа тогтжээ. 1948 оны наймдугаар сард Солонгос улсыг тунхаглав. Хариуд нь есдүгээр сарын 9-нд Ким Ир Сен БНАСАУ-ыг байгуулснаа зарлав.

АНУ ба НҮБ-ын дэмжлэг
АНУ-ын шахалтаар НҮБ Өмнөд Солонгост туслах шийдвэрийг 1950 оны долдугаар сард гаргалаа. Тийшээ хориод орны 40 цэргийг НҮБ-ын далбаан дор илгээв. Тэдний 36 мянга нь АНУ-ын цэрэг байлаа.  Өмнөдийнхөн эзлэгдсэн нутгаа эргүүлэн чөлөөлөөд 38 дугаар параллелиас хойш нэвтрэв.

Инчхоны десант
Холбоотны цэрэг 1950 оны есдүгээр сарын 15-нд Америкийн генерал Дуглас Макартурын командлал дор Инчхон боомтод десант буулгаж, хоёр долоо хоногийн дараа Сөүлийг эзлэв. Аравдугаар сарын дундуур тэд Пхеньяныг эзэлжээ. Энэ үеэр хятадууд Хойд Солонгост тусалж эхэллээ.
 
"Хятадын ардын сайн дурынхан"
БНХАУ аравдугаар сарын дундуур сөргөлдөөнд орж ирэв. Тэд арванхоёрдугаар сарын 5-нд түр нийслэл Пхеньяныг эзлэхэд Кимд тусаллаа. Хэдэн зуун мянган хятадууд дайны явцыг эргүүлэв.

Макартур цөмийн цохилт хийхийг шаардав
1951 оны нэгдүгээр сард Хойд Солонгосын арми хятадуудын тусламжтайгаар өргөн довтолгоонд орлоо. 400 мянган хятад, 100 мянган  хойд солонгосчууд Сөүлийг дахин эзлэв. Тэр жилийн дөрөвдүгээр сард Макартур Хятадад цөмийн цохилт өгөхийг ерөнхийлөгч Трумэнээс шаардав. Удалгүй Макартурыг генерал Мэтью Риджуэй орлон гарч ирэв.

Байрлал булаалдсан дайн
Солонгосын хойгийн зэвсэгт мөргөлдөөн 1951 оны дунд үеэс мухардалд орлоо. Байрлал булаалдсан ширүүн сөргөлдөөн аль ч талд амжилт авчирсангүй, 1953 онд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуртал үргэлжлэв. Талуудын хэлэлцээр 1951 оноос эхэлсэн юм.

Хоёр системийн тэмцэл
Солонгосын дайн нь хүйтэн дайны үеийн анхны зэвсэгт мөргөлдөөн байв. Нэг талд нь Хятадын сайн дурынхан, Зөвлөлтийн нисгэгчид нөгөө талд нь Америкийн тэнгисийн явган цэрэг, холбоотнуудын цэрэг байлдлаа.

Балгас болсон хотууд
Солонгосын дайн эхнээсээ агаарын тулалдааны талбар болсон байв. Гурван жилийн дотор НҮБ-ын нисэх хүчин сая гаруй байлдааны нислэг хийж, 450 мянган тонн бөмбөг хаяжээ. Хойд Солонгосын хотууд бараг тэр чигтээ сүйрсэн байлаа.

Дайны хохирол
Алагдаж, шархдагсдын тоо хоёр талынх ихээхэн зөрөөтэй. Мэргэжилтнүүд энэ дайнд хагас сая орчим солонгос цэрэг, 400 мянган хятадын сайн дурынхан үрэгдсэн гэдэг. Холбоотнууд 40 мянга орчим цэргээ алдсаны 90 хувь нь америкчууд.

Олзлогсдын солилцоо
Байлдаан үргэлжилж байсан 1853 оны дөрөв, тавдугаар сараас талууд олзлогсдоо солилцож эхлэв. Өмнөдийнхөн 75 мянган хойд солонгосчууд, 7000 шахуу хятад цэргийг буцаав. Пхеньян 13.5 мянган хүнийг эргүүлэн өгсний 8,3 мянга нь өмнөд солонгосчууд, 3,7 мянга гаруй нь америкчууд байв.

Гал зогсоов
Хэлэлцээр хоёр жил үргэлжилж, хойгийг  38 дугаар параллелийн дагуу хувааснаар дууслаа. Харин дайныг зогсоосон энхийн гэрээнд өнөөг хүртэл гарын үсэг зурагдаагүй нь  талууд дайны байдалд байгаа гэсэн үг юм.

Буферийн бүс
Пханмунжом гэх хилийн тосгоны төрх. Хоёр Солонгосын хил нь дэлхийд хамгийн сайн хамгаалттай гэж тооцогддог. Хоёр Солонгосыг тусгаарласан зэвсэггүй бүс нь 250 км урт, дөрвөн км-ийн өргөнтэй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж