Хайлааст, зуслангийн чиглэлийн цахилгааныг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2013.07.27-нд нийтлэгдсэн

Хайлааст, зуслангийн чиглэлийн цахилгааныг хязгаарлана

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас өнөөдөр Нийслэлийн захирагчийн албаны хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Учир нь тус компани “Хайлааст” дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд уг ажлынхаа хүрээнд энэ сарын 31-ний өдрийн үүрийн 03.00 цагаас ирэх наймдугаар сарын 1-ний өдрийн 22.00 цаг хүртэл нийслэлийн хойд хэсгийн зуслангийн цахилгааныг хязгаарлахаар болжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хойд хэсэг болох Сүхбаатар дүүргийн 11-20 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 11-19 дүгээр хороо буюу Дарь эх, Долоон буудал, Сэлбэ, Дамбадаржаа, Яргайт чиглэл, Баянзүрх дүүргийн 2, 21 дүгээр хорооны нийт 45680 хэрэглэгчид хамраглдах аж. 45 цаг хүчдэлгүй буюу тоггүйгээр уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагатай байгааг албан ёсоор дуулгасан юм.

“Хайлааст” дэд станцыг 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж ашиглалтад оруулсан аж. Тус дэд станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн нийт 50 гаруй мянган хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал хөнгөрч, хэвийн ажиллах боломжтой болжээ. Гэвч тус станцын 110 кв-ын ил хувиарлах байгууламжийн талбай хөрсний цэвдэгийн нөлөөгөөр хөрсний ус гаргасны улмаас уг тарнсформаторын бетон суурь хагарч, бүр проталиуд болон салгуур, тослуур, гүйдэл, хүчдлийн тарнсформаторын сууриуд хазайж, 1-1.5 метр өргөгдөн дамжуулагч шинүүд татагдан чивчирсэн байдалтай байгаа ба удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд, газардуулгын байгууламжид ноцтой аюул учирсан учраас уг нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг эхлүүлжээ. Одоогоор нүүлгэн шилжүүлэлтийн ажил 70 хувьтай явагдаж байгаа юм байна. Уг ажлын хүрээнд тус станцыг хүчдэлгүй буюу тоггүй болгож ажиллах горим зайлшгүй шаардлагатай байгаа учраас дээрх хязгаарлалтыг хийхээр болжээ. Уг станцаас тэжээгдэж байсан 45680 хэрэглэгчийн 8000 гаруйг буюу Баянзүрх дүүргийн 2, 21 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн эцсийн буудлаас хойших зуслан чиглэл, Ганц худаг, Цагаан даваа орчмын Улаанбаатар цахилгаан станцын хэрэглэгчдийг түр өөр сатнц руу шилжүүлэн тогоор хангах аж. Харин үлдсэн 38 мянган 680 хэрэглэгчийн тогийг 45 цаг хязгаарлах болсон бөгөөд харьяа дүүрэг, хороо, Нийслэл, дүүргийн онцгой байдлын газарт мэдэгдэл хүргүүлээд байгаа аж.

Уг “Хайлааст” дэд станцыг нүүлгэн шилжүүлэхэд 900 сая төгрөг шаардлагатай ба одоогоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас 300 сая төгрөг гарган ажиллаж байгаа гэнэ. Харин үлдсэн шаардлагатай хөрөнгө мөнгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл холбогдох байгуулагуудад танилцуулан ирэх долоо хоногоос шийдэж өгөхөөр болсон байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж