Мөрөнгийн энтэй Завхан гол

Хуучирсан мэдээ: 2013.07.27-нд нийтлэгдсэн

Мөрөнгийн энтэй Завхан гол

Цаст цагаан хайрхан Отгонтэнгэрээ шүтэж, их уулын бэл дэх Даян хайрханаараа хүрээлүүлсэн, тунгалаг арвин мөрөн Завхан голоороо тэтгэгдсэн Завханчууд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Завхан нутгаас төр түшилцсэн эрхэм түшээд, урлаг соёлын гавьяатнууд олон төрсөн байдаг. Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, удаах ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу, Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, Төрийн шагналт, яруу найрагч Б.Явуухулан, гавьяат жүжигчин С.Батсүх зэрэг олон хүмүүсийг нэрлэж болно. Завхан аймгийг магтан дуулсан олон сайхан дуу, шүлэг бий. Тэднээс алдарт “Завхан гол” дууны үгийг бичсэн, СТА, яруу найрагч Н.Лутбаярыг энэ удаа онцоллоо.

Н.Лутбаяр МУИС-ийн сэтгүүлчийн ангийг 1987 онд төгсөөд Завхан аймгийн “Туяа” сониноос ажлын гараагаа эхэлжээ. Сүхбаатар аймгийн харьяат тэрбээр Завхан нутгийн хүргэн болж, тус аймгийг зорьсон нь энэ аж. Тэрбээр тус аймагт найман жил амьдрах хугацаандаа олон уран бүтээлийг туурвисан. Түүний анхны уран бүтээл “Бүүвэй ээж” дуу байж. Харин төд удалгүй “Завхан гол” дууны шүлэг төрж, түүнийг хөгжмийн зохиолч Ц.Жамьян ая хийж, С.Батсүх дуулснаар Завханы төдийгүй, монголчуудын дуулах дуртай дууны нэг болсон.

Энэхүү дууг Завханчууд нутгийн сүлд дуу болгожээ.

Завхан гол

Ая Ц.Жамъян, үг Н.Лутбаяр
Дуучин: МУГЖ. С.Батсvх

Өрмөл шаргалыг хормойдсон
Өмнийн нарыг түнэлсэн
Хадаг яндар Завхан гол
Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ

Ээ Завхан гол
Элсний нvvдэл шиг чимээгүй
Ай Завхан гол
Анир үргээж адуу тургилна

Хөлчүү зэрэглээ сандаалсан
Хөлөрсөн манхныг сэрvvцүүлсэн
Хатан тунамал Завхан гол
Халхын нутгаар ороолно

Ээ Завхан гол
Элсний нvvдэл шиг чимээгүй
Ай Завхан гол
Анир үргээж адуу тургилна

Зовлон жаргалаар мэлмэрсэн
Зорголын нүд шиг ус гүйсэн
Мөрөнгийн энтэй Завхан гол
Мөнхийн усыг орлоно

Ээ Завхан гол
Элсний нvvдэл шиг чимээгүй
Ай Завхан гол
Анир үргээж адуу тургилна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж