
National Geographic Society буюу Үндэсний газарзүйн нийгэмлэгийн үндсэн дүрэм, агуулгын хүрээнд олимпиадыг зохион байгуулсан бөгөөд нийт 356 сурагч эхний шатанд бичгийн тест бөглөж өрсөлдсөнөөс 120 сурагч шалгарч хоёрдугаар шатанд мөн бичгийн тестээр шалгалт өгсөн юм. Олимпиадын үе бүрт нийт даалгаврын 20 хувь нь англи хэл дээр, 80 хувь нь Монгол хэл дээр явагдаж сурагчдын олон улсын тэмцээнд оролцох чадавхийг давхар сорьсон юм.
Хоёрдугаар шатны шалгаруулалтнаас шалгарч үлдсэн 50 шилдэг сурагч 10:10-аараа гуравдугаар шатны шалгаруулалт буюу телевизийн уралдаант таван нэвтрүүлэгт оролцож нэвтрүүлэг тус бүрээс нэг ялагч шалгарч, сүүлийн шатанд таван шилдэг сурагч өрсөлдөж Үндэсний гурван ялагч энэ сарын 27-оос найман сарын хоёрны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох газарзүйн дэлхийн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.
Олимпиадын тэргүүн байр алтан медалийг Сант сургуулийн 11Б ангийн сурагч Ганболдын Төрболд, мөнгөн медалийг Монтурк сургуулийн 10С ангийн сурагч Уламбаярын Баярбат, хүрэл медалийг Сант сургуулийн 10Б ангийн сурагч Лхагвасүрэнгийн Амарболд нар хүртэж, хоёр жил тутам болдог уг тэмцээнд Австрали, Болгар, Канад, Хятад, Тайвань, Чех, Герман, Унгар, Энэтхэг, Индонез, Мексик, Нигери, Польш, ОХУ, Словак, Их Британи, АНУ зэрэг дэлхийн 17 орны сурагчидтай өрсөлдөх юм.
Газарзүй, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг хүн төрөлхтөнд 125 жилийн турш хүргэхдээ байгальд ээлтэй хөгжлийн үзэл санааг түгээсээр ирсэн, хэвлэл мэдээллийн дэлхийн брэнд “National Geographic Society” буюу Үндэсний Газарзүйн Нийгэмлэг нь манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхлээд жил шахмын хугацаа өнгөрч байна. Тус байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хүний хөгжил, шинжлэх ухааны нээлт, байгаль, газарзүйд чиглэсэн ашгийн бус зорилтот олон хөтөлбөрүүд зүй ёсоор багтдаг юм. Түүний нэг жишээ нь монгол хүүхдийн оюуны чадамж, мэдлэгийг дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгож буй “Монгол Вундеркинд-2013” олимпиад болж өнгөрлөө. Энэхүү том даваануудыг давсан хүүхдүүд маань өнөө орой ОХУ-ыг зорих ажээ. ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох газарзүйн дэлхийн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” тэмцээн нь энэ сарын 27-оос наймдугаар сарын хоёрны хооронд болох гэнэ. Ингээд эдгээр оролцож буй хүүхдүүддээ амжилт хүсье!