энэ сарын 22-ны өдөр Хадгаламж банкны тодорхой актив, пассив хөрөнгийг
салбар, нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүлэх шийдвэрийг гаргасан.
Тиймээс Хадгаламж банкны харилцагчид Төрийн банкаар
үйлчлүүлэхээр болж байгаа юм. Хадгаламж банк давхардсан тоогоор 1.7 сая
гаруй харилцагч, үйлчлүүлэгчтэй. Мөн улс орон даяар 507 салбартай юм
байна. Харин Хадгаламж банкны 507 салбар өчигдрөөс эхлэн Төрийн банк
нэрийн дор хэвийн үйл ажиллагаа явуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл Хадгаламж
банкин дахь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгөд ямар нэгэн эрсдэл
үүсээгүй гэдгийг албаныхан онцолж байлаа. Мөн тус банк харилцагчийн
анхны шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадвартай байгаа гэдгийг ч
хэлсэн юм. Нөгөөтэйгүүр өөр банктай нэгдэж байгаатай холбоотойгоор
хадгаламж эзэмшигчид болон зээлдэгчдийн Хадгаламж банктай байгуулсан
гэрээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй байхаар тохиролцжээ. Тодруулбал,
иргэдийн хадгаламжийн болон зээлийн хүү, хугацаа, нөхцөлд ямар нэгэн
өөрчлөлт орохгүй аж. Энэхүү шийдвэрийн талаарх мэдээллийг өчигдөр
Хадгаламж банкны салбаруудын үүдэнд тавьсан байв.
Учир
нь Төрийн банк тус банкны хуучин бүтцийг хадгалж гурван сар гаруй
хугацаанд ажиллах учир Хадгаламж банкны бүтцэд томоохон өөрчлөлт
ороогүй юм. Цаашид Хадгаламж банкны бүтэц зохион байгуулалтыг Төрийн
банкны бүтэцтэй нэгтгэн нэг бүтэц болгон ажиллах гэнэ. Түүнчлэн
Хадгаламж банкны гурван мянга 268 ажилтны хувьд Төрийн банкны харьяанд
орж, ажил олгогч өөрчлөгдөж байгаагаас ямарч эрсдэл гарахгүй, ажил
хэвийн явагдах аж. Эдгээр хүмүүсийн ажлын байр, цалин хөлс болон бусад
зүйлүүд нь хуучнаараа үргэлжлэх юм. Уг гурван мянга 268 хүний ард 15
мянгаас 20 мянган хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Төрийн банк руу
шилжин ирж буй банкны бүх үйлчилгээ, төлбөр тооцоо, хадгаламж зэрэг
зүйлүүд нь цаашид хэвийн үргэлжлэн явагдах учир хадгаламж эзэмшигчдэд
ямар нэгэн эрсдэл үүсэхгүй юм. Ямартай ч Хадгаламж банкин дахь 1.7 сая
иргэний 900 орчим тэрбум төгрөгийн аюулгүй байдлыг Төв банкнаас хангаж
чадсан гэж үзсэн. Эл мөнгийг Төрийн банк пассив шилжүүлэх гэрээ
байгуулан Хадгаламж банкнаас шилжүүлэн авчээ. Хадгаламж банк төрийн
банк руу шилжсэнээрээ харилцагчдын хувьд давуу талууд үүсч байгаа юм.
Тодруулбал, Онлайн зээл авах тогтолцоог Төрийн банк энэ хавар өөрчлөх
гэнэ. Мөн хуучин Хадгаламж банкны харилцагч Төрийн банкны АТМ-аар
гүйлгээ хийхэд 500 төгрөгийн хураамж төлдөг байсан бол хоёр банк
нэгдсэнээр хураамж төлөх шаардлагагүй болж байгаа юм.
Энэ үеэр Хадгаламж банк Төрийн банк руу шилжсэн талаар Хадгаламж эзэмшигчдийн сэтгэгдэлийг сонслоо.
Хадгаламж банкны эзэмшигч С.Учрал: ТӨР ХАМГААЛАЛТАНДАА АВЧ БУЙ УЧИР САНАА ЗОВОХГҮЙ БАЙНА
Хадгаламж
банк Төрийн банк руу шилжиснээр харилцагчдад ямар нэгэн эрсдэл
үүсгэхгүй гэж байгаа. Учир нь энэ бүгдийг төр хамгаалалтандаа авсан
учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж бодож байна. Хадгаламж банк цаашид
үнэхээр оршин тогтнох боломжгүй болсон учраас харилцагчдаа хохироолгүй
ийм шийдвэр гаргасанд баяртай байна. Өмнө нь хадгаламж зээлийн хоршоо,
банк бус санхүүгийн байгууллага татан буугдаж иргэдийг ихээр хохироож
байсан нь аймшигтай санагдаж байсан. Ард түмэнд яаж хүрч үүлчлэхээс
шалтгаалан банкинд итгэх итгэл нэмэгдэнэ дээ.
Хадгаламж эзэмшигч Д.Ганбат: ХАДГАЛАМЖ БАНК ТӨРИЙН БАНК РУУ ШИЛЖСЭНЭЭР ИЛҮҮ ДАВУУ ТАЛТАЙ БОЛСОН БАЙНА
Хадгаламж
эзэмшигчийн хувьд санаа зовох шаардлага алга. Төрийн банкинд ирж өөрийн
байгуулсан гэрээ, зээлийн хүүгийн түвшинөө шалгаж үзэхэд бүгд
автоматаар шилжсэн байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хадгаламж
эрсдэлд орлоо, хүүгээ төлж чадахгүй зэрэг мэдээлэл цацагдаж байсан. Энэ
мэдээллээс үүдэн өөрийн хадгаламжаа шалгалаа. Бүх зүйл хэвийн байгааг
хараад санаа амарч байна. Ингэж шилжсэнээр иргэдэд илүү давуу талуудыг
бий болгож өгсөн байна. Тухайлбал заавал банк орох шаардлагагүйгээр
интернет ашиглан зээл авах боломжтой болжээ. Ингэснээр иргэдэд чирэгдэл
үүсэхгүй болов уу гэж бодож байна.