Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Эвгүй Эта Карина од

Өмнөд тэнгэрт
“эта карина” хэмээх нэгэн тун эвгүй од бий. Энэ одыг түүхэнд анх алдарт
одоноронч Эдмонд Халли 1677 онд 4-р хэмжигдэхүүний (1) од хэмээн
тэмдэглэж үлдээсэн байдаг бол 18-р зууны дунд үед бүтээгдсэн каталог дээр
карина одны ордонд орших 7 дахь тод 2-р хэмжигдэхүүний од гэж бүртгэгдсэн ажээ.
(эта үсэг нь грек цагаан толгойн 7 дахь үсэг)


Энэ одыг эвгүй
нөхөр гэж хэлээд байгаа нь хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байгаатай нь холбоотой.
Гэхдээ яг хэзээ дэлбэрэхийг нь хэн ч тодорхой мэдэхгүй – магадгүй маргааш,
магадгүй сая жилийн дараа. Түүхэн бүртгэлээс үзвэл 1730 онд хүмүүс уг одыг
огцом тодорсон байгааг анх ажиглаад тэмдэглэж үлдээсэн байна. 1782 он гэхэд
буцаад бүдгэрсэн бөгөөд дараа нь одоогоос ойролцоогоор 150 жилийн өмнө ахиад
гэнэт маш ихээр тодорж бүр өмнөд тэнгэрийн хамгийн тод оддын нэг нь болсон аж.
Хамгийн сүүлд 1999 оны үеэр гэрэлтэлт нь 2 дахин нэмэгсэн байдаг ба одоогийн
байдлаар харанхуй шөнө энгийн нүдээр төвөггүй харж болох 5-р хэмжигдэхүүний од
болсон байгаа. Яг яагаад ингэж тодорхой үечилэлгүйгээр тодорж бүдгэрээд
байдгийн учирыг нь бид одоо хүртэл сайн ойлгож амжаагүй л явна.


Нилээн олон
жилийн өмнөөс эта карина нь ойролцоогоор 3 сая жилийн настай, маш их масстай
аврага од гэдгийг нь сайн гадарлаж байсан. 2005 онд хийгдсэн судалгаагаар эта
карина нь ганц том аврага од биш бие биенээ тойрон эргэх хос од гэдгийг нь
илрүүлсэн. Хоёр одны том нь манай нарнаас барагцаагаар 100 дахин их масстай
учир мөн ийм том од 3 сая жилийн хугацаанд өөрийн бараг бүх түлшийг шатаагаад
дуусгах бололцоотой тул нилээн ойрын хугацаанд маш хүчтэй хэт-шинэ одны
дэлбэрэлт бий болгоно гэж таамаглагддаг хэрэг.

Хэзээ мөдгүй
дэлбэрэх гэж буй аврага од эта карина. Зохиогч: НАСА, Хаббл


Ерөнхийдөө эта
каринагийн том од нь түлшээ шатааж дуусаж буй учир харьцангуй ойр ойрхон
тогтворгүйжиж их хэмжээний материалыг сансарт шидэлж байгаа. Их хэмжээний
цацаргалтын энерги хуримтлагдаж байгаад гэнэт чөлөөлөгдөх үеэр од маань гэнэт
тодроод их хэмжээний материал шидэлж, хэдэн жилийн дараа гэрэлтэлт нь аажмаар
бууж буцаад бүдгэрж байгаа байх гэж бид таамагладаг. Дээрх зургийг 1996
онд алдарт сансарын Хаббл дурангаар авсан бөгөөд уг одыг агуулах аврага том
мананцарыг гайхалтайгаар харуулж байна. Хоёр туйлаас нь урган гарсан мэт
энэ мананцарын ихэнх хэсгийг 1843 онд бидэн дээр гэрэл нь ирсэн маш хүчтэй
дэлбэрэлтээр үүсгэгдсэн гэж үздэг.


Олон хүмүүс энэ
одны дэлбэрэлт бидэнд аюул заналхийлэх үү гэж сонирхдог. Товч хариулт нь
ерөнхийдөө “үгүй”, гэхдээ бид энэ оддын системийг сайн ойлгож амжаагүй тул илүү
тодорхой хариулт одоогоор өгөх тун төвөгтэй. Юу ч гэсэн манай гаригийн агаар
мандал болон соронзон орон нь дэлбэрэлтээс ирэх гамма туяа болон бусад хүчтэй
сансарын туяануудаас биднийг хамгаална. Агаар мандалын дээд хэсэгт байгаа
сансарын нисгэгчид, хиймэл дагуулуудад л аюултай болхоос биш дэлхийн гадрага
дээр нээх нөлөө байхгүй.


Гэхдээ
дэлбэрэлтийн үеэр том одных нь эргэлтийн туйлыг нь дагаад 2 тийшээгээ маш их
хэмжээний чиглэгдсэн гамма туяаны цацаргалт гарна. Одоогийн бидний мэдлэгээр
энэ одны эргэлийн тэнхлэг нь дэлхийрүү чиглээгүй байгаа учир түүнээс айлтгүй,
гэхдээ хэрвээ яг дэлбэрэлтийн үеэр дэлхийрүү чиглэсэн байсан бол хоромхон зуур
манай гаригийн гадрагын нэг тал дээрх бүх амьд амьтад үгүй болох бололцоотой.
Яг дэлбэрэлтийн үеэр эргэлтийн тэнхлэг нь хаашаа чиглэсэн байх вэ гэдэг нь хос
оддын хөдөлгөөний болон өөрсдийнх нь дотоод хувьсалаас хамаарсан маш
тодорхойгүй хэмжигдэхүүн ба яг тэр үедээ дэлхийг чиглэсэн байх магадлал бол
мэдээж маш бага.


Гэхдээ энэ одны
систем биднээс 7500-8000 гэрлийн жилийн цаана байгаа гэдгийг санаарай. Жишээ нь
1843 онд ажиглагдсан хүчтэй дэлбэрэлт нь угтаа МЭӨ 6000 оны хавьцаа болсон
үзэгдэл гэсэн үг. Тэхээр энэ од аль хэдийнээ дэлбэрчихсэн гэрэл нь бидэнрүү
ирэх замдаа явж байж ч мэднэ.


____________________________________

(1) – Одонорон судлалд тэнгэрийн
эрхсийн тод бүдэгийг гэрэлтэлтийн хэмжигдэхүүн гэх шатлалаар илэрхийлнэ.
Товчхондоо хэмжигдэхүүний утга нь бага байх тусам тод, их байх тусам бүдэг
гэсэн үг. Жишээ нь нарны хэмжигдэхүүн нь -26 орчим байхад, бүтэн сар -12, сугар
гариг -4, тэнгэрийн хамгийн тод од хөхдэй мэргэн -1.4, алтангадас од 2, харин
гэрэлгүй шөнө хүний нүдний харж чадах хамгийн бүдэг од ойролцоогоор 6-р
хэмжигдэхүүнийх байна. Ерөнхийдөө х дүгээр хэмжигдэхүүний од нь х+1 дүгээр
хэмжигдэхүүний одноос ойролцоогоор 2.5 дахин тод байна, жишээ нь 3-р
хэмжигдэхүүний од 4-р хэмжигдэхүүний одноос 2.5 дахин тод гэсэн үг. Харин 3-р
хэмжигдэхүүний од нь 5-р хэмжигдэхүүний одноос 2.5*2.5 буюу ойролцоогоор 6
дахин тод байна.

Эх сурвалж: http://odonoron.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж