Монгол Улс хар жагсаалт руу халтирах уу?

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Монгол Улс хар жагсаалт руу халтирах уу?

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат болон Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь нар Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг олон улсын санхүүгийн байгууллагуудын холбоо /ФАФТ/-ны ээлжит хуралдаанд оролцоод иржээ. Энэ хуралд улс орнууд мөнгө угаах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаараа илтгэл тавьж, ФАФТ-аас гаргасан зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаараа танилцуулдаг. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард болсон уг хурлын үеэр ФАФТ-аас Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тус байгууллагын гаргасан зөвлөмжийг 2006 оноос хойш хэрэгжүүлээгүй, Монголд мөнгө угаах гэмт хэрэг хэдийн бодит байдал болж, саарал жагсаалтад ороод байгааг анхааруулсан аж. Цаашлаад хар жагсаалт руу гулсахад ч ойрхон байгааг сануулж, хэрвээ хар жагсаалтад орсон тохиолдолд тус холбооноос олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол Улсад хөрөнгө оруулах, зээл тусламж үзүүлэх нь эрсдэлтэй гэдгийг зарлана гэдгээ мэдэгдсэн байна.

Гэвч тухайн үед УИХ, Засгийн газар дээр анх удаа Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхлээд байсан тул хар жагсаалтад оруулах асуудлыг Монголын талын хүсэлтээр түр хойшлуулжээ. Учир нь хэрвээ Монгол Улс энэ жагсаалтад орсон тохиолдолд хөрөнгө оруулагчид болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс Монголд  хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламжаа зогсоогоод зогсохгүй наад зах нь иргэдийн хувьд гадаадад аялахдаа ашигладаг мастер, виза картуудаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаадын банкууд Монголын банкууд руу мөнгө шилжүүлэхээс татгалзах эрхтэй юм байна.

Харин өнгөрөгч зургадугаар сард УИХ Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг баталснаар монголчууд энэ удаа хар жагсаалт руу гулсахаас аврагдсан бөгөөд манай талын хүлээсэн үүргийн дагуу ирэх оны нэгдүгээр сард багтаан Эрүүгийн хуулиндаа энэ асуудлыг давхар суулгаж чадвал саарал жагсаалтаас цагаан жагсаалт руу дэвших боломжтой аж.

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж