Монголын нүүрс шахагдаж байгааг яам зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Монголын нүүрс шахагдаж байгааг яам зөвшөөрөв

Монголчууд нүүрсийг хар алт хэмээн нэрлэсэн нь оносон нэр гэдгийг өдгөө цагийн Монголын уул уурхайн салбарын экспорт баталж байна.

Нийт экспортын 40 орчим хувийг нүүрс дангаар бүрдүүлж байдаг. Гэтэл энэ жилийн хувьд нүүрсний экспорт 36 хувиас 17 хувь болтлоо буурсан дүн гарчээ. Энэ нь БНХАУ-ын талд хөзөр байгаагийн дээр тус улсын зах зээлд манайхтай өрсөлдөо тоглогч улам бүр олширсоор байгаагаас үүдэлтэй гэж “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган онцоллоо.

Чалкод өгөх 170 сая ам.долларын өр үлджээ

Дэлхийн зах зээл дээрх таагүй уур амьсгал, тэр дундаа Европын хямрал, Хятадын эдийн засгийн зогсонги байдлаас үүдэлтэйгээр Монголын нүүрс хятадын зах зээлээс шахагдаж буйг салбарын яам хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ. БНХАУ-д манайхаас гадна Австрали, Индонезиас гадна энэ жилээс эхлэн ОХУ, Колумб, Мозамбек улсууд нүүрсээ хятадад нийлүүлэх болжээ. Монгол Хятадад хамгийн ойр хэдий ч галт тэрэг болон усан тээвэр хөгжөөгүйгээс автозамын тээвэр асар өндөр өртөгтэй тусдаг. Иймд 2015 он гэхэд төмөр замтай болохын дээр нүүрсний үнэ ханшаар бус чанараар өрсөлдөх цаг болсныг салбарын яам онцолж байна.

Үүний эхлэл болгон Эрдэнэс Тавантолгой компани нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж байгааг мөн дуулгав. Монгол, Хятад хоёр улсын худалдаа хамтын ажиллагаа сэдэвт хурал энэ сарыбн эхээр Хөх хотноо хуралдсан. Эл хуралд Монголын талаас бэлтгэл муутай оролцсон гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсаж байсан ч яамны зүгээс хурлыг амжилттай боллоо хэмээн мэдээлж байна. Хурлаар хоёр орны Засгийн газарт хандсан уриалга гаргажээ. Уриалгад “Хоёр улсын Засгийн газар хооронд урт хугацаатай тогтвортой стратегийн хэлэлцээрийг байгуулж, нүүрсний экспорт хийх эрхзүйн орчинг бүрдүүлэх” заалтыг багтаасан байна. Энэ нь мэдээж өмнөх Чалкогийн гэрээг дахин давтахгүй байхыг сануулсан хэрэг биз ээ. Одоогийн байдлаар монголын талаас Чалкод 170 сая ам.долларын өр үлдээд байгаа юм байна. Нүүрсний үнийг 47 ам.доллар болгон буулгаад байгаа бөгөөд энэ үнэ хойшид өсөхгүй бол нийтдээ 3,6 сая тонн нүүрс нийлүүлж байж Чалкогийн өрийг барагдуулах ажээ.

Өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулна

Энэ удаагийн “Ил тод уул уурхай”-н хөндсөн дараагийн сэдэв нь Оюутолгойн баяжмалын экспорт байлаа. Оюутолгойн баяжмалыг дэлхийн зах зээлд гаргах зар хэдэнтээ хойшлогдож түүнийг тойрсон зөв, буруу гэх мэтгэлцээн өнгөрсөн хугацаанд өрнөсөөр ирсэн. Монгол Улсын Засгийн газар тус компанийн 34 хувийг эзэмшиж буйн хувьд зэсийн баяжмалыг хаана, хэнд, хэдий хэр үнэ ханшаар худалдаж байгааг мэдэж байх ёстой гэсэн шаардлагыг тавьж, түүндээ ч хүрсэн гэдгээ хэвлэлийнхэнд дпуулгалаа. Харин энэ талаарх тодорхой мэдээллийг өгөхөөс татгалзав. Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, жилдээ 36 сая тонн хүдэр боловсруулж, нэг сая тонн зэсийн баяжмал экспортолно гэсэн албан ёсны тоон мэдээллийг өглөө.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж