
Уг асуудалд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ихээхэн ач холбогдол өгч, эрхэм гишүүн Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан юм. Улсын нэгдсэн төсвийн ихэнх хэсгийг үргүй шахам идчихдэг төрийн албыг цомхотгохыг аман дээрээ дэмждэг ч МАХН-ын гишүүд хэрэг дээрээ түүний эсрэг явдгаа хурал дээрээ харуулжээ. Уг нь гурван дэд сайд, Нийслэлийн Засаг даргын нэг орлогч, яам, агентлагуудын орлогч дарга, зөвлөх, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч зэрэг 139 хүнийг цомхотгосноор төсөвт наад тал нь 430-аад сая төгрөгийн хэмнэлт гарах байжээ. Гэтэл хуралдаан дээр гишүүд хоёрын хооронд мөнгө байна, үүнийг хэмнэлээ ч яалаа, байлаа ч яалаа гэх зэргээр ярилцсан аж. Үүний цаана өөр, өөрийн хүмүүсээ төрийн албанд шургуулах гишүүдийн сонирхол бий хэмээн үзэхээс өөр аргагүй байгаа гэнэ.
Мөн дахин сэргээхээр яригдаж буй хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн мөнгийг ч тийм ч тааламжтай бусаар хүлээж авсан байна. Хүний хөгжлийн сангаас хувь хүртээж байхад давхар тийм халамжийн хэрэггүй хэмээн гишүүдийн дийлэнх үзэж байжээ.
Д.ОЮУН