Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Хана хэрэм

Намбарын Энхбаяр бичиж байна

Канадын Ванкувер хо­тод болж өнгөрсөн Өвлийн олимпийн тоглолтын үеэр түүнийг үзэгч бээр хүний бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны хөгжлийн гайхамшигт амжилтын гэрч болохын зэрэгцээ сэтгэл­гээ­ний хоцрогдлын илэр­хийлэл гэж хэлж болохоор зарим үйл явдал, ший­дэл­тэй таарч учирсан билээ. Түүний нэг нь яахын арга­гүй Олимпийн тоглолтын билэг тэмдэг болсон амьд галыг хана хашаа босгож “хамгаалсан” явдал байлаа. Ингэсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлж, өргөн шүүмжлэлд өртсөн юм.
Олимпийн тоглолт нь олон улс үндэстнийг тө­лөөлж буй хүмүүсийн, тэд­ний итгэж шүтдэг болон баримталдаг олон шашин, зан заншлын эв найрам­дал­тайгаар хамтран орших, хөгжихийн билэг тэмдэг, нэг нэгнээсээ салж тус­гаар­лах бус, харин нэгдэж нөхөрлөх, нэг нэгнээсээ хаагдаж нуугдах бус, харин нэг нэгэндээ нээгдэж ойр­то­хын төлөөх үйл явдал хэмээн ойлгогддог билээ. Тийм ч учир жирийн үзэг­чид Олимпийн галыг “хашаа босгож хамгаалах” гэсэн оролдлого нь Олим­пийн үзэл санаанд огт тохи­роогүй бүдүүлэг ажиллагаа болсон гэж дүгнэсэн юм.
Миний бие Олимпийн тоглолтыг үзэж, Ванкувер хотод хуран цугларсан олны дунд явж байхдаа орон ор­ноос ирсэн үзэгчид, хөг­жөөн дэмжигчдийн тамирч­дынхаа амжилт ялалтад баярлаж бахархсан хөөр баяслыг нь ч мэдэрч, тэд­нийхээ ялагдалд гуньж гу­тар­сандаа нулимс дус­луулж байсныг нь ч харж байлаа. Харин хана хашаа босгосныг бүгд гайхаж, нэгэн дуугаар шүүмжилж байсан билээ. Олимпийн хашаа босгогчид шүүмж­лэлд өртөхдөө аргагүйн эрхэнд хашаагаа нааш цааш зөөж, нэгэнт гаргасан алдаагаа цайруулах гэж оролдсон. Гэхдээ нэгэнт хэрэг явдал мандсан байсан тул тэр нь олигтой ухаалаг арга хэмжээ болж чадаагүй.
Хана хашаа гэснээс ер нь хүн төрөлхтний түүх бол тэр чигээрээ хана хашаа босгох болон нураахын түүх мөн гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Хүмүүс, ялангуяа албан тушаалтнууд хана хашаа босгох дуртай, харин түүнийгээ нурааж буулгах дургүй.
Ямар сайндаа Олим­пийн тоглолт дээр хүртэл хана хашаа босгож, түүний­гээ буулгахын оронд ийш тийшээ зөөж байхав дээ?

БЕРЛИНИЙ ХАНА

Хана хашаа гэж яривал хамгийн түрүүн өөрийн эрхгүй “алдарт” Берлиний чулуун хана санаанд орно. Босгосон цагаасаа эхлэн бүх дэлхийн анхаарлын төвд байж, шүүмжлэлд өр­төж байгаад нурааж буул­гахад нь дэлхий даяараа баярласан энэ хана хэрэм­ний түүх хүн төрөлхтний орчин үеийн түүхтэй салш­гүй холбоотой. Тийм ч учир өнгөрсөн жилийн сүүлээр түүнийг нурааж буулгасны 20 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Бер­ли­ний ханыг босгосон болон нураасан нь дэлхийн хөгж­лийн чиг хандлагад хүчтэй нөлөөлсөн.
Гэхдээ Берлиний хана бол боссон цагаасаа эхлээд нурах нь тодорхой байсан гэж хэлбэл буруу­дахгүй.
Берлиний ханыг босго­хоос өмнөх ертөнц, түүний байж байх үеийн дэлхий, Берлиний ханыг нураасны дараах дэлхий ертөнц гэж яривал хоорондоо өдөр шө­нө шиг ялгаатай гурван өөр цаг хугацаа, орон зай, журам дэглэм, үнэт зүйлс болно.
Тэгвэл Берлиний ханыг босгохоос өмнөх ертөнц ямар байсан бэ?
Саяхан дэлхий даяар Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн тэгш ойг тэмдэглэсэн билээ.
Гэ­тэл Берлиний хана Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнтэй шууд холбоотой. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тэр дайнд ялагчид болох Англи, АНУ, ЗХУ, Франц зэрэг оронд дэлхий ертөнцийг нөлөөл­лийнхөө бүсүүдэд хувааж тус бүр бүсээ хариуцаж байхаар хоорондоо тохи­ролцсон. Берлин хотыг ч захиргааны дөрвөн хэсэгт хувааж, нэг орон нэг хэс­гийг нь удир­дахаар болж, дэг журмаа тогтоож эхэлсэн билээ.
Хэдийгээр тэд фашист Германыг ялахын тулд хүч чадлаа нэгтгэж тэмцсэн ч, дайны дараа дэлхий ертөн­цийн хөгжлийн зүг чиг хаашаа чиглэх вэ? Хэн өөрийнхөө нөлөөг нэмэг­дүүлж чадах вэ? хэмээн дор дороо нэгийг бодож, хоёрыг тунгааж, тун удалгүй хоо­рон­доо өрсөлдөж, улмаар зөрчилдөж эхэлсэн юм.
Ер нь ялалтын дараа амжилтдаа бялуурч, зөрчил хурцаддаг, харин зөв сур­гамж авбал ялагдал хүч нэмдэгийн тухай жишээ хүн төрөлхтний түүхэнд элбэг тохиолддог.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш ер­дөө нэг жилийн дараа буюу 1946 онд Английн Ерөнхий сайд Черчилль АНУ-ын Фултон хотын Вестминс­терийн коллежид зочлохдоо дайны дараах дэлхий да­хинд тулгамдаж буй асууд­лууд, учирч байгаа аюул заналын тухай үг хэлснийг түүхчид “Хүйтэн дайны эхлэлийн үг” хэмээн үздэг билээ.
Тэдгээр том гүрнүүдийн хоорондох өрсөлдөөн-зөр­чилдөөн Берлин хотын хувь заяанд шууд нөлөөлсөн. ЗХУ-ын нөлөөнд байсан зүүн Берлин, зүүн Герман богино хугацаанд баруун Герман, баруун Берлинээс улс төр, эдийн засгийн хэв загвар, тогтоосон дэг жур­маараа огт өөр болсон. Тэгж өөрчлөгдөж буйд нь дасаж чадахгүй, бас дасахыг хү­сэх­гүй байсан германчууд зүүн Берлинээс баруун Берлин рүү олноороо оргон зугтаж байсан тул 1961 онд зүүн Германы эрх баригчид Берлиний ханыг босгосон.
Ийнхүү дэлхий ертөнц улс төр, эдийн засгийн хоёр системд буюу капиталист ба социалист, Баруун ба Зүүн хэмээн хуваагдаж, “Хүйтэн дайн” “албан ёс”-оор эхэлж, Берлиний хана тэрхүү хоёр ертөнцийг хуваан заагласан нэг ёсны “Төмөр хөшиг” болсон юм.
Хэдийгээр тэр үеийн зүүн Германы удирдагчид Берлиний хана хэрмийг босгосноо “Хүмүүс баруун Берлин рүү зугтахаас сэр­гийлсэн” гэж тайлбарлаж байсан боловч үнэн хэрэг дээрээ энэ үйл явдал дэл­хийд хоёр өөр ертөнц боди­тойгоор буй болсны, тэр хоёр ертөнц нэг нэгнээсээ бага шалтгаалдаг, эсхүл бага шалтгаалахыг хүсдэг болсны, хоёр өөр улс төр, эдийн засгийн хэв загвар бий болсны бодит илэр­хийлэл болсон билээ.
Тус ханатай холбоотой олон чухал үйл явдал шинэ цагийн түүхэнд тод томруун бичигдсэн байдагийн зари­мыг нь эргэн санацгаая.
АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 онд Ба­руун Берлинд айлчлахдаа “Би Берлиний иргэн мөн”(“Ich bin ein Berliner”) хэмээх алдарт үгээ хэлсэн байдаг.
Кеннеди Ерөнхийлөг­чийн үгийн гол хэсгээс ишлэе: “Одоогоос хоёр мян­ган жилийн тэртээ хүн хамгийн ихээр бахархахдаа “civis Romanus sum” буюу “Би бээр Ромын иргэн мөн” гэж хэлдэг байжээ. Тэгвэл өнөөдөр эрх чөлөө бүхий ертөнцөд амьдарч буй хэн ч хамгийн ихээр бахархахдаа “Ich bin ein Berliner!” буюу “Би бээр Берлиний иргэн мөн!” гэж хэлнэ. Эрх чөлөө­тэй бүх хүн амьдарч буй улс орноосоо үл шалтгаалан бүгд Берлиний иргэд мөн. Тийм учир би ч гэсэн эрх чөлөөтэй хүний хувьд “Ich bin ein Berliner!” буюу “Би бээр Берлиний иргэн мөн!” хэмээн бахдалтай хэлж байна”.
Берлиний хана хэрэм дэлхий дахиныг Баруун ба Зүүн, шилжүүлсэн утгаар “чөлөөт” ба “хаалттай” ер­төнц хэмээн зааглан хувааж байсан тул Кеннеди Ерөн­хийлөгч баруун Берлинийг “чөлөөт” ертөнцийн билэг тэмдэг болгож, өөрийгөө “Берлиний иргэн” буюу “чөлөөт ертөнцийн иргэн”, “хана хэрэмгүй ертөнцийн иргэн” хэмээн зарлан тун­хагласан юм. Энэ үг Бер­линчүүдэд болон Барууны “чөлөөт, хана хэрэмгүй” ертөнцөд амьдарч байсан бүх хүнд ихээхэн урам зо­риг өгч, итгэл үнэмшил төрүүлсэн билээ.
Тухайн үеийн ЗХУ-д “өөрчлөн байгуулалт” эх­лээд удаагүй байхад буюу 1987 онд АНУ-ын Ерөнхий­лөгч Рональд Рэйган Бер­лин хот үүсч байгуу­лагд­саны 750 жилийн ойн ёсло­лын арга хэмжээнд орол­цохдоо Берлиний ханын дэргэдээс тэр үеийн ЗХУ-ын удирдагч Михаил Гор­бачевт хандаж: “Ерөнхий нарийн бичгийн дарга Гор­бачёв оо. Хэрэв та үнэхээр энх тайван тогтоохыг хүсч байгаа бол, хэрэв та үнэхээр ЗХУ болон зүүн Европыг хөгжүүлэхийг зорьж байгаа бол, хэрэв та үнэхээр эрх чөлөөт нийгмийг байгуу­лахыг бодож буй бол энэ хаалган дээр хүрч ирээч! Ноён Горбачёв оо, энэ хаалт­тай хаалгыг нээгээч! Ноён Горбачёв оо, энэ ханыг буулгаач!” хэмээн шаардсан алдарт үгээ хэл­сэн юм.
Аль аль үг нь хүн тө­рөлхт­нийг үзэл бодлоор нь хоёр хэсэгт хуваахыг, ху­ваах хуваахдаа бүр чулуун хана хэрэм босгон хуваан тусгаарласныг буруушааж, Берлиний хана хэрэм нурс­наар дэлхийд хуваагдмал байдал арилж, эрх чөлөө, шударга ёс тогтоно гэсэн санааг илэрхийлсэн байдаг.
1989 онд Берлиний хана ч нурсан билээ. Хүмүүсийг салган тусгаарласан, ха­шиж хорьсон хана ер нь нурдаг жамтайг дахин ба­тал­сан хэрэг болсон. Энэ үйл явдлаас хойш дэлхий ертөнц Баруун ба Зүүн гэж хуваагдахаа больж, хүйтэн дайн “албан ёсоор дууссан” гэж тооцогддог.
Энэ дашрамд дэлхийд алдартай, түүхэнд тэмдэг­лэгд­сэн зарим хана хэр­мийн талаар товч өгүүлье.

ХЯТАДЫН ЦАГААН ХЭРЭМ

 Төв Азийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалж, Хятадын домогт хаан Цин­шихуандийн үеэс эхлэн Манжийн Чин улс хүртэл бараг 1800 жилийн турш барьж босгосон хана. Олон шинж чанар, утга агуулгыг шингээсэн болон илэр­хийлсэн гэж үзэж болно. Үүнд:
1. Хятадуудын цаг хуга­цааны тухай өвөрмөц ойлголт. Цаг хугацаатай уралдах гэж оролдохгүй, харин хичээл зүтгэл, бүтээн байгуулалтаар цаг хугацааг “өөрийн эрхэнд” оруулна. Хятадын Цагаан хэрэм бол нэг ёсны “чулуужсан” 2000 мянган жил. “Зорилго та­виад зүтгэвэл түүнд хүрч болно” гэдгийн илэрхийлэл. Цаг хугацаа зорилготой хүний талд үйлчилнэ гэсэн үг. Нөгөө талаар уг хэрмийг барьж босгож байх урт удаан хугацаанд зарим барил­гачид уг хэрмэн дотор “оршуулгын газраа” олсон гэж ч ярьдаг. Нэг ёсны том хана хэрмийн “тоосго туйпуу” болсон гэсэн үг.
2. Хятадуудын газар нутгийнхаа тухай ухаарсан ойлголт. Юуны түрүүн газар нутгаа хамгаалах зо­рил­готойгоор олон зуун жилийн турш бүтээн бос­госон хана хэрэм учир түү­ний гадна нь харийн нутаг, дотор нь Хятадын уугуул нутаг гэж ойлгож байсан. Энэ хана тухайн үедээ нэг ёсны “хилийн зурвас”-ыг тогтоож байжээ.
3. Хятадуудын “гэнэн­дүү” сэтгэлийн илэрхийлэл. Хана хэрмээр өөрсдийгөө баттай хамгаалж болно гэж бодоод, тэр  бодолдоо хүрэ­хийн тулд бараг бүтэн хоёр мянган жилийн турш хэрэм босгох гэж зүтгэжээ. Гэхдээ ямар ч том Цагаан хэрэм монголчууд Хятадыг эзлэн нэгтгэж Юань гүрэн, хожим нь манжууд Хятадыг эзэлж Чин улс байгуулахад саад болж чадаагүй гэж түүхчид үздэг.
4. Өнөөдөр: Хятадын цагаан хэрэм бол дэлхийн шинэчилсэн 7 гайхамшгийн нэг. 6 мянга гаруй километр урт, дундаж өргөн нь 4-6 метр. Эхэлж буй цэг нь Номхон далайн эрэг дээрх Чинхуандао хотын хэсэг болох Шанхайгуан, төгсгө­лийн цэг нь Лоб нуур. Ямар ч байсан анх дайн дажин явуулах зорилготойгоор ба­ригдсан Цагаан хэрэм өнөө­дөр гол нь газар газрын жуулчдын нүдийг хужир­лаж, гайхшийг нь төрүүлдэг “дайн”-ы хана бус,  “соё­лын дурсгал” бүхий нэг ёсны “гүүр” болсон учир түүнийг нураах биш, харин ч соёлын өвд бүртгэн хам­гаалах, сэргээн засварлах шаардлага бий болсон байна.
5.Сансраас харагддаг хүний гараар бүтсэн цорын ганц барилга байгууламж. Үүнтэй холбогдуулж өөрийн эрхгүй нэг асуулт тавимаар санагддаг. Сансраас хара­хад Хятадын цагаан хэрэм дайн дажнаас үлдсэн шарх сорви шиг харагддаг болов уу? Эсхүл хана хэрмийг газар газрын жуулчдыг татдаг, тэдний уулзах цэг нь болдог нэг ёсны “гүүр” болгон хувиргаж чадсан ухаант хүмүүний тархины нугалаа шиг үзэгддэг болов уу?

ИЕРИХОН ХОТЫН ХЭРМЭН ХАНА

Библийн сударт гардаг Иерихон хотын хэрмэн хана олон хүний мэддэг гэдэг утгаараа алдартай ханануудын нэг мөн билээ. Энэ хэрмэн хана хэд хэдэн билэг тэмдэг, утга санааг илэрхийлнэ. Үүнд:
1.Түүхэнд өгүүлснээр Иерихон нь садар самууны үүр уурхай болсон хот байжээ. Хэрмэн ханаар хүрээлүүлж, цаана нь нууг­даж садар самуунд умбах нь тус хотын иргэдийн амьдралын нэгэнт тогтсон хэв маяг байв. Гэвч Бурхан тэнгэр тэднийг гэсгээхээр шийдэж, лха тэнгэрээ ил­гээж, тэд бүрээ бишгүүрээ хангинуулж, эхлээд хэрмэн ханыг, улмаар садар са­муунд автсан хотыг нурааж цэвэрлэсэн тухай домогт өгүүлдэг.
2.Хамгийн сонирхолтой нь хотын ханыг зэр зэвсгээр биш харин лха тэнгэрийн бүрээ бишгүүрийн дуугаар ну­рааж буулгасан байна. Лха тэн­­­гэрийн бүрээ бишгүү­рийн дуу гэдэг нь Бурхан тэн­­гэрийн номын дуу гэсэн үг.
Берлиний хана, Хята­дын цагаан хэрэм, Иерихоны хэрмэн хананы тухай та бид дурсацгаав. Гэхдээ голдуу улстөрчдийн өгсөн дүгнэлт, түүхийн номонд тэмдэглэж үлдээ­сэн талаас нь сонирхов.
Уг нь эдгээр бодит хана хэрэм, ер нь аливаа хана хэрэм гэсэн ухагдахуун ганцхан улс төрчид, түүхч­дийн сонирхдог сэдэв биш билээ. Нийгмийн зүтгэлт­нүүд, сэтгэгчид, соёл урла­гийнхан үеийн үед хана хэрэмний тухай, тухайлбал Берлиний хананы тухай эрэгцүүлэн бодож, олон сонин бөгөөд содон бодол санаа илэрхийлж дэвшүүл­сэн байдаг.
Тэгэхдээ тэд “хана хэрэм” гэдэг үгийн цаана зөвхөн чулуун хана хэрмийг бус, бас хүмүүсийн хооронд буй болсон, хооронд нь ха­га­лан сөргөлдүүлж, дайсаг­нуулсан “үл ойлголцол, үзэн ядалтын хана хэрэм”-ийн тухай эргэцүүлсэн байдаг.
Дэлхийд алдартай “Пинк Флойд” хэмээх рок хамтлаг Берлиний ханыг нураасны дараахан буюу 1990 оны долоон сард алдарт “Хана хэрэм” (“The Wall”) концертоо Берлинд тог­лосон юм. 

Миний бага наснаасаа эхлэн сонирхож, бүтээлийг нь сонсож, үзэж ирсэн алдартай “Пинк Флойд” хамтлаг “Хана хэрэм” гэсэн том цомгоо 1970-аад оны сүүл 80-аад оны эхээр гар­гасан. Энэ цомог орчин үеийн хөгжмийн түүхэнд хамгийн олон тоогоор бор­логдсон давхар цомог гэж  тооцогддог билээ.
“Хана хэрэм” бол хүний түгжигдмэл, хаагдмал, боогд­мол нөхцөлд оршихын тухай сэдвийг голлосон цомог юм. Уг цомог Пинк хэмээх гол баатартай. Пинк эцгийнхээ үхэл хагацлын уй гашуу, ээжийнхээ хэт их хайр, энэрэл харамлалын дарамт, эхнэрийнхээ урвалт салалтын гутамшиг, багш нарынхаа бүдүүлэг дээрэн­гүй зангийн дарангуйлал гээд амьдралдаа олон саад бэрхшээлтэй учирч, тэр бүхнийг даван туулахын тулд бусдаас цэрвэн зай барьдаг болж, бага багаар зожгирч, нийгэм ч түүний өмнө “үүд хаалгаа” нэг нэгээр нь хаасаар, эцэст нь нэг л мэдэхэд нийгмээсээ тусгаарлагдаж, Пинк ба нийгмийн хооронд нэг ёсны “Хана хэрэм” үүссэн байдаг. Чухам ийнхүү хү­нийг нөгөөгөөс нь, бусдаас нь, нийгмээс нь тусгаар­ладаг, нийгмийг хүнээс холдуулж хөндийрүүлдэг “хана хэрэм”, “хананууд”-ын тухай, хүн нийгэм хэ­мээх томоохон “хана хэрэм”-ний жижигхэн “туй­пуу” болж хувирдаг тухай “Хана хэрэм” цомогт өгүүлдэг.
“Пинк Флойд” хамт­лагийн хамгийн чухал дуу­нуудын нэг хэмээн тооцогддог “Хананы нэг туйпуу” (“Another brick in the wall”)  хэмээх дууны үгийг дор сийрүүлье.
Another Brick in the Wall (Part 1)
Daddy’s flown across the ocean
Leaving just a memory
Snapshot in the family album
Daddy what else did you leave for me?
Daddy, what’d’ja leave behind for me?!?
All in all it was just a brick in the wall.
All in all it was all just bricks in the wall.
“You! Yes, you! Stand still laddy!”
        
Хананы нэг туйпуу (1-р хэсэг)
Их далай дээгүүр
     эцэг минь нисч одов.
Гэрийн цомогт
гэрэл зураг нь л үлдэв.
Аав аа, та энд өөр юу үлдээв?
Аав аа, надад юу ч үлдээгээгүй юм уу?
Хаашаа ч харсан хана.
Хананы туйпуунууд.
“Хөөе, чи! Тийм ээ, чи!
Хөлөө тэгш! Но-о-мхон!”

Another Brick in the Wall (Part 2)
We don’t need no education
We dont need no thought control
No dark sarcasm in the classroom
Teachers leave them kids alone
Hey! Teachers! Leave them kids alone!

All in all it’s just another brick in the wall.
All in all you’re just another brick in the wall.
We don’t need no education
We dont need no thought control
No dark sarcasm in the classroom
Teachers leave them kids alone
Hey! Teachers! Leave them kids alone!
All in all it’s just another brick in the wall.
All in all you’re just another brick in the wall.
“Wrong, Do it again!”
“If you don’t eat yer meat, you can’t have any pudding.
How can you have any pudding if you don’t eat yer meat?”
“You! Yes, you behind the bikesheds, stand still laddy!”

Хана туйпуу л харагдана (2-р хэсэг)
Бидэнд худлаа боловс­рол хэрэггүй
Бидний  бодлыг хэн ч боох эрхгүй
Анги дотор битгий дарамтал
Алив, багшаа, наад хүүхдээ зүгээр орхи.
Алив, багшаа, наад хүүхдээ зүгээр орхиоч!
Хаашаа ч харсан хана туйпуу л харагдана.
Хаашаа ч тэмүүлсэн хананы туйпуу л болно чи.
Бидэнд худлаа боловс­рол хэрэггүй
Бидний бодлыг хэн ч боох эрхгүй
Анги дотор битгий дарамтал
Алив, багшаа, наад хүүхдээ зүгээр орхи.
Алив, багшаа! Наад хүүхдээ зүгээр орхиоч!
Хаашаа ч харсан хана туйпуу л харагдана.
Хаашаа ч тэмүүлсэн хананы туйпуу л болно чи.
“Муу, онц муу. Дахин хий!”
“Махаа идэхгүй бол чихэр өгөхгүй”.
“Чихэрт дуртай бол махаа ид”.
“Чи!
Тийм, чи!
Дугуйгаа орхи,
дороо номхон зогс!
Берлиний хананы түүхээс ч, энэ дууны үгнээс ч харахад улс орнуудыг нэг нэгнээс нь тусгаарласан, дайсагнал зөрчилдөөний илэрхийлэл болсон Бер­линий хана зэргийн нүдэнд харагдахуйц хана хэрэм ч байна, улс орон дотор хү­мүүсийг нэг нэгнээс нь салгаж холдуулсан, хүн ба нийгмийн хооронд сүүдэр­тэн боссон, нүдэнд үзэгдэж харагдахгүй ч бодитой хана­наас дутуугүй бат бэх орших “хана хашаа” ч байна.

Хүн хагарлын “хана хэ­рэм” босгож болохгүй, бас хананы “тоосго туйпуу” болж болохгүй.
Ер нь хүмүүсийг нэг нэгнээс нь салгаж тусгаар­ласан “хана хэрэм” олон байна. Ийм “хананууд” янз янзын нэртэй, тодруулан хэлбэл “хүнд суртал”, “хээл хахууль”, “үзэн ядалт”, “шударга бус явдал”, “баян, ядуугийн ялгаа”, “ядуурал”… Тэр “хананууд” байгаад буй нь голдуу шударга бус бай­далтай, нийгмийн тогтол­цоо гаж буруу байгаатай холбоотой.
Ийм “хананууд” байгаа цагт монгол хүн эрх чө­лөөгөө жинхэнэ ёсоор нь буюу өөрт ашигтай, гэхдээ бусдад хор хохиролгүйгээр эдэлж, өөрийнхөө авъяас чадварыг нээн хөгжүүлж, амьдралдаа тавьсан зорил­годоо хэзээ ч хүрэхгүй. Амьдралдаа зорилго ч тавихгүй.

Эрх чөлөө бол дураараа байхын нэр биш, харин “хүнд суртал”, “шударга бус явдал”, “хээл хахууль”, “хуйвалдаан” зэрэг “хана­нууд”-ыг мөргөлгүй өндөр боловсролтой, эрүүл бие бялдар, саруул оюун ухаан­тай болох, зөв ёс сурта­хууныг өөртөө буй болгох, ажил хөдөлмөр эрхлэх, нийг­мийг олон хэсэгт ху­ваасан “хананууд”-ын нэг “тоосго туйпуу” бололгүй улс орондоо, хамт олондоо, найз нөхөддөө, гэр бүлдээ ээлтэй хүн болж мод мэт дэлгэрч хөгжихийн нэр юм. Эрх чөлөө бол их залхуурал биш, харин их хөдөлмөр билээ.
Хүмүүс, улс түмнийг нэг нэгнээс нь салган тус­гаарласан чулуун хана хэрэм босгох нь сайн үйл­дэл биш гэдгийг бид Бер­линий хананы жишээн дээ­рээс ойлгосон. Гэхдээ хүмүүс тэр хана хэрмийг нүдээрээ харах, гараараа барих бололцоотой байдаг учир шүүмжилнэ. Эсэр­гүүцнэ. Шүүмжилж, эсэр­гүүцсээр байгаад бүр ну­раалгаж чадна.

Харин нүдэнд харагд­даггүй боловч нийгмийг хэд хэдэн хэсэгт хуваасан шу­дарга бусын “хана хэрэм”-нүүд чулуун хана хэрэм­нээс илүү аюултай. Харагд­даггүй, баригддаггүй учир шүүмжлэхэд хэцүү, шүүм­жиллээ гэхэд тийм амар нурахгүй, боссон, нурсаны аль аль нь амархан ойл­гогдохгүй.

Гэхдээ хүмүүс, ялан­гуяа албан тушаалтнууд “хана хэрэм” босгож буйгаа өөрсдөө ойлгодоггүй, мэд­дэггүй. Харин ч эхэндээ нийгмээ хөгжүүлнэ, элд­вийн саад бэрхшээлийг давна, хүндрэлийг гэтэлнэ гэх зэргээр сайн сайхан юм ярина.
Гэтэл үнэн хэрэг дээрээ хэлсэн үгнээсээ буцаж эхэлс­нээр, албан тушаалаа урвуулан ашигласнаар, ал­бан тушаалд хэт шунах болон албан тушаалтайгаа үхэлдэн зууралдаж, түүнд хүрэх болон түүн дээрээ тогтохын тулд аль муу арга чарга хэрэглэснээр, дэргэ­дэх ханиа, нөхдүүдээ, ул­маар олон түмнийг хуурч мэхэлснээр, тэднийхээ хэлж буй үгийг сонсох, зовлонг нь олж харах чад­варгүй болсноор олон “хана хэрэм” босгож, нийгмээ олон хэсэг болгон хувааж, харин ч жинхэнэ шударга бус явдлыг өөгшүүлэн дэм­жиж, тэр “хананууд”-ын цаана амь бөхтэйгөөр нууг­дан орших нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг.
Исаак Ньютон: “Хү­мүүс олон хана босгох мөрт­лөө цөөн гүүр барих юм даа” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Нээрээ л үнэн. Ямар ч байсан бодууштай үг.
Хүмүүс газар дээр чулуун хана хэрэм барина, бас сэтгэлдээ үл ойлголцол, үзэн ядалтын “төмөр хана” босгоно. Өдөр бүр эргэн тойрондоо ямар нэгэн “хана хэрэм” босгоно. Сэт­гэлд буй болсон “хана” чулуун хана хэрэмнээс ч илүү бат бэх оршино.
Үндэстнүүдийн хоо­ронд, нийгмийн давхар, бүлгүүдийн хооронд, хүйс­нүүдийн хооронд олон дав­хар “хана хэрэм” боссон байна. Эцэг эх ба хүүх­дүү­дийн хооронд, эхнэр нөхрийн хооронд, шашинуудын хооронд олон “хана хашаа” байна. Бид бас сэт­гэлдээ “хана хэрэм” бос­гож, хоорондоо дайсаг­налц­сан олон хэсэг бүлэг болж хуваагдсан байна.

Баян, ядуугийн ялгаа ихсэх, нийгэм гүнзгий бухим­далд автах, төр засаг “цөөнх” юм шиг болсон олон түмний бус, “олонхи” мэт болсон цөөн хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг, тэднийг хамгаалдаг болох зэрэг нь төр засаг ба ард түмний хооронд өндөр, бат бэх “хана хэрэм” боссоныг нотолно.
Тийм “хана хэрэм”-ний цаана “нуугдсан” төр зас­гийн “нүд нь сохор”, “чих нь дүлий”, “ухаан нь самуур­сан” байдалтай байдаг.

“Нүд нь сохор” учир зовж зүдэрч буй ард түм­нийхээ амьдралын зовлонг “олж харахгүй”, “дүлий дүмбэ” учир ард түмнийхээ шаардаж, хүсч буйг “сон­сохгүй”, ямар сайндаа сон­гуулийн амлалтаа өгөхийг шаардахад хариуд нь “таг чиг” оргино, эсхүл буруут­ныг шаардагчдаас өөрсдөөс нь “хайж олох”-ыг орол­доно, хаа нэгтэйгээс “хад­ны мангаа” тодруулж жүжиглэнэ.

Ийм төр засаг оршиж буй цагт бид хамтдаа нийтлэг эрх ашигтай нэг үндэстэн байж чадахгүй, харин тус тусдаа жижиг, жижиг сонирхолтой олон фракц, хэсгүүд болно, нэг нэгтэйгээ “хана хэрэм”-ний цаанаас харьцана.
Бид сэтгэлдээ үл ойл­гол­цлын “хана” босгос­ноор нэг нэгнийхээ амьд­ралыг эвдэж, орон гэрээ нурааж байна. Бид хүнд суртал, хээл хахууль, хуй­валдаан, шударга бус байд­лын “хана хэрэм” босгож, нийгмээ тогтворгүйжүүлж, улс орноо “нураах” шахаж байна.
Гэхдээ ийм нөхцөлд “хана хэрэм” босгосон албан тушаалтнууд буруу­тай болохоос биш “хана хэрэм”-ийг нураахыг зорьж байгаа ард түмэн буруудах ёсгүй. Учир нь хуйвалдаан, шударга бус байдлын “хана хэрэм”-ийг нураавал ойл­гол­цол, хөгжил дэвшлийн “гүүр” тавигдана.

Америкийн Нобелийн шагналт яруу найрагч Роберт Фростын “Хана хашаа засахуй” (“Mending wall”) хэмээх алдарт шүлэг байдаг. Утга зохиолын дээд сургуулийн дотуур байрны нэг өрөөний хөрш Махти маань энэ шүлгийн “Хашаа болгонд хүн багтах нүх заавал гардаг” гэсэн мөрийг сав л хийвэл иш татдаг байж билээ.

Уг шүлэг “Хана хашаанд дургүй юм хаа сайгүй байдаг” (“Something there is that doesn’t love a wall”) гэсэн гүнзгий утга агуулга бүхий мөрөөр эхэл­дэг. Кеннеди Ерөнхийлөгч Берлиний хананы дэргэд хэлсэн алдарт үгээ чухам­хүү энэ мөрөөр эхэлсэн байдаг.
Энэ шүлгийн бас нэгэн санаа бол “Сайн хашаатай байвал сайн хөрштэй байна” (“Good fences make good neighbours”) гэсэн мөр билээ.
Роберт Фрост тэр үеийн ЗХУ-д айлчлаад ирснийхээ дараа “Оросууд миний “Хана хашаа засахуй” шүлгийг хэвлэсэн байна. Гэхдээ эхний мөрийг (“Хана хашаанд дургүй юм хаа сайгүй байдаг”) хасч хэвлэжээ. Тэгээд шүлэг яаж эхэлнэ гэж бодож байгаа юм бол доо?” гэсэн гэдэг. Харин тэр үед Зөв­лөлт засаг тус шүлгийн “Сайн хашаа байвал сайн хөрштэй байна” гэсэн мө­рийг их ач холбогдолтой хэмээн ойлгож шүлгээс нь хасаагүй байдаг. Эндээс хэн, хэзээ энэ шүлгийн юуг нь сонирхон авч үлдэж байв, юуг нь сонирхохыг хүсэхгүй, бүр санаатайгаар хасч байв гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз?

Энд мөн Орос, Аме­ри­кийн алдарт яруу найрагч, Нобелийн шагналт Иосиф Бродскийн “Берлиний хана­ны аялгуу” (“The Berlin Wall Tune”) хэмээх шүл­гийг дурдахгүй өнгөрч бо­лохгүй. Намайг Москвад оюутан болж очиход өмнө­хөн нь Бродский тэр үеийн ЗХУ-аас хөөгдчихсөн, бүтээ­лүүд нь хоригдчихсон байж билээ. Манай курсын оюутан Киктенко түүний шүлгүүдийг бараг бүгдийг нь цээжээр мэддэг байсан тул бидэнд уншиж өгдөг байлаа. Ингэж миний бие Бродскийн шүлгүүдтэй анх танилцаж, амт шимтийг нь мэдэрч, яруу найраг хэмээх ээдрээтэй үзэгдлийн тухай ойлголтоо баяжуулж билээ. Дашрамд хэлэхэд саяхан соёлт хүн төрөлхтөн энэ аугаа яруу найрагчийн мэндэлсний 70 насны ойг нь хүндэтгэлтэйгээр тэмдэглэсэн билээ.

Бродскийн түүх нам­тартай танилцаж байхад бас нэг зүйл ойлгогдсон нь өөр үзэл бодолтой хүнийг хөөн тууж, цагдан мөшгөж, орон шоронд оруулан байж асуудлыг “шийдэх” гэж оролдох биш, энэ нь өнгөц харахад Сталины “Хүн байх­гүй бол асуудал байх­гүй” хэмээн өрсөлдөгчөө, эсхүл өөр санал бодолтой хүнийг устгадаг аргаас арай боловсронгуй мэт санагдах боловч үнэн хэрэг дээрээ нэгэн агаар бүхий харгис хэрцгий арга мөн, харин өөрийн чинь бодож санаснаас өөр ч гэсэн зөв зүйтэй юм ярьж, хэлж, сэтгэж байвал түүнийг нь сонсох чихтэй, харах нүдтэй, ойлгох ухаантай байх нь зүйтэй гэсэн ухаарал юм.

Энэ шүлгийн:

Where no life forms can exist at all  and objects may only fall.            буюу
Амьдрал тэр чигээрээ алга болдог газар
Аливаа юм өөдлөх биш, урууддаг газар гэсэн мөр, тухайлбал Берлиний хана, цаашилбал ер нь хана хэрэмний тухай Бродскийн бодол санааг тод илэрхийлж байна. Нээрээн л хана хэрэм байгаа газар амьдрал алга болно доо.

Хана хэрэм гэхээр бид голдуу дан хана хэрэмний тухай ярина, бодно. Гэтэл хана хэрмийг давхраар, эсхүл бүр “төөрдөг байшин”-гийн хэлбэрээр ч босгож болно.
Бидний багад “Хүүх­дийн парк”-д “Төөрдөг байшин” хэмээх тоглоом байдаг байсан. Нэг талынх нь хаалгаар ороод нөгөө талын хаалгаар гарна. Дунд нь төөрвөл олон мухар хана, булан мөргөж сандарна. “Хана мөргөх” гэж монголчууд их л оновчтой хэлдэг байхаа?

Харин олон хана бүхий “төөрдөг байшин” үүссэн түүх домгийг сонирхвол эртний Герегийн алдарт уран гартан Дедал түүнийг Критийн хаан Миносын захиалгаар зохиож, өөрийн гараар барьж бүтээсэн аж. Өнөө өдүүдийг нь лааны тосоор хооронд нь нааж урласан далавч хийж нисч яваад наранд хэт ойртсон тул лааны тос нь хайлж, далавчных нь өдүүд салсан тул далайд унаж живсэн Икарын аав Дедал мөн.

Критийн хаан Минос Дедалд “төөрдөг байшин” бүтээх захиалга өгөхдөө дотор нь Минотавр хэмээх бух толгойтой, үхэр сүүл­тэй, хүн биетэй аймшигт амьтныг байлгахыг зорьсон байдаг. Тэр аймшигт амьт­ны төрсөн түүх хүний нүгэлтэй шууд холбоотойг үүнийг уншигч та мэдэж байгаа бизээ.

Минотаврын иддэг хоол нь хүний мах. Минос хаан Афин хотын иргэдээс залуу­чуудыг нь шилж сонгож Минотаврыг хооллодог бай­сан тухай түүхэнд өгүүлдэг.
Хожим нь Афин хотын баатар эр Тесей олон давхар хана бүхий “төөрдөг бай­шин”-д байсан Мино­тав­рыг устгаж Афины залуу­сын амийг, ер нь хотоо аварсан гэдэг. Гэхдээ Ми­но­таврыг устгах нэг хэрэг. Харин тэр “төөрдөг бай­шин”-гаас тэндээ төөрч түгжигдэлгүй гарах нь түүн­тэй адил амаргүй хэрэг бай­сан юм. Тесей баатарт Ариадна бүсгүй тусалж дайснаа дарах илд сэлэм мөн боодол утас өгсөн гэдэг. Тесей “төөрдөг байшин”-д боодол утсыг хөврүүлж ороод Минотаврыг устгаад хөвөрсөн утсыг дагаж буцаж гарсан гэж домогт өгүүлдэг.

Хана хашаа дангаараа байхдаа ч, давхар болж “төөрдөг байшин” болохдоо ч зөрчил дайсагнал, хагарал төөрөгдөл, айдас хүйдэс дундаас буй болж, эргээд тэдгээрийг улам ихээр бий болгож, хүний нүгэл дун­даас буй болсон, бух ба хүн хоёрын дундах “Мино­тавр”-ыг нууж “хам­гаал­даг”.

Берлиний хана, Хята­дын цагаан хэрэм, Иерихон хотын хэрэм, Дедалын олон давхар хана бүхий “төөрдөг байшин”, Фростын шүл­гийн хашаа гээд энэ бүхнээс харахад хана, хашаа, хэрэм хад, мод, чулуунаас бүтдэг аж.

Гэтэл “Пинк Флойд”-ын “Хана хэрэм” цомгийн хана, хүмүүсийг хооронд нь болон нийгэм ба олон түмнийг дунд нь хуваадаг “хананууд” үзэн ядалт, үл ойлголцол, ядуурал, хүнд суртал, худал үг ба үйлдэл, хээл хахууль зэргээс бүтнэ.

Хад, мод, чулуун хана байгаа цагт, нураагүй цагт дэлхий дахин, хүн төрөлх­төн, улс орнууд “Хүйтэн дайн”-ы үе шиг хуваагдмал байдалтай байж, хоорондоо дайсагналцана.

Ядуурал, хээл хахууль, хүнд суртал байгаа цагт, тэдгээрийг арилгахын төлөө төр, засаг нь хуруу хөдөл­гөхгүй байгаа цагт, харин ч түүнийгээ байхгүй юм шиг царайлж нуухын тулд худал үг, үйлдлээр олон давхар “хана” босгож, түүнийхээ цаана өөрсдөө “нуугдах” гэж зүтгэж, тэндээ “төөрч” будилж буй цагт нийгэм хагарал зөрчилтэй, нийгэм ба олон түмний хооронд, хүмүүсийн хооронд улам их зай завсар гарч, зөрчил тэмцэл өрнөж хурцадна гэсэн үг.

Хүмүүс нь нийгэмдээ “мод” болж “ургаж цэцэг­лэх”-ийн оронд хүнд суртал, үзэн ядалт, ядуурлын том “хана хэрэм”-ийн нэг л “тоосго туйпуу” болж “үхнэ”. Хүний нүглээс буй болсон, бух толгойтой, үхэр сүүлтэй, хүн биетэй айм­шигт Минотаврыг ард түм­нийхээ нулимсаар ун­даалж, зовлонгоор нь хооллоно гэсэн үг болно.

Тэгээд одоо яах ёстой вэ? Ямар сургамж авах вэ? Нийгэмд буй, хүмүүсийн хооронд байгаа “хана хэрэм”-ийг “нурааж буул­гая”. Хамгийн том “хана хэрэм” болсон, анхнаасаа их юм хийж бүтээе гэхээсээ илүү айдас хүйдэст автсан нэг хүний албан тушаалаа баталгаатай байлгах зорил­гоор байгуулсан, хамтарсан нэртэй Засгийн газар, хуйвалдаанаар “сонгогдсон Ерөнхийлөгч”, тэдгээрийн эрхшээлд орсон, нэг ёсны “тоосго туйпуу” нь болсон УИХ хэмээх төр засаг-Минотаврыг “дарж”, ард түмнийхээ үнэн шударга сонголтыг хүндэтгэж, Үнд­сэн хуулийн үзэл баримт­лалд нийцүүлж, олон түм­нээсээ “айдаг”, тийм учир “хүн дүртэй”, үнэн үгтэй, хариуцлагатай үйлдэлтэй төр засгийг эмхлэн бай­гуулъя. Жинхэнэ ардчил­сан оронд төр засаг ба ард түмний хооронд өндөр “хана хэрэм” босдоггүй байх учиртай бөгөөд эрх баригчид олон түмнийхээ шүүмжлэлийг сонсдог, түүнээс хамгийн их “айдаг” байх ёстой билээ.

Ингэх нь юуны түрүүн МАХН ба АН-д аль алинд нь ашигтай. УИХ-д суудал­тай бусад намууд, гишүү­дэд гишүүнийхээ үүргийг чин шударгаар хэрэгжүү­лэхэд хэрэгтэй. УИХ ал­дагд­сан эрхээ эгүүлэн авч, ард түмнийхээ жинхэнэ төлөөлөл болж, улс орны өмнө тулгамдсан “асууд­лууд-хананууд”-ыг шийдэн буулгаж монгол хүн бүрт хүртээлтэй, бас хүртээмж­тэй хөгжлийг эрчимжүү­лэхэд хэрэгтэй. Ингэж чад­сан цагт нэг нь амлалтаа биелүүлэх гэж үнэнээсээ зүтгэнэ, нөгөөдөх нь өгүү­лэхийн тулд шахаж шаардана. Үр дүнд нь улс орон, ард түмэн хожно, чухам хэн нь хэн бэ гэдгийг ч сайн таниж мэднэ. “Өр төлбөрийн тогтолцоо” “хариуцлагын тогтолцоо” руу шилжих эхний алхам хийгдэнэ. Ард түмэн нь жаргах, албан тушаалтнууд зовох цаг ирнэ.

Уг нь хамтарсан Зас­гийн газар юуны түрүүн нэг сая таван зуун мянган төг­рөг өгнө хэмээн амлаж бай­гуулагдсан, харин тэ­рийгээ өгөлгүй өдий хүр­лээ, сануулахад уцаарлаж нэг үзээд, элдвийн шалтаг тоочиж нэг үзээд, болохгүй болохоор нь “буруутан” хайж олох гэж оролдоно. Ингэсээр амлалт нь өөрс­дийнх нь хүзүүг ороож, нэг ёсны гарах нүх, хаалгагүй “төөрдөг байшин” болж хувирч байна.

Хамтарсан Засгийн газар амлалтаа биелүү­лэхгүй удах тусам төр засаг ба ард түмний хооронд  буй болсон үл итгэхийн “хана хэрэм” улам зузаан, бас өндөр болно. Ер нь хамтар­сан Засгийн газар нэг сая таван зуун мянган төгрө­гийн амлалтаа биелүү­лэ­хийн төлөө биш, харин ч биелүүлэхгүйн тулд байгуу­лагдсан юм биш үү? гэсэн таамаглал улам бүр гүнзгийрч, бухимдал улам бүр нэмэгдэж, олон түмний төр засагтаа итгэх итгэл суларсаар байна.

Уран гоё үгээр илбэдэн ард түмнийхээ итгэлээр тоглож, цаанаа олон түмнийхээ шүүмжлэлийг үл хэрэгсэн, эрх ашгийг нь үл тоомсорлон дээрээс нэг даргын өгсөн чиглэл ша­хал­тын дагуу “Оюу толгойн гэрээ”-г яаруу сандруу байгуулсныг засч зал­руулъя, 7-р сарын 1-ний үймээний үеэр амь насаа алдсан залуусаараа “төөр­дөг байшин” болсон төрийн ордондоо залсан бух тол­гойтой, хүн биетэй “Мино­тавр”-ыг “хооллохоо” зог­сооё, үнэнийг сэргээн тогтооё, шударга төр засагтай болъё.

Ингэж хэлэх нь хатууд­сан болохгүй. Буруудах ч ёсгүй. Харин үүнийг хэлэх­гүй байх нь буруу үйлдэл болно. Буруу юмыг дэмж­сэн, өөгшүүлсэн хэрэг болно.
Хамтарсан Засгийн газар хэмээх саналыг анх гаргаж ирсэн хүн 7-р сарын 1-ний асуудлаар хариуц­лага хүлээхээс айн болгоом­жилж, хамтарсан Засгийн газар байгуулж, “өр төл­бөрийн тогтолцоо”-ны дагуу албан тушаал хуваа­рилж, хариуд нь энэ асуудлыг саармагжуулах, улмаар хариуцлага хүлээх эзэнгүй болгохыг бодсон нь түүнээс хойш өрнөсөн улс төрийн үйл явдлууд, мөн 7-р сарын 1-ний асуудлаар хэн, ямар буруутайг тогтоох болон хэнтэй, ямар хариуц­лага тооцох талаар юу ч өрнөхгүй байгаа зэргээс тод томруун харагдаж, бас ойл­гог­дож байна. Энэ асууд­лаар үнэнийг тогтоож, ха­риуц­лага тооцох нь зүйтэй гэж тухайн үед “үзэж” бай­сан нэгэн нэр дэвшигч хуй­валдааны дагуу “сонгогд­сон”-оосоо хойш таг чиг шахуу болов. Хүмүүс хуй­валд­сан, эсэхийг хамтарч юу хийж байгаагаар нь тогтоож мэдэхээс гадна бас юу хийхгүй байгаагаар нь ойлгодгийг тэд сайн ухаараагүй бололтой.

Тэгэхлээр хэн “Тесей баатар” болж, Минотаврыг “дарах” вэ? Хэн Ариадна бүсгүй шиг түүнд төрийн ордонд ороод “төөрөөд” алга болчихгүйн тулд шударга ёс, “хэлсэн үгэндээ эзэн болох” хэмээх зарчим, ард түмний эрх ашиг гэсэн бодол зэргээс бүтсэн “боодол утас”-ыг гарт нь атгуулах вэ?

ХЭЗЭЭ ВЭ?

Амлалтыг нь биелүүлүүлье гэж хүсч байгаа бол, “өр төлбөрийн тогтолцоо”-г халъя гэж бодож буй бол түргэн тусмаа сайн.

Яагаад хурдлах ёстой вэ? гэдгийн бас нэгэн чухал шалтгаан бол “Таван тол­гой”-н асуудлыг шийдэхтэй шууд холбоотой. Тодруул­бал, монголчуудын цааш­дын хөгжил дэвшлийн нэ­гэн амин чухал асуудал болсон “Таван толгойн уурхай”-н асуудлыг зөв, эсхүл буруу шийдэхтэй хол­боотой гэсэн үг. Хамтарсан Засгийн газар “Оюу тол­гой”-н асуудлыг хэрхэн буруу шийдсэнийг бид бүг­дээ­рээ харлаа. Хамтарсан Засгийн газар хэмээх бүтэц хариуцлага, шүүмжлэлийн гадна үлдэж байгаа тул томоохон асуудлуудыг ший­дэхдээ нийт ард түм­нийхээ дуу хоолой, шүүмж­лэлийг хамгийн сүүлд сон­сохчоон болдог, эрх ашгийг нь хамгийн сүүлд боддог юм байна, харин албан тушаал хуваарилсан нэг даргынхаа хурууны үзүүрээр хөдөлдөг юм байна гэдгийг бид сайн харж мэдлээ, ойлгож ухаарлаа. Энэ байдлаар манай улсын маань баялаг орд газрын үр шим, ашиг нь иргэн болгонд тэгш эрх­тэйгээр жигд хүртээгдэх шударга шийдвэр гарч ча­дах­гүй.  Ард түмэнд маань ашиггүй шударга бус шийд­вэр гарлаа гээд үүнийг бу­руутгаж шүүмжлэх субъект байхгүй. Бүгд ард түмний­хээ нөгөө талд гараад хам­тарчихсан хойно. Ийм туйлш­ралыг сэргийлж л   сөрөг хүчин байх ёстой гэсэн ардчилалын зарчим үйлчлэх ёстой биш билүү.  Магадгүй энэ Засгийн га­зарт боловсролтой сайн хүмүүс цөөн биш байх. Хувь хувьдаа тус бүртээ үүсэх нөхцөл, өрнөх үйл явдлыг эрүүл нүдээр харж шүүмж­лэлтэй хандаж байвч нийлж хуралдаад дундаасаа буруу шийдвэр гаргадаг нь буруу  улс төрийн тогтолцооны илрэл билээ. Хүн хэлэхээс нааш, цаас чичилхээс цааш гэхчлэн хамтарчихсан Зас­гийн газарт ард түмний эрх ашгийг хамгаалан өмнөөс нь үг хэлэх субъект байхгүй болсноор буруу шийдвэрүүд гарах магадлал эрс нэмэгд­лээ.   Одоо “Таван толгойн уурхай”-н асуудлыг хам­тар­сан Засгийн газар шийд­вэл буруу шийднэ гэдэг нь ойлгомжтой. Энэ чухал асууд­лыг шударга шийдүү­лэе гэж бодож буй бол төр засгаа нэн даруй Үндсэн хуулинд, шударга сонгуу­лийн үр дүнд нийцүүлэн эмхлэн байгуулах шаард­лагатай байна. Тэгж байж “Таван толгойн уурхай”-н асуудал, нэг сая таван зуун мянган төгрөгийн амлалтыг түргэн шуурхай, зөв зүйтэй шийдвэрлэе.

Эс тэгвээс “төөрдөг бай­шин”-д “нуугдаж” буй ал­бан тушаалтнуудын сонорт нь санал бодлоо хүргэх гэж зүтгээд болохгүй, бүтэхгүй байгаа нөхцөлд ядуурал, хээл хахууль, ажилгүйдэл, үл итгэлцэл хэмээх олон давхар “хана хэрэм” мөр­гөж, худал үг, үйлдлийн золиос болж амьдарна. Шударга бус байдал газар авна, бухимдал нэмэгдэнэ, хөгжил удааширна.

Уг нь үнэхээр ардчилсан оронд амьдарч байгаа бол ингэж “Минотаврууд”-ын нэг ёсны “хоол” болж амьд­ралаа золиосолж болохгүй. Учир нь ардчилал бол хүн өөрийгөө бүрэн нээж хөг­жүүлэх нөхцлийг хангадаг нээлттэй тогтолцоо мөн тул аливаа “хана хэрэм”-ийг нураадаг. Ямар ч байсан тэгэх л ёстой. Харин “өр төлбөрийн тогтолцоо” бо­ломжийг боогдуулж, хөгж­лийг боомилдог тул “хана хэрэм” босгож, түүнийхээ цаана “нуугдах” дуртай байдаг.
“Хана” босгосон хүмүүс “хана хэрэм”-ээ буулгах дургүй байдаг. Харин шу­дарга ёс тогтоохыг хүссэн, “тоосго туйпуу” болохыг хүсээгүй ард түмэн тэр “хана хэрэм”-ийг нураадаг. Хүн төрөлхтний туулж ирсэн түүх ч ийм билээ.
     *           *    *
Жич:

Нийтлэлд хөндөж дэв­шүүлсэн асуудал, сэдвээр санал бодлоо zuuniimedee@yahoo.com хая­гаар ирүүлэхийг урьж байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруу­гүй, бүлээн усаар угаа­вал хиргүй” хэмээх ардын мэргэн үг бий. Гүжирдлэг, гүтгэлэг, мушгин гуйвуулах биш, хөнд­сөн асуудал дэвшүүлсэн арга замын талаар ухаан бодлоо уралдуулъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж