
Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд амралтынхаа хугацаанд бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа. Эхний ээлжийн “Гавшгай 15 залуу” багийнхан авто замын ажилд дайчлагдан орон нутагт ажиллаж буй бол дараагийн ээлжийн залуус уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажиллахаар өчигдөр Улаанбаатар хотоос морджээ.
Тэдгээр залуус МУИС, ШУТИС-ийн Геологи эрдэс баялгийн менежмэнт, Уул уурхайн ашиглалтын технологи, Шатах ашигт малтмалын геологи мэргэжлээр суралцаж байгаа хоёр, гуравдугаар курсын оюутнууд аж. Нэг сарын хугацаатай тус үйлдвэрт ажиллана. Сарынх нь цалин 500 мянган төгрөг, дээр нь үйлдвэрийн зүгээс урамшуулал мөн олгоно. Үндсэн цалин болох 500 мянган төгрөг нь “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад олгогдож байгаа юм.