Тавантолгойгоос толгойтой бүхэн хувь хүртэж, компанитай болгон өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Тавантолгойгоос толгойтой бүхэн хувь хүртэж, компанитай болгон өрсөлдөнө

Ерөнхий сайдын өнгөрсөн долоо хоногийн ням гарагт хийсэн “Тавантолгойгоос ир­гэн бүрт хувь хүртээж, үн­дэс­ний аж ахуйн нэгжүүдэд хувь эзэмшүүлнэ” гэх мэдэгдэл өдгөө олон нийтийн дунд ид шуугиан дэгдээж байна. Ашигт малтмалын тухай хуулийн “Стратегийн ач холбогдол бүхий орд газрын 10 хувийг дотоодын хөрөнгийн биржээр борлуулна” гэсэн заалт Оюутолгойн ордод хэрэгжээгүй ч Тавантолгойд бол “ок” болох нь гэх тэдний итгэл найдвар өдгөө эх орныхоо эзэн болохыг нь баталж өгсөн мэт баяр хөөр дагуулж буй. Улмаар аж ахуйн нэгжийн захирлууд ч бөөн баяр. Компанигүй нэг нь компани байгуулж, компанитай нэг нь шуудхан Тавантолгойгоос хувь эзэмших боломжтой гэдгээ тунхаглах болж. Тэгвэл дээрх мэдэгдлийг утга нь та бидний хөөрөн баясахтай утга нэг биш бололтой. Учир нь, иргэн бүрт Тавантолгойн ашгаас хувь хүртээх хувьцааг нь олгодгоороо төр олгоно. Харин аж ахуйн нэгжийн тухайд дотоодын хөрөнгийн биржээр борлуулах хувь­цаа­ны борлуулалтаас худалдаан авч, өөрийн ашгийг босгох ёстой аж. Ингэснээр Монгол Улсын байгалийн баял­­гийн хуваа­рилалт, капи­талист нийг­мийн мөн чанарт жин­хэнэ утгаараа хувирах бө­гөөд цаашид хэрэгжүүлэх ст­ратегийн ач холбогдол бүхий орд газрын бүтээн байгуулалт ч энэ утгаар хэрэгжинэ. Нэг ёсны энэ нь компанитай бүхэн ямар ч төлбөр, хөрөнгө оруулалт үгүйгээр хувьцаа эзэмшиж, ноогдол ашиг хүртэх тухай ойлголт Тавантолгойд байхгүй гэдгийг дуулгая. Ийн хөөрцөглөхийн оронд та дотоодын биржээр худалдах хувьцаанаас худалдаж авснаар 1.184 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүрдүүлж, жилд 30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай ашиглах эрхтэй болохын төлөө ажиллах ёстой болох нь.
Харин “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн тухайд Засгийн газарт дотоодын хөрөнгө оруулагчдыг Таван­тол­гойд оруулах ёстой гэдэг сигнал өгснөөрөө тэд анхдагч хувьцаа эзэмшигч болж мэдэх юм.

Тэнд сая төгрөгөөр өөрийн нэрийн дансыг нээж, үндэсний нэгдлээс ирээдүйн ашиг руу хөтлөх замаа сонгосон 1800 гаруй аж ахуйн нэгжийн хувьд ийн асуудал нь тодорхой болсон гэхэд болно. Гэхдээ дотоодын зах зээлд борлуулах хувьцаа нь нийт хувьцааны арван хувьтай тэнцэх ёстой гэдгийг мартаж болохгүй биз. Түүнчлэн “Талбай I”, “Талбай II” гэж хуваасан Тавантолгойн ордын эхний хэсгээс л монголчууд хувь хүртэнэ. Ингэснээр хоёрдугаар хэсгийг нь шууд гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх бөгөөд тэндээс Засгийн газарт өөрт ногдох ёстой ногдол ашиг, татварын орлого, усны болон газар ашигласны төлбөрөө авах бололтой.

Ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлцэл ид эрчимжиж байна. МАХН хийгээд Ардчилсан намын бүлэг дээр ч асуудлыг дээрх хувилбараар тогтсон байгаа. Энэ нь УИХ-аар хэлэлцэх үеэр эсрэг саналтай гишүүдийн цөөнх болж, ердөө л чуулганы хуралдааны протоколд түүх болон үлдэнэ. Нэг ёсны бүх асуудал зарчмын хувьд шийдэгдсэн гэсэн үг. Мэдээж хөрөнгө оруулагч нь хэн байх, дэд бүцтийнх нь сүүлчийн тохиргоог хэрхэн хийх нь өдгөө хэлэлцүүлгийн түвшнээс хараахан халиагүй.

Мэдээж, нүүрс баяжуулах үйлдвэрийг Сайншандад босох үйлдвэрийн паркийг түшиж байгуулах, төмөр замыг нь Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд барих санал хамгийн хүчтэй яригдаж буйг эс тооцвол шүү дээ. Төмөр замыг УИХ-аас Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хувилбараар шийдсэн тохиолдолд хөрөнгө оруулагчид энэ замаар л төмөр зам барих ёстой болно. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд “Хөрөнгө оруулагч нь улсын болон орон нутгийн чанартай автозам, дамжуулах хоолой, бусад автозамын барилга байгууламж, төмөр замыг барьж байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөнө” гэж заасан байгаа. Энэ нь эргээд оросуудад их боломжийг нээж өгч болох юм. Хятадын хувьд гэхэд Сайншандад босгох аж үйлдвэрийн паркт босгох нүүрс боловсруулах үйлдвэрийг түшихээс өөр сонголтгүй болно гэсэн үг. Мөн цахилгаанаа хаанаас авах вэ гэдгийг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд дотоодын эх үүсвэрээс гэж оруулсан байна билээ. Оюутолгойн орд газрын тухайд ч Хөрөнгө оруулалтын гэрээнд ийм заалт байгаа ч анхнаасаа ачааллаа даахаа байсан манай цахилгаан станцуудаас авах боломжгүй гэдгээ “Айвенхоу майнз” болоод “Рио Тинто”-ийн удирдлагууд мэдэгдсэн. Иймд эхний ээлжинд дизель станц байгуулж, тэр хүртлээ урд хөршөөс цахилгаан татах санал Оюутолгойн ордод хамгийн эрчимтэй хэрэгжиж буй. Тэгвэл Тавантолгойн хувьд ч тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулахаас нааш эрчим хүчийг хаанаас вэ гэдэг нь асуултын тэмдэгтэй үлдэх нь тодорхой.

Бас нэгэн хаалттай асуудал нь Тавантолгойн ордын өртөг хэд вэ гэдгийн бодит хариулт нь юу гэдгийг яг таг оноосон тооцоо байхгүй гэхэд болно. “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийнхний тооцоогоор бол багаар бодоход 450 тэрбум ам.долларын үнэлгээтэй гэсэн. Харин тэдний эсрэг талд 10 тэрбум ам.долларын үнэлгээ ч яригдаж буй. Иймээс ч Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр Тавантолгойн ордоос иргэд хэр хэмжээний хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулагчид нь жилд хэдий хэрийн ашиг олох тухай урьдчилсан тооцоо байхгүй байна билээ.

Гэхдээ хөрөнгө оруулагчтай нүүрс олборлолтын гэрээ байгуулах замаар дэд бүтэц, нэмэлт хайгуулын санхүүжилт, менежмент гээд бүх ажлаа даалгана гэдгээ Засгийн газар ил тодоор зарласан. Энэ нь хөрөнгө оруулагч талын гаргасан зардал болоод эрх ашгийг Монголын тал хамгийн уян хатан байдлаар, хамгийн тогтвортой орчинд хамгаалах ёстой гэдгийг цаад утгаараа баталгаажуулж буй хэрэг. Тэдний энэхүү баталгааны үнэ нь хөрөнгө оруулалтад төсөвлөсөн 800 саяас нэг тэрбум ам.доллар. Дэд бүтцийн төслүүдэд нь хоёр орчим тэрбум ам.доллар зарцуулах ёстой. Харин Засгийн газар Тавантолгойн бүтээн байгуулалтын төлөө нэг ч төгрөг гаргахгүй. Гаргах боломж ч байхгүй учраас хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг Оюутолгойн хувь эзэмшигчдээс ч илүүтэй хамгаалахаар шийдсэн бололтой. Дээр нь,”Хүний хөгжлийн сан”-г санхүүжүүлэх зорилготой төсвийн гадуурх орлогыг хөрөнгө оруулагчдаас авна. Тэрхүү урьдчилгаа төлбөрийн хэмжээ эцэслэн шийдэгдээгүй ч эхний ээлжинд 0.5-2 тэрбум ам.доллар хүртэлх ирээдүйн ашгаасаа төлөх зээллэг яригдах нь тодорхой болсон.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс МГЛ”-д өөрсдийн саналыг хадгалуулсан 11 орны хөрөнгө оруулагчид төлөвлөгөөгөө эргүүлэн татаагүйг бодоход тэдэнд Засгийн газрын санаачилга таалагдаж байж болох юм. Тавантолгойн хөрөнгө оруулагчийн төлөөх уралдаанд Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стил энд Пауэр”, БНСУ-ын 11 компаниас бvрдсэн консорциум, ОХУ-ын хоёр компанийн консорциум, АНУ-ын “Пибоди Энержи” болон БНХАУ-ын “Шинхуа Энержи” компанийн хамтарсан консорциум, Япон улсын “Мицуи энд Ко” компани, мөн улсын “Иточу” корпорациар ахлуулсан “Сожиц”, “Марубени”, “Сумитомо” зэрэг дөрвөн компанийн консорциум, Швейцарь-Австралийн “Экстрата” компани, ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг, БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” группууд оролцож буй тэдний дунд тавих нэг гол болзол нь жилдээ 15-30 хүртэл сая тонн нүүрс олборлох технологийн болоод маркетингийн хүчин чадалтай байх ёстой гэдэг шалгуур.

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд байгаа өөр нэгэн сонирхолтой заалт бол хөрөнгө оруулагчийн туслан гүйцэтгэгч нь хэн байх вэ гэдэг асуудал. Энэ асуудлыг дотоодын үйлдвэрлэгчид гадаадын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх замаар бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр тусгасан. Хэрэв гадаад туслан гүйцэтгэгчийн санал манайхаас хямд, чанартай, найдвартай байвал Засгийн газар заавал Монголоос гэж хатуу болзол тулгахгүй гэнэ. Ажиллах хүчний тухайд ч Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 90 хувийг нь монголчуудаас бүрдүүлэх ёстой ч үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг босгох явцад дээрх заалтыг 60 хэмээн бууруулсан байгаа.

Нэг талаасаа туслан гүйцэтгэгч, нөгөө талаасаа хөрөнгө оруулагч хийгээд гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх гадаад түншийн хувьд “Эрдэнэс МГЛ”-ээр дамжуулж Монголын Засгийн газартай харилцана. “Эрдэнэс МГЛ” үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчийн хийх ажилд хяналт тавьж, Төрийн өмчийн хорооны төрийн өмчит аж ахуйн нэгжид хяналт тавих ёстой үүргийг Тавантолгойд гүйцэтгэнэ.
Монголын талд ирэх нэг давуу эрх байгаа нь хөрөнгө оруулагч тал буруутай үйл ажиллагаа явуулбал “Эрдэнэс МГЛ” Засгийн газарт гэрээг цуцлах саналыг шууд оруулах ёстой гэсэн заалт. Мөн төр Тавантолгойг 100 хувь эзэмшиж буйн баталгаа болсны зэрэгцээ хөрөнгө оруулагч тал өөрсдөд ногдох хяналтын багцыг бусдад шилжүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах эрх Засгийн газарт бий.

Өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зөв гэдэг шийдвэрт гишүүд хүрсэн. Мөн Засгийн газар “УИХ-аар “Өмнийн говь” дэд бүтцийн төслийг хэрхэн шийдэх, Сайншандын аж үйлдвэрийн паркийг хэрхэн байгуулах шийдэлд хүрэхээс бүх зүйл хамаарна” гэдэг тайлбар хийж буй. Энэ бүхний эцэст Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэх замаар иргэн бүрт хувь эзэмшүүлж, хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгж бүр Тавантолгойгоос ашиг хүртэнэ гэдэг нь л хамгийн тодорхой хувилбар нь бололтой. Харин бусад асуудал нь дараалсан олон асуултын тэмдэгтэйгээр чуулганы танхимд орох нь ээ.

Эцэст нь Тавантолгойн нэг хүндрэлтэй асуудал нь олборлолт явуулахад шаардах ус дутах тухай аж. Хангалттай устай байлаа гэхэд жилд 60 сая тонныг л олборлох боломжтой. Гэтэл одоогийн судалж, тогтоосон усны нөөцөөр 15 сая тонныг л олборлох боломжтой. Үүнийг Засгийн газар 15-30 сая тонн болгон өсгөж олборлоно гэж тооцсон. Тэгэхээр Тавантолгойд хамт хөндөх дараагийн нэг сэдэв нь Хэрлэн гол хийгээд Орхон гол төсөл байх ажээ.

Г.Отгонжаргал.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж